Людвиг фон Мизес (1881-1973)

ludwig_von_mises

ХХ зууны хамгийн нэр хүндтэй эдийн засагч бөгөөд нийгмийн ухааны философичийн нэг Людвиг фон Мизес бээр аливаа хүн хүссэн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ухамсартай үйл ажиллагаа явуулдаг гэх үндсэн чухал гаргалгаанд тулгуурласан эдийн засгийн цогц онолыг боловсруулсан гавьяатан юм. Түүний хийсэн эдийн засгийн дүн шинжилгээнүүд хэдийгээр ихэнх эдийн засагчдын үнэлэмжтэй нийцэхгүй ч – “үнэлж баршгүй” судалгаанууд билээ. Мизес хүн төрөлхтөнд хамгийн үр өгөөжтэй байх цор ганц эдийн засгийн бодлогыг өмчлөх эрхэд төрөөс халдахгүй байх, чөлөөт зах зээлийн “зөнд нь орхи” зарчмыг баримталсан бодлого хэмээн тодорхойлжээ.

Мизес “(a) чөлөөт зах зээлийг тэлэх, хөдөлмөрийн хуваарь болон хувийн бизнест хөрөнгө оруулах нь хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн цор ганц боломжит зам; (б) социализм хувь хүний газар болон бусад хөрөнгө өмчлөх эрхийг үгүй хийснээр үнэ бодитоор тогтох нөхцлийг хаадаг тул орчин үеийн эдийн засагт хамгийн хор уршигтай; (в) зах зээлийг хааж боон, эрэмдэг зэрэмдэг болгодог төрийн оролцоо бүтээмж, хуримтлалыг нэмэгдүүлэхийн эсрэг чиглэж байдаг тул даамжирвал гарцаагүй социализмд хөтлөх аюултай” болохыг судалгаагаараа батлан харуулжээ.

Өөрийн энэхүү үзэл санааг тууштай хамгаалж, “төрийг шүтэх” болон хамтач үзлийг өөгшүүлэх явдал гаарч байсан цаг үеийнхээ үнэн төрхийг зоригтой илчилж байсан тэрээр инфляцийг барьж чадах алтан стандарт болон “зөнд нь орхи” зарчмыг хэрэгжүүлэхийг хатуу шаардаж нэрд гарсан байв.

Түүнийг Австри, хожим АНУ-д ч их сургуульд багшлахыг нь хориглож байсан ч тэр шантралгүй хичээл заасаар байв. 1920-иод онд Австрийн засгийн газарт эдийн засгийн ахлах зөвлөхөөр ажилласан Мизес Австрийн эдийн засагт нүүрлээд байсан инфляцийг бор зүрхээрээ бууруулж, хувиараа семинар хийх болсон нь Европ даяар ирээдүйтэй залуу эдийн засагчид, нийгмийн ухааны эрдэмтэд болон философичдыг олноор татжээ. Эдийн засгийн ухаанд “Австрийн шинэ сургууль”-ийг үндэслэгч Мизесийн боловсруулсан инфляци болон хямралын гол буруутан нь Төв банкуудын өдөөсөн банкны зээлийн тэлэлтээс үүдэлтэйг гаргасан бизнесийн мөчлөгийн онол нь 1930-аад оны эхээр Их хямралын улбааг үндэслэлтэй тайлбарласнаараа Английн залуу эдийн засагчдын дунд ихэд түгсэн байдаг.

Нацист дэглэмээс дайжин АНУ руу дүрвэсэн тэрээр хамгийн чухал бүтээлүүдээ чухам тэнд л туурвижээ. Хорь гаруй жил багшлах хугацаандаа тэр АНУ-д Австрийн эдийн засгийн сургуулийг түгээж чадсан байна. 1973 онд Мизесийг таалал төгссөнөөс нэг жилийн хойно, түүний хамгийн гарамгай шавь Ф.А.Хайек 1920-иод оны сүүл, 1930-аад оны үед Мизесийн боловсруулсан бизнесийн мөчлөгийн онолыг улам боловсронгуй болгосон бүтээлээр эдийн засгийн салбарт Нобелын шагналт хүртсэн ажээ.

Людвиг фон Мизес 1881 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Галисиагийн Лэмбэрг (одоогийн Львов) хотод төрсөн бөгөөд түүний эцэг Австрийн төмөр замд инженерээр ажиллаж байв. Түүний эцэг, эх хоёул Венийн нэр хүндтэй гэр бүлээс гаралтай бөгөөд эхийнх нь авга Доктор Иоахим Ландау Австрийн парламентад Либерал намыг төлөөлөн сууж байсан.

Зууны босгон дээр Венийн их сургуульд орохдоо зүүний интервэнсионист байсан залуу Мизес Австрийн сургуулийн суурь бүтээл болох Карл Мэнгэрийн Эдийн засгийн зарчмууд-тай танилцсныхаа дараа даруйдаа эдийн засгийн дүн шинжилгээнд бодит бус тэнцэтгэл автоматаар оруулахаас илүүтэй хувь хүний үйл ажиллагааг онцолсон Австрийн сургуулийн арга барилыг авч, чөлөөт зах зээлийн эдийн засагт ач холбогдол өгөх болсон байна.

Мизес алдарт Венийн Их сургуульд Австрийн аугаа эдийн засагч Эйгэн фон Бөм-Бавэркийн (түүний олон бүтээлүүд Марксист өртгийн хөдөлмөрийн онолыг шийдвэртэй няцаасан байдаг) докторын дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байжээ.

Энэ үедээ Мизес Мөнгө ба зээлийн онол (1912) нэртэй анхны бүтээлээ туурвиж, бараг л боломжгүй мэт санагдах алхам хийсэн нь мөнгөний онолыг ахиу ханамж болон үнийн ерөнхий онолтой нэгтгэсэн явдал байв (эдүгээ үүнийг “макро, микро эдийн засгийг нэгтгэх хэмээн нэрлэдэг). Бөм-Бавэрк болон Австрийн сургуулийн бусад эдийн засагчид Мизесийн энэ аргыг хүлээн зөвшөөрөөгүй агаад монетари онолгүйгээр цааш явахаар шийдсэн тул Мизесийг өөрийн “Австрийн шинэ сургууль”-ийг үндэслэхээс аргагүйд хүргэжээ.

Монетари онолдоо Мизес 1850-иад он хүртэл анхаарлын төвд байгаад түүнээс хойш нэлээдгүй хугацаанд мартагдаад байсан; мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр нийгэмд ямар ч ашиг тус байхгүй, үүнээс улбаалан нэмэгдэх мөнгө болон банкны зээл гагцхүү инфляци болон эдийн засгийн мөчлөгийг нэмэгдүүлэхээс өөр ач холбогдолгүй тул төрийн бодлогоор 100 хувь алтан стандартыг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээж байсан Британийн Мөнгөн тэмдэгтийн сургууль (British Currency School)-ийн зарчмыг сэргээсэн юм.

Мизес эдгээр зарчим дээр өөрийн бизнесийн мөчлөгийн онолын элементүүдээ тусгаж, банкуудын зээлийн тэлэлт инфляци өсөхөд нөлөөлөөд зогсохгүй бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн хэрэгслийн “илүү захиалга”-д найдан хэт их хөрөнгө оруулж, өргөн хэрэглээний бараанд бага хөрөнгө оруулахад хүргэх “ашиггүй хөрөнгө оруулалт”-аас үүдсэн хямралыг бий болгоно хэмээжээ.

Асуудлын гол нь инфляци үүсгэх банкны зээлийг хадгаламж байдлаар халхавчлаад бизнесийн байгууллагуудад олгож, улмаар бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулахад хангалттай хадгаламж байгаа гэсэн итгэлийг төрүүлдэг. Эндээс, инфляцийн огцом өсөлт бизнесийг удаашруулж, байдлыг бүр ч дордуулах бөгөөд жам ёсны процессоор зах зээл ашиггүй хөрөнгө оруулалтыг зарцааж, хэрэглэгчийн эрэлтэд илүү нийцэх хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийн бүтцийг ахин бий болгоно.

Мизес өөрийн шавь Хайекийн хамтаар эдийн засгийн мөчлөгийн онолоо танилцуулж, 1920-иод онд  ажиг сэжиг аваагүй дэлхийн нийт хожим банкны хямралаар горыг нь амссан тогтвортой хөгжил цэцэглэлтийн “Шинэ эринийг” зарлан тунхаглаж байгааг хууран мэхлэлт хэмээн анхааруулж байв. 1931 онд Хайек Мизесийн хувийн сургалтанд сууж байсан шавь Лионэл Роббинсын урилгаар Лондонгийн эдийн засгийн сургуульд багшлахаар болж, Английн эдийн засагчдын залуу үеийн төлөөллийг өөрийн үзэл бодолд урвуулж чадсан юм. Кэмбриджэд Жон Мэйнард Кэйнс болон түүний шавь нарын сургалттай байнга зөрчилдөх болсон Хайек Кэйнсийн Мөнгөний тухай сургаалыг няцаасан авч тэрхүү тулаанд ялагдаж, шавь нарынх нь дийлэнх 1936 онд Кэйнсийн Ерөнхий онол хэвлэгдэн гарсны дараа эдийн засгийн ертөнцийг байлдан дагуулсан Кэйнсийн хувьсгалын давалгаанд хамагдан хаяж оджээ.

Мизес-Хайекийн болон Кэйнсийн бизнесийн мөчлөгийн талаарх бодлогын зөвлөмж эрс эсрэгцэж байсан билээ. Огцом өсөлтийн жилүүдэд Мизес бүх банкны зээл болон мөнгөний тэлэлтэд удалгүй төгсгөл ирэхийг хэлж, хямралын үеэр эдийн засгийн уналтаас аль болох түргэн сэхэл авахын тулд “зөнд нь орхи” зарчмыг хатуу баримтлахыг зөвлөж байв.

Гэвч үүгээр зогссонгүй, Мизес төр зах зээлд хөндлөнгөөс оролцох хамгийн таагүй хэлбэр нь үнэ болон цалингийн хэмжээг тогтоож, улмаар ажилгүйдлийг гааруулах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд төрийн зардлыг өсгөх арга хэмжээ болохыг анхааруулж байв. Мизесийн хувьд хямралын шалтгаан нь хадгаламжийн хэт бага хуримтлал болон хэт өндөр хэрэглээ гэж үзэж байсан тул хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн зардлыг танах хэрэгтэй гэж байв. Нэг зүйл тодорхой байсан нь 1936 оноос Мизес дэлхий даяар чиг шугам болоод байсан макро эдийн засгийн бодлогын тухайн үеийн үзэл баримтлалын яг эсрэг зүйлсийг ярьж байлаа.

Дэлхийн I дайны дараачаас социализм-коммунизм Орос болон Европын ихэнх улсад ялалтын дуугаа хадуулж байх үед Мизес алдарт “Социалист хамтын нийгэмлэг дэх эдийн засгийн тооцоолол” (1920) нийтлэлээ хэвлүүлж, социалист төлөвлөгөөгөөр орчин үеийн эдийн засгийн тогтолцоог төлөвлөх боломжгүй, түүнчлэн жинхэнэ үнэ болон зардлын систем өөрөө өмчийн солилцоонд тулгуурладаг учир зохиомол “зах зээл” бий болгох гэсэн ямар ч оролдлого эцэстээ бүтэлгүйтнэ хэмээн бичиж байжээ.

Мизес энэ нийтлэлээ 1922 онд хэвлүүлсэн, философи болон социологийн цогц бүтээл, мөн өнөөг хүртэл социолизмыг шийдвэртэй няцаасан хамгийн үндэслэлтэй бөгөөд нөлөө бүхий бүтээлд тооцогдсоор байгаа эдийн засгийн шүүмж бүхий Социализм бүтээлдээ багтаасан байдаг. Мизесийн Социализм олон ирээдүйтэй эдийн засагчид болон нийгмийн ухаан философичид, тэр дундаа Хайек, Германы Вилхэлм Рөпкэ, Английн эдийн засагч Лионэл Роббинс нарыг социалист үзлээс нь салгасан юм.

АНУ-д Социализм 1936 онд англи хэлнээ хөрвүүлэгдэн гарсан нь  Нью Иорк Таймс сонинд шүүмж бичсэн эдийн засгийн ирээдүйтэй сэтгүүлч Хэнри Хазлитын анхаарлыг татаж, тухайн үеийн Америкийн хамгийн алдартай коммунист Ж.Б.Мэттьюсийг хүртэл өөрийн талд урвуулж, социализмын бүх хэлбэрийг тууштай эсэргүүцэгч болгон хувиргасан байна.

Европ болон АНУ даяар социалистууд арван таван жилийн туршид социалист дэглэм дор эдийн засгийн тооцооллын асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд толгойгоо гашилгасаар эцэст нь 1936 онд Польшийн эдийн засагч Оскар Ланжийн “зах зээлийн социализм”-ын аргыг асуудлын шийдэл болно хэмээн тунхаглаж байлаа. Ланж Польшийн коммунизмыг төлөвлөхөд гар бие оролцохоор Дэлхийн II дайны дараа нутагтаа эргэн иржээ. 1989 онд Польш төдийгүй бусад коммунист орнуудад социалитс төлөвлөгөө нуран унахад Ланжийн “шийдэл”-ийг хэрэгжүүлж асан зүүний эдийн засагчид ичгэвтэр байдалд орсон нь дамжиггүй.

Робэрт Хэйлбронэр тэргүүтэй зарим нэртэй социалистууд нийтэд нэр төртэйгөөр “Мизесийн зөв байжээ” (энэ үг 1990 онд Нью Орлеанд болсон Өмнөдийн эдийн засгийн нийгэмлэгийн хурал дээр уриа болон хадагдаж байжээ) хэмээн улайж байсан гэдэг.

Хэрэв социализм эдийн засгийн сүйрэл юм бол, төрийн оролцоо ч ялгаагүй явцгүй гэдэг нь тодорхой бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь социализмд хөтөлж байгаагаас ялгаагүй. Мизес эдгээр санаагаа улам баяжуулж Төрийн оролцоог шүүмжлэхүй (1929) бүтээлдээ тусгасан бөгөөд зөнд нь орхих улстөрийн философийн үзэл бодлоо Либерализм (1927)-д тодорхой тайлбарласан байдаг.

ХХ зууны улстөрийн чиг хандлагын эсрэг сөрөн зогсохын сацуу Мизес эдийн засгийн ухаан болон бусад салбар дахь хор уршигтай философийн болон арга зүйн чиг хандлагын уран цэцэн, бадрангуй хоосон үгстэй чадахаараа тэмцэж байжээ. Үүнд материалист ба идеалист аливаа сургаал онолын хувьд үнэн байх боломжгүй гэдэг позитивизм, харилцан шүтэлцэх үзэл буюу релативизм, түүхчлэх үзэл, аливаа үндэстэн болон хүйстэн бүр өөрсдийн “логик”-той байдаг тул бусад бүлгүүдтэй харилцаж чаддаггүй гэх полилогизм, мөн бүх хэлбэрийн иррационализм болон объектив үнэнийг үгүйсгэсэн санаа багтаж байв. Мизес эдийн засгийн онолын зөв аргачлал гэж үзсэн нэгэн аргачлалыг боловсруулсан нь “праксиологи” хэмээн нэрлэсэн хүний тодорхой үйлдэлд логик дүгнэлт хийх арга ажээ.

1940 онд АНУ-д цагаачилсныхаа дараа англи хэл дээр туурвисан анхны хоёр ном нь нэлээд амжилт олсон, нөлөө бүхий бүтээл болжээ. Бүхнийг чадагч төр (1944) бол фашизм болон нацизм нь томоохон бизнесүүд болон “капиталист анги”-ийнхны дэмжлэгээр бий болсон гэх тухайн үед газар авсан нийтлэг үзлийг халж чадсан бүтээл болжээ. 1944 онд хэвлэгдсэн Хүнд суртал нь төрийн үйл ажиллагаа яагаад “хүнд сурталтай” байх ёстой болдог тухай, мөн үүнээс үүдэх бүх бэрхшээлд дүн шинжилгээ хийсэн өнөөг хүртэл давах бүтээл гараагүй харьцуулшгүй сайн судалгаа болжээ.

Мизесийн хамгийн сод бүтээл бол Дэлхийн I дайнаас хойш бичигдсэн эдийн засгийн онолын тухай анхны бүрэн хэмжээний сургаал болсон Хүний үйл ажиллагаа (1949) юм. Уг бүтээлдээ Мизес аргачлал, судалгаагаа шинэ түвшинд гаргаж, өөрийн индукцийн, “праксиологийн” аргачлалаар эдийн засгийн онолын нэгдсэн хийгээд асар том бүтцийг боловсруулжээ. Эдийн засагчид хийгээд төр засгийнхан тэр аяараа стэйтизм болон Кэйнсийн инфляцид “живсэн” тэр үед, Хүний үйл ажиллагаа бүтээл гарсан учир мэргэжилтнүүдийн ширээний ном болж чадаагүй билээ. Эцэст нь, 1957 онд Мизесийн сүүлчийн томоохон бүтээл болох Марксизм болон түүхчлэх үзэлд няцаалт өгсөн Онол ба түүх нь эдийн засаг дахь онол болон түүхийн үндсэн ялгаа болон үүрэг ролийг тайлбарласны дээр хүний үйл ажиллагааны олон зарчмыг хөндсөн байна.

АНУ-д төрөлх Австритай адил Мизес их сургуульд орон тооны багш болж чадаагүй юм. 1945 оноос 1969 онд тэтгэвэрт гарах хүртлээ хичээл заасан Нью Иоркийн Их сургууль түүнийг зөвхөн Зочин багшийн хувиар ажиллуулж, харин цалинг нь консерватив-либертари чиглэлийн Виллиам Волкэрийн сангаас 1962 он хүртэл, түүнээс хойш чөлөөт зах зээлийг дэмжих сан болон бизнес эрхлэгчдийн бүлгэмээс дааж байжээ. Хэдий нөхцөл байдал таагүй байсан ч, Мизес олон тооны сурагч, дэмжигчдийн хүрээлэлтэй болж, тэднийг тэтгэлэг авахад нь тусалж, өөрийн гайхалтай бүтээлч байдлаа алдахгүй байсан юм.

Мизес чөлөөт зах зээл болон либертари үзлийг дэмжигчидтэй хамтран ажиллаж байв. 1946 онд байгуулагдсан цагаас нь насан эцэслэх хүртлээ Мизес Нью Иоркийн Ирвингтон-он-Хадсонд байрлах Эдийн засгийн боловсролын сан (FEE)-ийн гишүүн бөгөөд хагас өдрөөр ажилладаг ажилтан нь байжээ. Түүнчлэн 1950-иад онд тэрээр Үндэсний үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн “зөнд нь орхи” зарчмыг дагагч, харамсалтай нь хожим стэйтизм рүү халтирсан жигүүрийнхэнд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Чөлөөт худалдааг дэмжигч бөгөөд Кобдэн, Брайт болон Спэнсэр нарын сонгодог либерал үзлийг баримтлагч Мизес бээр хувь хүний төдийгүй эдийн засгийн асуудал дахь учир шалтгаан хийгээд хувь хүний эрх чөлөөг онцолсон жинхэнэ либертари үзэлтэн байсан юм. Рационал сэтгэлгээтэй, бүх хэлбэрийн стэйтизмийг эсэргүүцэгч тэрээр өөрийгөө хэзээ ч “консерватив” хэмээн нэрлэхгүй, харин XIX зууны ойлголтоор “либерал” гэх байсан буй за.

Үнэн хэрэгтээ, Мизес улстөрийн хувьд “зөнд нь орхи” зарчмыг тууштай баримтлагч бөгөөд тариф, цагаачлалын хязгаарлалт, ёс суртахууныг хэрэгжүүлэх төрийн оролдлогыг эсэргүүцдэг нэгэн байсан. Нөгөө талаар, тэр эгалитаризмыг буруушааж, улстөр дэх феминизмийг социализмын халхавч хэмээн хүчтэй эсэргүүцэж байсан соёлын болон социологийн асуудлаар консерватив үзэлтэй байсан.

Мизес өөрийн танин мэдэхүйн онол болон улстөрийн үзэл бодлоороо танигдаагүй байсныг авч үзсэн ч тэр, түүний үзүүлсэн нөлөөг гайхалтай гэж хэлж болно. 1920-иод оны шавь нар нь, хэдий зарим нь хожим Кэйнсч болсон ч Мизесийн ил харагдах нөлөөнд бүрэн автсан байлаа. Хайек, Роббинс нараас гадна түүний шавь нарын тоонд Фриц Мэчлап, Готтфрэйд фон Хабэрлэр, Оскар Моргэнстэрн, Алфрэд Шуцц, Хью Гайцкэлл, Ховард С.Эллис, Жон Ван Сикл, Эрик Воегэлин нарыг нэрлэж болно.

Францад энэ улсыг социализмаас холдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Генерал Шарль дө Голийн гол эдийн засгийн болон мөнгөний бодлогын зөвлөх нь Мизесийн эртний анд, түүнийг бишрэн шүтэгч байжээ. Дэлхийн II дайны дараах Италийн социализмаас ардчилал руу шилжсэн шилжилтэд гарамгай эдийн засагч бөгөөд Мизесийн хуучны анд, чөлөөт зах зээлийг дэмжигч Ерөнхийлөгч Лүиги Эйнаудигийн гавьяа зүтгэл их юм. ХАрин АНУ-д, Мизесийн нөлөө анхандаа сул байлаа. Хэдий боловсролын байгууллагад ажилласан байдал нь төдий л таатай нөхцөл бололцоог түүнд олгоогүй авч, сурагч, дэмжигчдийнх нь дунд Хэнри Хазлитт, Лоурэнс Фэртиг, Пэрси Грийвэс, Бага Бэттина Грийвэс, Ханс Ф.Сэннхолц, Виллиам Х.Пэтэрсон, Лүи М.Спадаро, Израил М.Кирзнэр, Ральф Райко, Жорж Рэйсман, мөн Мөррэй Н.Ротбард нар багтаж байлаа. Гэсэн хэдий ч Мизес бизнес эрхлэгчид болон боловсролын бус салбарынхны дунд маш хүчтэй бөгөөд үнэнч дэмжигчидтэй болсон байсан ба түүний Хүний үйл ажиллагаа анх хэвлэгдсэн цагаасаа өнөөг хүртэл борлуулалт сайтай байсаар байна.

1973 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 92 насандаа Нью Иорк хотод таалал төгссөнөөс нь хойш Мизесийн онол болон нөлөө сэргэн мандалтын үетэй адил гайхалтай хүчтэй түгсэн билээ. Удаах жил нь Хайек Мизесийн мөчлөгийн онолыг улам боловсронгуй болгож Нобелын шагнал авч, АНУ-д  Австрийн сургуулийн олон тооны бага хурлууд анх удаагаа зохиогдсон байна. Мизесийн бүтээлүүд ахин хэвлэгдэж, нийтлэлүүд нь орчуулагдан түгсээр байна. Түүнчлэн Австрийн эдийн засгийн сургалт, хөтөлбөрүүд улс даяар явагдаж байна.

Мизесийн онолыг сэргээж, Мизесийн сургаалыг нийтэд түгээх үйлсэд оройлогч нь 1982 онд Алабама мужийн Обурнд Бага Лэвэллин Роквэлийн үүсгэн байгуулсан Людвиг фон Мизес Инститүт байсаар ирсэн юм. Мизес Инститүт эрдэм шинжилгээний сэтгүүл болон ном товхимол гаргаж, анхан, дунд болон гүнзгий түвшний Австрийн эдийн засгийн хичээл зааж олон багш, сурагчидтай болжээ. Социализм нуран унаж, чөлөөт зах зээл анхаарлын төвд орсон нь эдүгээ бидний үйл ажиллагааг нийтэд түгэхэд чухал хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.

 

Гол бүтээлүүдийн жагсаалт:

  • Мөнгө ба зээлийн онол
  • Социализм
  • Төрийн оролцоог шүүмжлэхүй
  • Либерализм
  • Бүхнийг чадагч төр
  • Хүнд суртал
  • Хүний үйл ажиллагаа
  • Онол ба түүх

Leave a Reply