Австрийн эдийн засгийн сургууль

dieaustrians

Австрийн сургуулийн түүх Испанийн Саламанкагийн Их сургуульд багшилж асан Гэгээн Тома Аквины шавь нар хүний үйл ажиллагаа хийгээд нийгмийн зохион байгуулалтын талаар бүрэн цогц тайлбар хайн судалсан тэртээ XV зуунаас эхлэлтэй.

Эдгээр Хожуу үеийн схоластууд эдийн засгийн хуулийн зүй тогтол, түүний учир шалтгаан хийгээд нөлөөллийн дийлдэшгүй хүч нь байгалийн бусад хуультай адил зарчмаар явж байгааг ажиглажээ. Тэд бол хэдэн үеийн туршид эрэлт, нийлүүлэлтийн хууль, инфляцийн шалтгаан, гадаад валютын ханшийн нөлөө болон эдийн засгийн үнэ цэнийн субьектив шинжийг илрүүлэн тайлбарласан, Йозэф Шүмпэйтэрийн нэрлэснээр анхны “жинхэнэ эдийн засагчид” байлаа.

Тэд өмчийн эрх, гэрээ байгуулах болон арилжаа хийх эрхийг дэмжиж байв. Түүнчлэн тэд бизнес эрхлэгчдийн нийгэмд үзүүлэх нөлөөг онцолж, татвар ногдуулах, үнийг хянах, бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах аливаа журам, зохицуулалтыг шийдвэртэйгээр эсэргүүцэж байсан юм. Ёс суртахууны теологичдын хувьд тэд төрөөс хулгайч, алуурчдыг хатуу цээрлүүлэхийг шаардаж байсан. Схоластууд нэг ёсондоо Людвиг фон Мизесийн “эдийн засагчийн нэн тэргүүний үүрэг бол төрд юу хийж болохгүйг нь хэлэх” гэсэн дүрмээр амьдарч байжээ.

Эдийн засгийн анхны ерөнхий сургаал болох “Худалдааны мөн чанарын тухай” эсээг 1730 онд схоласт уламжлалаар хүмүүжсэн Ричард Кантиллон бичсэн юм. Ирландад төрж, Франц руу цагаачилсан тэрээр эдийн засгийн ухааныг судалгааны бие даасан салбар утгаар авч үзэн, “бодлын туршилт” ашиглан үнэ тогтох үйл явцыг тайлбарласан байна. Тэрээр зах зээлийг бизнесийн процесс болохыг ойлгож, мөнгө хэвлэх нь зах зээлд алхам алхмаар нэвтрэх замдаа үнэд таагүй байдлаар нөлөөлөх тухай Австрийн онолыг гаргаж иржээ.

Кантиллоны араас чөлөөт зах зээлийг дэмжигч Францын аристократ бөгөөд 1789 оны хувьсгалын өмнөх “хуучин дэглэм”-ийн үед Сангийн сайдын алба хашиж байсан Анн-Робэр-Жак Тюрго гарч ирсэн агаад түүний бүтээл хэдий цөөн ч туйлын гүн гүнзгий агуулгатай байлаа. Тюрго “Үнэ цэнэ ба мөнгө” нийтлэлдээ мөнгөний гарвал хийгээд хувь хүний таашаалаас хамаарах субьектив үнэлэлтээр биежэх эдийн засгийн сонголтын онцлог байдлыг тайлбарлажээ. Тюрго хожим сонгодог эдийн засагчдыг мухардалд оруулсан алдартай алмаз-усны парадоксыг тайлж, ахиу бүтээгдэхүүн буурах хуулийг тайлбарлан, мөнгө хүүлэхийн эсрэг хуулийг шүүмжилж байв. Тэрээр төртэй холбоотой үйлдвэрүүдэд олгосон бүх давуу эрхүүдийг хүчингүй болгохыг зөвлөж, эдийн засгийн бодлогод сонгодог либерал аргыг баримталж байсан юм.

Тюрго бээр Жан-Батист Сэй, Клауд-Фрэдэрик Бастиа тэргүүтэй XVIII болон XIX зууны Францын аугаа эдийн засагчдын урт халааг ахласан оюун санааны эцэг нь байлаа. Сэй бол эдийн засгийн аргачлалыг гүнзгий судалсан анхны эдийн засагч юм. Тэрээр эдийн засаг бол зөвхөн мэдээллийг цуглуулах биш, харин хорвоо ертөнцийн жам ёсны зүйлс (тухайлбал хүсэл бол хязгааргүй, хөрөнгө нөөц хомс) болон тэдгээрийн логик зүй тогтлыг тайлбарлан таниулах үүрэгтэй гэдгийг ойлгосон байлаа.

Сэй хөдөлмөрийн хуваарь дахь капиталын үүргийг онцолсон нөөцийн үнэ хэрхэн тогтох тухай бүтээмжийн онолыг нээж, хэрэв үнэ өөрөө тогтох нөхцлийг олговол чөлөөт зах зээлд “хэтэдсэн үйлдвэрлэл” эсхүл “дутуудсан хэрэглээ” хэзээ ч үүсэхгүй байх “Сэйгийн хууль”-ийг гаргасан юм. Тэрээр “зөнд нь орхи” зарчмыг хамгаалагч, аж үйлдвэрийн хувьсгалыг дэмжигч байсан. Бастиа ч мөн адил. Чөлөөт зах зээлийн тухай сэдвээр дагнан бичигч сэтгүүлч Бастиа материаллаг бараа бүтээгдэхүүнд үйлчлэх эдийн засгийн хууль мөн адил материаллаг бус үйлчилгээнд ч үйлчилнэ хэмээн мэтгэж байжээ. Эдийн засгийн олон ёгт нийтлэл туурвисны дотор “хагархай цонхны төөрөгдөл”-ийг нь хожим Хэнри Хаазлит бүтээлдээ дурдан, нийтэд түгээсэн байдаг.

Хэдийгээр Австрийн уламжлалаас өмнөх энэ мэт онолууд гарч байсан ч, XVIII зууны сүүлч, XIX зууны эхээр дэлгэрсэн Британийн сургууль улстөрийн шалтгаанаар болсон уу нэлээд алдаршсан ажээ. Уг обьектив өртөг болон үнэ цэнийн тухай хөдөлмөрийн бүтээмжийн онолд суурилсан Британийн сургууль эцэст нь капиталист мөлжлөгийн тухай Марксист сургаал төрөн гарахад хүргэжээ.

Нэлээд түгээд байсан Британийн уламжлал олон жилийн дараа анхныхаа ноцтой дайралттай учирсан нь 1871 онд хэвлэгдсэн Карл Мэнгэрийн Эдийн засгийн зарчмууд бүтээл байлаа. Австрийн сургуулийн зүй ёсны үндэслэгч гэгддэг Мэнгэр сохалист-франц арга барилыг эдийн засагт сэргээж, байр суурийг нь батжуулсан билээ.

Леон Варлас, Стэнли Жэвонс нарын зэрэг шахам хэвлэгдсэн бүтээлүүдийн хамт Мэнгэр эдийн засгийн өртгийн субьектив шинж чанарт анх удаа ахиуц ханамжийн онолоороо (хувь хүнд буй бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ ихсэх тусам, түүнийг үнэлэх үнэ цэнэ нь багасана) бүрэн хэмжээний тайлбар өгсөн юм. Түүнчлэн Мэнгэр чөлөөт зах зээлд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүн зөвхөн хэрэгцээг хангахаас гадна бусад бараа бүтээгдэхүүнээр арилжих хэмжээнд эрэлттэй байх үед мөнгө хэрхэн буй болдгийн харуулжээ.

Мэнгэрийн бүтээлийг эдийн засгийн ухааны түүхэн дэх “Ахиуцын хувьсгал”-ын гол багана хэмээдэг. Мизес нэгэнтээ түүний ачаар “эдийн засагч болсон”-оо хүлээн зөвшөөрч, Мэнгэрийн мөнгө болон үнийн тухай онолыг эшлээд зогсохгүй арга барилыг нь хүртэл баримталж байсан ажээ. Өмнөх төлөөлөгчдийнхөө нэгэн адилаар Мэнгэр эдийн засгийг хувь хүний сонголтыг шинжлэх ухаан гэж хардаг байсан сонгодог либерал үзэлтэй, арга зүйд хувь хүний үйлдлийг онцлон авч үздэг (methodological individualist) нэгэн байжээ. Түүний судалгаа шинжилгээ арван хоёр жилийн дараа эдийн засгийг төрд мэдээлэл цуглуулах үүрэгтэй хэмээн үздэг Германы Түүхийн сургууль (Historical School)-ийн үзэл баримтлалтай зөрчилдөж эхлэв.

Венийн Их сургуулийн эдийн засгийн ухааны багш байгаад хаан ширээ залгамжлах Хабсбүргийн угсааны Рүдолф ханхүүгийн хувийн багш болсон Мэнгэр эдийн засгийн ухааныг индукцийн логик аргад суурилсан хүний үйл ажиллагааг судлах шинжлэх ухаан хэмээн хамгаалж, хожмын онолчдыг социалист үзэл суртлын нөлөөг сөрөн тэмцэх замыг засаж байлаа. Түүний шавь нарын нэг Фрэдэрих фон Вайсэр хожим Фрэдэрих фон Хайекийн сүүлд туурвисан бүтээлүүдэд гүнзгий автсан байдаг. Мэнгэрийн бүтээл эдийн засагчийн хувиар сэтгэхэд туслах онцгой сайн бүтээл хэвээр байгаа билээ. Тодорхой хэмжээнд Австрийн сургуулийнхан дор бүрнээ л өөрсдийгөө Мэнгэрийн шавь хэмээдэг.

Иннсбракийн Их сургууль дахь Мэнгэрийг бишрэн шүтэгч болон дагагчид, түүн дотор Эйгэн Бөм-Бавэрк Мэнгэрийн тайлбарыг авч, түүнийг улам боловсронгуй болгоод үнэ цэнэ, үнэ, капитал, хүү зэрэгтэй холбоотой шинэ асуудлуудад гаргалгаа хийх арга болгон ашиглав. Түүний 1884 онд хэвлэгдсэн Хүүгийн онолын түүх ба шүүмж нь үзэл санааны түүхэн дэх төөрөгдлүүдийг таягдан хаясан, хүүгийн хэмжээг хийсвэрлэн зохиодоггүй, харин зах зээлийн салшгүй хэсэг байдаг гэх санааг тууштай хамгаалсан бүтээл болжээ. Уг бүтээлдээ тэр хэрэгцээгээ өнөөдөр эсхүл маргааш хангахын аль нь дээр болох тухайд хүмүүсийн хандах хандлага буюу “цаг хугацааны сонголт” (time preference)-ыг тусгасан байдаг. Энэ онолыг хожим Франк Фэттэр улам боловсронгуй болгосон.

Бөм-Бавэрк Капиталын тухай позитив онол-доо бизнесийн ашгийн хувь хэмжээ нь хүүгийн хэмжээтэй тэнцүү байхыг харуулжээ. Капиталистууд мөнгө хуримтлуулж, ажилчдад цалин өгч, эцсийн бүтээгдэхүүн зарагдан ашиг олох хүртэл хүлээдэг. Тэрээр мөн хөрөнгө бол нийтлэг бүтэцтэй бус, харин цаг хугацаанаас хамаарсан нарийн түвэгтэй, ялгаатай бүтэцтэй гэжээ. Эдийн засаг өсөх нь капиталын хөрөнгө оруулалт нэмэгдсэний үр дагавар биш, харин үйлдвэрлэлийн урт хугацаанд үргэлжлэх процессоос үүдэлтэйг тодорхойлжээ.

Бөм-Бавэрк мөлжлөгийн хөдөлмөрийн онолоор Марксистуудтай удаан үргэжилсэн тулаан хийж, хөрөнгө болон цалингийн тухай социалист сургаалыг Оросод коммунистууд төрийн эрхэнд гарахаас ч өмнө шийдвэртэй няцааж байсан юм. Түүнчлэн тэрээр хожим Мизесийг Венийн их сургуульд семинар хийхдээ загвар болгон ашигласан семинаруудыг зохион явуулж байв. Бөм-Бавэрк төрийн оролцоог урт хугацаанд амжилт олж чадахгүй, зах зээлийн эдийн засаг руу дайрсан үйлдэл гэж үзэж байв. Хабсбүргийн хаанчлалын сүүлийн жилүүдэд, тэрээр гурван ч удаа сангийн сайдын албыг хашиж, тэнцвэртэй төсөл, эрүүл мөнгө болон алтан стандарт, чөлөөт худалдаа, мөн гадаад худалдааны татаас болон бусад монополи давуу эрхийг хүчингүй болгохын төлөө тэмцэж байжээ.

Түүний судалгаа болон бүтээлүүд эдийн засгийн асуудалд нэгдмэл байр сууринаас харах Австрийн сургуулийн статусыг бататгаж, энэ Сургуулийн уламжлал англи хэлтэй орнуудад амжилт олох алхмыг тавьсан юм.

Гэхдээ Бөм-Бавэркийн Мэнгэрийн дүн шинжилгээг цааш боловсронгуй болгож чадаагүй нэг салбар нь мөнгө байлаа. Харин Австрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын эдийн засгийн залуу зөвлөх Людвиг фон Мизес үүнийг барьж авсан юм.

Ингээд Мизес судалгааныхаа үр дүнг 1912 онд Мөнгө ба зээлийн онол бүтээлдээ харуулав. Тэрээр ахиуц ханамжийн онолыг мөнгөнд хэрхэн хэрэглэхийг тайлбарлаж, “бууралтын теорем”-ыг боловсруулсан. Британийн Мөнгөн тэмдэгтийн сургууль, Нат Виксэллийн бодлогын хүүгийн онол болон Бөм-Бавэркийн үйлдвэрлэлийн бүтцийн онол дээр үндэслэн Мизес Австрийн бизнесийн мөчлөгийн онолын ерөнхий хүрээг гаргасан байна. Удаах жил нь Мизес Венийн Сх сургуулийн факультетад томилогдсон ба Бөм-Бавэркийн семинар бүтэн хоёр жилийн турш Мизесийн бүтээлээр хэлэлцүүлэг явуулж байв.

Мизесийн карьер Дэлхийн I дайны үед дөрвөн жилээр тасалджээ. Тэрээр энэ хугацааны гурван жилд нь их бууны дивизэд, нэг жилд нь эдийн засгийн тагнуулын албанд офицероор тус тус ажиллажээ. Дайн дуусахад тэрээр Үндэстэн, төр ба эдийн засаг (1919) бүтээлээ хэвлүүлж, нуран унаж буй эзэнт улсын цөөнхийн эдийн засаг болон соёлын эрх чөлөө болон дайны эдийн засгийн онолын талаар бичиж байв. Үүний зэрэгцээ, Мизесийн монетари онол Үндэсний Чэйс банкны эдийн засагч Бага Бэнжамин М.Андерсоны ачаар АНУ-д олны анхаарлыг татав (Мизесийн ном хожим германаар уншиж чаддаггүйгээ хүлээсэн Жон Мэйнард Кэйнсийн шүүмжлэлд өртөв).

Дайны дараах улстөрийн эмх замбараагүй байдал дунд социалист улс болсон Австрийн засгийн газрын гол онолч нь марксист Отто Бауэр болжээ. Бауэрыг Бөм-Бавэркийн семинарт суух үеэс мэдэх болсон Мизес түүнд эдийн засгийг уйгагүй тайлбарласны эцэст Большевик маягийн бодлогоос нь холдуулан ятгаж чадсан юм. Австрийн социалистууд үүнд нь Мизесийг хэзээ ч уучлаагүй агаад улстөрийн боловсролын салбарт түүнд дайнд зарлаж, их сургуулийн цалинтай багшийн ажлаас нь амжилттай салгаж дөнгөжээ.

Үүнээс ухарч шантраагүй Мизес эргээд өөрөө социализмын асуудал болж, 1921 онд цочирдолд оруулсан эсээгээ нийтлүүлж, дараагийн хоёр жилд нь Социализм бүтээл дээрээ ажиллав. Социализм хувийн өмч болон бараа бүтээгдэхүүний солилцоог зөвшөөрдөггүй, иймд аливаа нөөцийг өөрийн хамгийн ашигтай байх үнэ цэнийг хадгалах боломжийг олгохгүй. Мизесийн таамаглаж байсанчлан социализм туйлын эмх замбараагүй байдлыг үүсгэж, соёл иргэншилд мөхөл авчирсан юм.

Мизес социалистуудыг эдийн засгийн үүднээс тэдний систем хэрхэн ажиллахыг тайлбарлахыг хүсч байсан агаад мэдээж хэрэг тэд энэ асуултаас нь байнга зайлсхийж байлаа. Австричууд болон социалистууд хоорондын маргаан эрдэмтдийн таамгаар социалистуудын талд шийдэгдэх найдлагаар дараагийн арван жилд, бүр түүнээс ч удаан 1989 онд дэлхий даяар социализм нуран унах хүртэл үргэлжилсэн юм.

Энэ зуур, чөлөөт зах зээлийг хамгаалсан Мизесийн аргумент олон ч социалистуудыг өөрийн талд татсан ба тэдний дунд Хайек, Вилхэлм Рөпкэ, Лионэл Роббинс нар багтаж байлаа. Мизес Худалдааны танхим дахь ажлынхаа байранд явуулж байсан хувийн хичээлээрээ Фриц Мэчлап, Оскар Моргэнстэрн, Готтфрайд фон Хабэрлэр, Алфрэд Шульц, Ричард фон Стриг, Эрик Воэжэлин, Пол Росэнштайн-Родан тэргүүтэй Европын зүг бүрээс ирсэн сэхээтнүүдийг татаж байв.

1920 болон 1930-аад оны үед, Мизес хоёр өөр эрдэмтдийн фронттой тулалдаж байлаа. Тэрээр Германы Түүхийн сургуультай эдийн засаг дахь индукцийн аргыг хамгаалсан цуврал эсээгээр шийдвэрлэх дайралт өгч байсан ба энэ аргаа тэр хожим үйл ажиллагааны логик арга буюу праксиологийн арга хэмээн нэрлэсэн байна. Түүнчлэн тэрээр Бизнесийн мөчлөгийн судалгааны Австрийн инститүтийг үүсгэн байгуулж, өөрийн шавь Хайект хариуцуулжээ.

Эдгээр он жилүүдэд Хайек, Мизес нар бизнесийн мөчлөгийн талаар олон судалгаа явуулж, зээлийн тэлэлтийн аюулыг анхааруулан, ирэх жилүүдэд болох санхүүгийн хямралыг таамаглаж байв. Энэ ажлаар Хайек 1974 онд эдийн засгийн салбарт Нобелын шагнал авсан юм. Англи болон Америкт ажиллаж байхдаа Хайек валютын ханш, хөрөнгийн онол болон монетари шинэчлэлийн тухай бүтээлүүдээрээ Кэйнсч эдийн засагчдын гол өрсөлдөгч болжээ. Түүний хамгийн алдартай бүтээл болох Боолчлогдох зам нь Шинэ тохиролцоо болон Дэлхийн II дайны дараа Америкт сонгодог либерал хөдөлгөөн сэргэхэд тусласан юм.

1930-аад оны сүүлээр, дэлхий дахиныг хамарсан хямралын дараагаар Австри улс нацистуудад эзлэгдэх аюул нөмөрлөө. Хайек Мизесийн шахалтаар 1931 онд Лондон руу явсан байлаа. Харин 1934 онд Мизес өөрөө Женевт багшлахаар очиж, дараа нь АНУ руу цагаачилсан ажээ. Мизесийг социализмын дайсан болохыг мэдэх болсон нацистууд Мизесийн гэр дэх гар бичмэл, бүтээлүүдийг нь битүүмжилж, дайны туршид нуусан байдаг. Хачирхалтай нь, Рөпкэгийн бүтээл болон Людвиг Эрхардын төрийн хэрэг эрхлэн чадвараар дамжуулан дайны дараах Германд эдийн засгийн шинэчлэл хийж, улс орны эдийн засгийг сэргээх үйлсийг удирдах нь угтаа Мизесийн санаа байжээ. 1992 онд Австрийн архивчид Мизесийн Вениэс хулгайлагдсан гар бичмэлүүдийг Москвад үүдээ нээсэн архиваас олсон билээ.

Женевт байхдаа тэрээр Мизес өөрийн сод бүтээл Нэйшнлокономи-гоо эхлүүлж, АНУ-д очсон хойноо хянан, баяжуулж 1949 онд Хүний үйл ажиллагаа нэрээр хэвлүүлэн гаргав. Түүний шавь Мөррэй Н.Ротбард үүнийг нь “Мизесийн хамгийн аугаа ололт бөгөөд энэ зууны хүн төрөлхтний шилмэл бүтээлийн нэг. Энд эдийн засгийг бүхэлд нь багтаажээ” хэмээн дуу алдаж байв. Хэдийгээр эдийн засагчид Кэйнсийн сургаал руу шийдвэртэйгээр эргэсэн цаг үед хэвлэгдэж, мэргэжилтнүүдийн зүгээс үнэлэлт авч чадаагүй ч уг бүтээл Австрийн сургуулийн бүхий л түүхийн амин судас болсны зэрэгцээ уг сургуулийг тодорхойлох эдийн засгийн сургаал болон мөнхөрсөн билээ.

Мизес хүртэх ёстой багшийн ажилдаа томилогдож чадаагүй ч, тэр Венид байсны адилаар Нью Иоркийн Их сургууль дээр өөрийн хүрээллийг бий болгожээ. Мизесийг АНУ руу цагаачилахаас өмнө сэтгүүлч Хэнри Хаазлит түүний хамгийн том дэмжигч болж, бүтээлүүдийнх нь талаар Нью Иорк Таймс болон Ньюсвийк сэтгүүлүүдэд шүүмж бичиж, үзэл санааг нь Эдийн засгийг нэгэн хичээлд хэмээх сонгодог бүтээлдээ мөнхлөн алдаршуулсан байв. Гэхдээ Хаазлит ч бас Австрийн сургуульд өөрийн хувь нэмрийг оруулсан нэгэн юм. Тэрээр Кэйнсийн Ерөнхий онол-ыг мөр мөрөөр нь шүүмжилж, Сэйгийн бүтээлийг хамгаалж, өөрийгөө Австрийн макро эдийн засгийн онолын гол төлөөлөгчийн байр сууринд аваачсан ажээ.

Мизесийн Нью Иорк дахь семинар түүнийг 1973 онд нас барснаас хойш хоёр жилийн хугацаанд үргэлжлэн явагджээ. Эдгээр жилүүдэд Ротбард түүний сурагч байв. Угтаа, Ротбардын Хүн, эдийн засаг ба төр (1963) бүтээл Хүний үйл ажиллагаа-ны араас гарсан бөгөөд монополийн онол, нийтийн үйлчилгээ ба халамж, төрийн онол зэрэг Мизесийн өөрийнх нь үзэл бодлыг улам батжуулсан зарим сэдвийг хөндсөн байв. Ротбард эдийн засгийн судалгаагаа их хямралаар үргэлжлүүлж, Австрийн бизнесийн мөчлөгийн онолыг ашиглан банкны зээлийн тэлэлтийн өмнөхөн илэрдэг хөрөнгийн зах зээлийн сүйрэл болон эдийн засгийн уналтыг харуулсан байна. Түүнчлэн тэрээр төр засгийн бодлогод олон цуврал судалгааг хийж, зах зээл дэх бүх хэлбэрийн төрийн оролцооны үр нөлөөг судлан тогтоожээ.

Мизес амьдралынхаа сүүлийн жилүүдэд өнөө хүртэл үргэлжилсээр буй Австрийн сургуулийн уламжлал Хүн, эдийн засаг ба төр бүтээл гарснаас хойш сэргэж эхэлснийг харсан билээ. Австрийн сургуулийн байр суурийг батжуулж, АНУ-д сонгодог либерал сургаал дэлгэрэхэд Британиас салан тусгаарлах үеийн Америкийн түүхийг өгүүлэх дөрвөн боть Conceived in Liberty бүтээлээрээ оруулсан Ротбардын хувь нэмэр цаглашгүй юм. Жам ёсны эрхийн онолыг Австрийн сургуулийн онолтой нэгтгэсэн түүний философийн бүтээл Эрх чөлөөн дэх ёс зүйн асуудал-д тусгалаа олжээ. Түүнчлэн түүний эдийн засгийн судалгааны бүтээлүүд Эдвард Элгарын “Зууны эдийн засагчид” цувралд хоёр ботиор Үйл ажиллагааны логик нэрээр багтсан байдаг.

Эдгээр суурь бүтээлүүд Мизес-Хайекийн үе болон өнөөгийн Австричуудын хооронд энэхүү уламжлалыг өргөжүүлэн тэлэх чухал гүүр болж байна. Үнэн хэрэгтээ, тухайн цаг үеийнхээ оюун санааны чиг хандлагыг сөрөн зогссон Ротбардын эрмэлзэл байгаагүй бол Австрийн сургуулийн уламжлалыг хөгжүүлэх явц зогсонги байдалд орох байсныг үгүйсгэхгүй. Түүний өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий судалгаа, хөгжилтэй зан чанар, нэвтэрхий тольны дайны мэдлэг, өөдрөг байдал нь үй олон сурагчдыг эрх чөлөөний уг үндэс рүү урин дуудсан билээ.

Австричууд 1930-аад онтой харьцуулахад хавьгүй нөлөөтэй болж, байр сууриа олсон байсан ч, Мизесийн адил Ротбардард эрдэмтэд таатай хандаагүй юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Лас Вэгас дахь Нэвадагийн Их сургуульд орон тооны багшийн ажил олдсон ч түүний диссертаци шууд удирдан явуулах эрх олгоогүй аж. Гэсэн хэдий ч тэр Австрийн сургуулийн олон идэвхтэй дэмжигчид, хүрээллийг бүрдүүлж чадсан юм.

1982 онд Маргит фон Мизес, мөн Хайек, Хаазлит нарын дэмжлэгтэйгээр Мизес инститүт байгуулагдсан нь Ротбард төдийгүй Австрийн сургуульд цоо шинэ боломжийг нээсэн билээ. Эрдэм шинжилгээний бага хурал, семинар, ном, сэдэвчилсэн зохиол, мэдээллийн товхимол, судалгаа, тэр бүү хэл кино гээд тал бүрийн арга хэрэгслээр Ротбард Инститүтийн хамтаар Австрийн сургуулийг социализмын эрин үеийн дараах шинэ түвшинд гаргав.

1987 онд Австрийн эдийн засгийн тойм нэрээр Ротбардын хянан тохиолдуулсан анхны сэтгүүл 1991 оноос хагас жил тутамд, 1998 оноос улирал тутамд Австрийн эдийн засгийн улирал тутмын сэтгүүл нэрээр эрхлэн гарах болсон. Мизес Инститүтийн зуны сургалт 1984 оноос хойш жил алгасалгүй зохион байгуулагдаж байна. Эдгээр он жилүүдэд Ротбард эдийн засгийн онолын түүхээр судалгаа хийн танилцуулсан нь Эдийн засгийн онолын түүхийн талаарх Австрийн байр суурь нэртэйгээр хоёр боть болон хэвлэгдсэн ажээ.

Мизес Инститүтийн оюутан сурагчдад зориулсан хөтөлбөр, сургалтын гарын авлага, номын сан болон бага хурлуудаар дамжин Австрийн сургуулийн уламжлал Америк төдийгүй дэлхийн олон орны эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны салбар бүрд шахам нэвтэрч байна.

Эдүгээ Австрийн сургууль шинэ мянгантай золгохдоо чөлөөт нийгмийн оюун санааны жишигийг тогтоож болжээ. Энэ бол Австрийн сургуулийн түүхийн хуудаснаа мөнхөрсөн баатарлаг хийгээд гайхалтай сэтгэгчдийн ач гавьяа бөгөөд тэдний хойч үедээ үлдээсэн хувь нэмэр Мизес инститүттэй хамт түүхийг цааш бичилцсээр байх болно.

 

Гол төлөөлөгчид:

Людвиг фон Мизес

Карл Мэнгэр

Бөм-Бавэрк

Жан-Батист Сэй

Клауд-Фрэдэрик Бастиа

Фрэдэрих фон Хайек

Хэнри Хаазлит

Мөррэй Н.Ротбард

Leave a Reply