Бид ромчууд уу?

rome-lwr

Тусламж, тэтгэлэгт олгох хэдэн сая доллар. Зогсолтгүй өсөх улсын өр төлбөр. Төв банкинд төвлөрсөн их эрх мэдэл. Улсын сан хөмрөгөөс хумслахаар алалцах ашиг сонирхлын бүлгүүд. Хувийн хэвшлүүдэд зориулсан тоо томшгүй олон журам, зохицуулалт. Сонгууль дөхүүт олшрох ард түмний нэр баригчид. Бүтээсэн бүхэндээ төлөх өндөр татвар. Нэгэн үе үнэлэгдэж асан хүний эрхэм чанар – эр зориг мохсоор буй явдал. XXI зууны Америкт танил дасал болсон эдгээр зүйлс тэртээ хоёр мянганы өмнөх Ромын халамжит төрд ч байсан шинжүүд.

 

Эртний Ромын түүх бүгд найрамдах улс хэлбэрээр 500 шахам жил, эзэн хаант автократ засагтайгаар мөн л 500 орчим жил, Христ мэндэлсэн үетэй давхцах шилжилтийн он жилүүд гээд мянга гаруй жилийн тэртээгээс улбаатай билээ. Түүхч Томас Маддэн 2008 онд гаргасан Итгэлцлийн эзэнт гүрнүүд бүтээлдээ Ром болон Америкийн соёл иргэншил хоорондын хамгийн ойрын огтлолцлуудыг харуулсны сацуу Ром улс эхний хагас мянганд бүгд найрамдах засаглалтай байсныг өгүүлсэн байдаг. Бид эдүгээ тэрхүү өнгөрсөн үеэс хамгийн сургамжтай, анхаарууштай хичээлийг суралцаж болохоор. Бүгд найрамдах тогтолцоо задарсны дараа тогтсон тус улсын бууралт, мөхлийн сурвалж болсон эзэнт гүрний дарангуйллын дэглэмийг америкчууд бид тойрон өнгөрсөн азтай. Ромчуудын туулж өнгөрүүлсэн бүхнээс хамгийн онцлууштай нь тэдний туршлага гагцхүү ромчуудад халгаатай байгаагүй явдал юм. Тодруулбал “Үнэт зүйлээ алдсан ард түмэн эрх чөлөөгөө хадгалан үлдэж чадахгүй” гэх хүн төрөлхтөнд хамаарах сургамжийг тэдний түүх өгсөн гэхэд хилсдэхгүй.

Бүгд найрамдах засаглал тогтон байх үеийн Ромын нийгэм үндсэндээ цөөн хэдэн малчин, тариачинтай хөдөө аж ахуйд суурилсан байв. МЭӨ II зуун гэхэд, илүү өргөн хүрээтэй аж ахуй эрхлэгчид бий болсон. Италид энэ үед хотжилт явагдаж байлаа. Улс хоорондын худалдаа хийгээд нүүдэл суудлаар эрчимжсэн Ромын эдийн засгийн санал болгож буй боломж хийгээд өсөлт олон хүнийг тус хот руу татсан байдаг. Хөгжил цэцэглэлтийг бий болгосон хүчин зүйлс нь гагцхүү чөлөөтэй худалдаа эрхлэх орчин, хязгаарлагдмал төр хийгээд хувийн өмчийг дээдэлсэн явдал байв. Энэ бол худалдаачид болон аж ахуй эрхлэгчдийн дунд эрүүл өрсөлдөөн өрнөж байсан үе.

Хэн ч ромчуудыг либертари нийгэм байгуулсан гэж үзэхгүй нь мэдээж. Хэдий дутагдалтай зүйл олон байсан ч тэд төрийн эрх мэдлийг хазаарлах гэхчлэн олон талаар эрх чөлөөг өндөрт өргөж байв.

Эрх чөлөөт иргэний зайлшгүй шинж болсон ромчуудын эр зоригтой, хөдөлмөрч, бие даасан хийгээд өөрөө өөртөө эзэн байх чанар нь тэдэнд эрх чөлөөт нийгмийг байгуулах суурь болж, мөн тэрхүү нийгмээ олон зууны туршид хадгалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Эрүүл ахуй, боловсрол, банк санхүү, уран барилга, худалдааны салбарт ромчуудын хүрсэн гайхалтай ололтууд үнэхээрийн домог болон мөнхөрсөн аж. Ром хотод орчин үеийн хөрөнгийн биржтэй адил бирж хүртэл байжээ. Татвар татаас бага, чөлөөт худалдаа болон хувийн өмч хөгжсөн Ром хот дэлхийн эд баялгийн төв болж байв. Харамсалтай нь эд бүгд МЭ V зуун гэхэд оргүй алга болов. Үүнтэй зэрэгцээд дэлхий дахин түнэр харанхуй, цөхрөл гутрал, мөлжлөг боолчлол, ядуурал гуйранчлалд живж эхэлжээ.

Ром яагаад уруудан, доройтов? Хувь хүний хариуцлага хийгээд хувь хүний орлогын эх үүсвэртэй шууд холбогдох Ромын иргэдийн үзэл санаанд ноцтой өөрчлөлт гарсан нь тус улсын уналтад хамаарах буй за. Мандан бадралын эхний жилүүдэд ромчууд өөрсдийгөө орлого, баялгийн гол эх сурвалж гэж үздэг байлаа. Үүгээр би иргэн бүр өөрийгөө зах зээлд сайн дураар оролцож амьжиргаагаа залгуулж чадна гэж хардаг байсныг тодруулах гэсэн юм. Ромын доройтол ард иргэд орлогын өөр эх сурвалжаа Төр, тодруулбал улстөрийн ажиллагаа гэж харах болсон үеэс эхтэй. Товчхондоо энэ бол үзэл бодол, зан чанарын өөрчлөлттэй холбогдох асуудал байлаа.

Ром иргэдийнхээ хүчирхэг зан чанар дээр сүндэрлэн боссон хот байв. Гэвч иргэд эрх мэдэл, худал хуурмаг, агшин зуурын “аюулгүй байдал” зэрэг ялих шалихгүй зүйлээс тэрхүү эрхэм зан чанараа гээсэн цагаас хот сууриараа ганхаж эхэлсэн юм.

Хувийн хариуцлага хийгээд бие даасан байдлаа алдаж, зөвхөн ашиг хонжооны төлөө санал өгч, төрд Петрээс дээрэмдсэнээ Полд өгөхийг зөвшөөрч, гараа бусдын халаас руу шургуулж, эд баялагт нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон нь тэднийг аюултай, бас хөнөөлтэй зам руу хөтөлсөн ажээ. Др. Ховард Э.Кэршнэрийн тодорхойлсончлон “Өөртөө эзэн болж байсан хүмүүс төрдөө нэгнээс нь дээрэмдсэн зүйлээ нөгөөд өгөх эрх мэдэл олгох нь эмгэнэлтэй бөгөөд энэ процесс эцсийн татвар төлөгчийг хоосолж шалдлах хүртэл зогсохгүй нь харамсалтай” хэмээсэнтэй агаар нэг үйл явдал болжээ.

Ромын бүгд найрамдах улс бөхөж байсан тэр үед Клодий нэрт луйварчин трибуны сонгуульд оролцжээ. Тэрээр татвар төлөгчдийн халааснаас гарах үр тариаг сонгогчиддоо үнэгүй өгөх амлалт өгч, ялалт байгуулав. Үүнээс хойш ажил хийхийн оронд саналаа худалдах нь ашигтай гэх ойлголт ромчуудын дунд тогтжээ.

Ромын төрийн албанд нэр дэвшигчид олон нийтийн дэмжлэгийг авахад их хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулж, эцэст нь өөрийг нь сонгосон тал засагчдад амласнаа өгөхийн тулд иргэдийг “тонон дээрэмдэх” ажлыг хийдэг болов. Бүгд найрамдах улс дарангуйллын дэглэмд шилжиж, үе залгамжилсан эзэн хаад ард түмний хөлс хүчээр эрх мэдлээ хүчирхэгжүүлж байв. Христ мэндлэх үед Ром хотын иргэдийн бараг гуравны нэг нь төрөөс тусламж, халамж авдаг болсон байжээ.

Түүхч Х.Ж.Хаскэл хүмүүсийн үзэл бодол, үйл явдалд гарсан энэхүү эргэлтийн үеийг “Бүгд найрамдах засаглал нурснаас зуу хүрэхгүй жилийн дотор эзэнт гүрний автократ дэглэм тогтож, ард иргэдийн ардчилсан төрд итгэх итгэл үгүй болсон байв. Эзэн хааныг таалал төгсөхөд Сенатаас Бүгд найрамдах засаглалыг сэргээн тогтоох талаар санал асуужээ. Гэтэл иргэд өөрсдөд нь бага сагахан зүйл өгч, үнэгүй үзүүлбэр үзүүлэх хэт дарангуйлагчийн дэглэмийг илүүд үзсэн юм. Цугласан олон дэлхий дахиныг захирах “цор ганц удирдагч”-ийг уухайлан дэмжиж байжээ”.

Эрүүл чийрэг, хүч чадалтай хүн бусдаар тэжээлгүүлэхийг зөвшөөрч, эрхэм зан чанараа гээчхээр халамжит төрд ямар амархан худалдагдаж байгаа нь аймшигтай биш гэж үү. Улстөрчдийн өгөөшийг нэгэнт үмхсэн тэдэнд ухрах зам үгүй.

МЭӨ 27 оноос МЭ 14 он хүртэл төр барьсан эзэн хаан Августын үр тариа үнэгүй тараах явдлыг хумих оролдлогын тухайд Хаскэл “Тэрээр улсаас үнэгүй өгөх үр тариагаар амьжиргаагаа залгуулж, тариан талбайд ажиллахаа больсон хүмүүст үр тариа тараах явдлыг бүрмөсөн болиулахыг зорьсон авч олны таалалд нийцсэн үйл хийх хүсэл хэзээ мөдгүй дахиад л сэргэх тул энэ арга хэмжээгээ авч төвдөөгүй юм” хэмээн бичжээ.

МЭ 33 онд ноцтой мөнгө, санхүүгийн хямрал гарахад төр засгаас маш их хэмжээгээр хүүгүй зээл олгох арга хэмжээ авчээ. Харин МЭ 91 онд төрөөс хөдөө аж ахуйн салбарт хөндлөнгөөс оролцох явдал гаарав. Эзэн хаан Домициан дарсны үйлдвэрлэлийг бууруулж, үнийг нь өсгөх бодлого явуулж, нийт усан үзмийн талбайн тал хувийг нь сүйтгэх тушаал өгч байлаа. Ромыг дагаад бусад олон хотууд өр төлбөрт унажээ. МЭ II зууны эхээр Адриан хааны үед, санхүүгийн асуудалтай хотууд Ромоос тусламж авч, хариуд нь улстөрийн хараат байдлаа алджээ.

Ромын төрөөс ард иргэдээ зугаацуулж, хөгжөөхөд асар их ач холбогдол өгч байжээ. Гайхалтай цирк, гладиаторуудын тулаанууд хүмүүсийн энэ хэрэгцээг хангаж байв. Орчин үеийн нэгэн түүхчийн тооцоолсноор Ром тухайн үед эдгээр арга хэмжээнд жил тутам өнөөгийн ханшаар бараг 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байжээ.

МЭ 138 оноос 161 оны хооронд төр барьсан Антонин Пий хааны үед, Ромд хүнд суртал туйлдаа хүрчээ. Түүхч Албэрт Трэвэрийн өгүүлснээр “цэргийн бюрократ дэглэмийн дор татвар татаас, эд хөрөнгө хураах, мөн албадан хөдөлмөрлүүлэх явдал гаарч байв… алба гувчуурт хяналт тавих хааны нууц туршуулууд хаа сайгүй хөлхөх аж”.

Алба гувчуурын төрөл тоогоо алджээ. Эзэн хаан Нерон нэгэнтээ хоёр алгаа үрэн байж Ромын түүхч Гай Свэтонид “Аль болох их татвар ногдуулах хэрэгтэй! Тэгж байж л өөрийн гэсэн өмчтэй хүн үлдэхгүй!” хэмээсэн нь түүний Арван хоёр цезарь бүтээлд үлджээ. Татвар татаас эхлээд чинээлэг иргэдийг, дараагаар нь дунд болон доод давхаргынхныг юу ч үгүй цөлмөв.

III зууны сүүлээр, Аврелиан хаан төрөөс үе уламжлан олгох тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь улаан буудай аваад өөрсдөө талхаа барьдаг байсан хүмүүс эдүгээ төрөөс бэлдэж өгсөн талхыг, өөр бусад үнэгүй давс, гахайн мах болон оливын тосны хамт авдаг болов.

Ром бүх л халамжит төрийн зовлон – инфляцитай нүүр тулав. Тэтгэмж тусламжиндаа өгөх мөнгөнөөс эхлээд төрд мөнгөний дарамт ирсэн тул их хэмжээгээр мөнгө “хэвлэж” гарчээ. Төрийн эрхэнд гарах хаадын үрлэгэн хөтөлбөрүүд, тэднийг солигдох бүрийд Ромын зоосон мөнгөний үнэ цэнийг улам бүр унагаж байлаа. Анхандаа цэвэр мөнгөөр хийдэг байсан зоос явсаар 300 он гэхэд тав хүрэхгүй хувийн мөнгө агуулсан хэрэгцээгүй төмөр шахуу болсон байжээ. Үнэ гэрлийн хурдаар өсч, хадгаламж хуримтлал ч үгүй болов. Үнэд тавих хяналт эцэстээ хувийн өмчид суурилсан эдийн засгийг бүрэн сүйрүүлжээ. МЭ 476 онд зэрлэгүүд Ромыг газрын зурагнаас арчиж, Ром улс ёс суртахууны болон эдийн засгийн хувьд дордон замхрав.

Ромчууд эхлээд эрхэм зан чанараа алдав. Улмаар тэд эрх чөлөөгөө, эцэст нь соёл иргэншлээ мөхөөв.

Leave a Reply