Нэгдүгээр хичээл: Эдийн засагч шиг сэтгэх

dieaustrians

Энэ хичээлээр та юу судлах вэ?

  • “Эдийн засагч шиг сэтгэх” хэрэгтэйн учир
  • Эдийн засгийн ухааныг тайлбарлахад хэрэг болох асуултууд
  • Хүн бүр эдийн засгийн талаар суурь ойлголт авах нь ямар ач холбогдолтой болох

Эдийн засагч шиг сэтгэх

Энэ ном бол дэлхий ертөнцийг огт өөр өнцгөөс харахад туслах гарын авлага юм. Энд өгүүлэх хичээлүүдийг судлан, мэргэшсний дараа та үүнийг судлаагүй өөрийн мэргэжил нэгтнийхээ олж хараагүй өнцгөөс аливаа болж буй үйл явдлыг харах чадвартай болно. Тэдний анзаарч хараагүй зүйлсийг ажиглаж чадна. Эдийн засагч шиг сэтгэх чадварыг эзэмших нь таны мэдлэг боловсролын салшгүй чухал хэсэг гэж хэлж болно. Эдийн засгийн тухай цэгцтэй ойлголт таныг дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөн хөгжиж буйг ойлгож мэдрэх чухал түлхүүр байна.

Улс төрийн үзэл бодол, ажил мэргэжил, тэр бүү хэл өрхийн санхүүгийн асуудалтай холбоотой аливаа асуудлыг ухаалгаар шийдэж сурахын тулд дэлхий дахины асуудлыг судлах олон чухал зарчим, санааг боловсруулсан хүн төрөлхтний түүхэн дэх бүтээлч хийгээд няхуур нямбай сэтгэгчдээс суралцах нь зүйтэй. Зарчим (буюу субьект) бүр бидний өмнө түүхийг өөр өөрийн өнцгөөс дэлгэн харуулсан байгаа. Цогц мэдлэгтэй болохын тулд, суралцагч салбар тус бүрд гарсан хамгийн чухал нээлтүүдийн заримтай зайлшгүй танилцсан байх шаардлагатай. Эдийн засгийн ухааны салбар ч өөрөө дэлхий дахины аливаа асуудлыг судлан танихад үнэтэй хувь нэмэр оруулахаа батлан харуулсан билээ. Тал бүрийн мэдлэгтэй залуу хүн алгебр, Дантэ, фотосинтезийг судлаад зогсохгүй үнэ яагаад өсдгийг тайлбарлах чадвартай байх хэрэгтэй шүү дээ.

Таны судлах сэдэв бүрд тодорхой шалтгаанаар чухал гэж үзсэн мэдлэг, ойлголтоос гадна өдөр тутмын амьдралд тань хэрэг болохуйц арга, ажиллагааг багтаасан болно. Тухайлбал, суралцагч бүр гариг эрхсийн тухай ойлголт авахаар одон орны талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой ч тэрхүү тодорхой мэдлэг нь газрын бараа үзэгдэхгүй задгай далайд төөрсөн далайчинд чиг баримжаа авахад гэхчлэн амьдралд тохиох ямарваа нэг асуудалд ч тус болж мэднэ шүү дээ. Математик дээр өөр жишээ авъя. Дээд тоо судлах нь догь харагдах гэсэн нэгэнд сонирхолтой байж болох ч арифметикийн энгийн үйлдлүүд нийгэмд хөлөө олоход нь хүн бүрд зайлшгүй хэрэгтэй байдагтай л адил юм.

Үүнтэй адил чанар эдийн засгийн мэдлэгт агуулагдаж байгааг та ойлгох болно. Товчхоор хэлэхэд, эртний Ром, Зөвлөлт Холбоот Улс эсхүл Идахогийн Буасэ хотын үзэсгэлэн яармаг дээр аль нь ч байлаа аливаа эдийн засгийн үйл ажиллагааг тайлбарлах “хууль”, зарчмууд байгааг мэдэх нь өөрөө тун гайхалтай. Үүгээр зогсохгүй эдийн засаг таны өдөр тутмын амьдралд хөтөч болсоор байх болно. Эдийн засгийн тухай мэдлэг таныг баян болгохгүй байж болох ч, энэ номонд өгүүлсэн хичээлийг судлаагүй цагт ядуу хэвээр байна гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

Эдийн засагчид дэлхий ертөнцийг их сонин өнцгөөс хардаг улс. Паркийн галзуу хулганад суухаар дугаарлан зогсох хүмүүсийг төсөөлөөд үз. Энэ байдлыг харсан биологич өөрийнх нь ээлж ирэх үед хүмүүс хөлөрч, догдолж эхлэхийг ажиглах байх. Физикч магадгүй эхний нугачаа хамгийн өндөр байгааг анзаарна. Социологич бол хүлээж буй хүмүүсийг ястан ястнаар нь ялган харах байх. Харин эдийн засагч эхний бөгөөд сүүлчийн бүхээгт дугаарлан зогсох хүмүүс олон байгааг ажиглаж, энэ нь хүмүүс хүлээх дургүйгээс гадна хамгийн ард эсхүл урд суухыг илүүд үзэж байгаагаас болж байгааг хэлэх байх.

Эдийн засгийн өнцгөөс харах нь бүх нөхцөл байдалд хэрэгтэй байхгүй нь мэдээж. Хөл бөмөбөгийн талбай эсхүл бүжгийн талбайд энэ номноос сурсан зүйл тус болохгүй л болов уу. Гэвч таны амьдралд тулгарах олон чухал нөхцөл байдалд, шийдвэр гаргах мөч тохиоход таны эдийн засгийн тухай оновчтой мэдлэг олон талаар үр өгөөжөө өгөх болно. Хүн болгон эдийн засагч болох албагүй ч эдийн засагч шиг сэтгэж сурах нь тун чухал.

 

Эдийн засаг шинжлэх ухаан мөн үү?

 

Энэ номонд, бид эдийн засгийн ухааныг хими, биологитой л адил бие даасан шинжлэх ухааны салбар гэдэг талаас нь авч үзсэн. Хичээлүүдийг судлахдаа ч шинжлэх ухаанчаар хандаж, дүн шинжилгээндээ аливаа үндэстний эсхүл соёлын таамгаас үл хамаарах обьектив арга хэрэгслийг ашиглах болно. Эдийн засгийн зарчим буюу хуулиуд нь тухайн эдийн засагч Бүгд найрамдах намынх эсхүл коммунист гэдгээс, түүнчлэн Шинэ Зеландад эсхүл Сомалид амьдардаг эсэхээс үл хамаарч бүгд ижил юм шүү дээ.

Анхааруулга! Бид эдийн засгийг шинжлэх ухаан гэж авч үзнэ гэхдээ бөөмсийн хурдасгуурт атомыг хуваагаад үр дүнг судлах гэж байгаа цөмийн физикч шиг эдийн засгийн хуулийг турших туршилт явуулна гэж андууруузай. Эдийн засаг тэргүүтэй нийгмийн ухааны салбар болон физик зэрэг байгалийн шинжлэх ухааны хооронд нэлээдгүй ялгаа байдаг. Бид үүнийг Хоёрдугаар хичээлд илүү дэлгэрэнгүй тайлбарлах тул, эргээд оюун ухаанаараа эргэцүүлэн бодоод илрүүлж болох эдийн засгийн үндсэн зарчмуудад анхаарлаа хандуулахыг хүсье. Зүгээр л гадаа гараад эдийн засгийн хууль хэрхэн ажилладгийг турших нь өөрөө шугам бариад геометрийн хичээл дээр үзсэн зүйлээ бататгаж үзэх гэсэнтэй агаар нэг утгагүй асуудал. Энэ номноос сурах хичээлийн үр дүнг цаг хугацаа л харуулна – тэгэхээр туршилтаар илрүүлсэн шинэхэн нээлт ирээдүйг алга урвуулахын хооронд орвонгоор нь эргүүлчихнэ гэж айх явдалгүй. Бодит байдал дээр мэргэжлийн эдийн засагчид янз бүрийн л таамаг гаргадаг ч буруудсан эсэхийг цаг хугацаа харуулаад өгдөг. Гэвч эдийн засгийн онолын үндсэн суурь – энэ номонд багтсан аливаа хууль болон ойлголтууд – нь туршин тогтоох аргагүй, нэг ёсондоо зүгээр л ертөнцийг үзэх нэг л арга гэж хэлж болно.

Хэдийгээр эдийн засгийн ухааныг байгалийн шинжлэх ухаантай адилтган будлих явдал байдаг ч бид эдийн засгийн ухааны обьектив хуулиуд ямар бодитой зүйл болохыг онцлохын тулд шинжлэх ухаан гэх нэр томьёог хэрэглэхийг хүсч байна. Улстөрчид мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн сургаалыг үл ойшоосноор ямар их гамшиг дагуулж болохыг төсөөлөхийн тулд НАСА физикийн хуулийг огт хэрэглэхгүй бол яах бол гээд бодоод үзэхэд л нүдэнд харагдах биз ээ.

Эдийн засгийн ухааны цар хүрээ хийгээд хил хязгаар

 

Хүмүүсийн дунд “Эдийн засаг бол мөнгийг судалдаг ухаан” гэх буруу ойлголт түгээмэл байдаг. Мэдээж хэрэг эдийн засагт мөнгөний тухай яригдах нь тодорхой, бас эдийн засгийн үндсэн зорилгын нэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх төрөл бүрийн бараа, үйлчилгээний зах зээлд арилжигдах ялгаатай үнийг тайлбарлах байдаг нь ч үнэн.

Энэ ташаа ойлголтод хариу өгөхөд, эдийн засаг зөвхөн мөнгийг судлахаас хавьгүй өргөн хүрээг хамарна. Хамгийн өргөн хүрээгээр авч үзвэл, эдийн засгийг солилцоог судлах ухаан ч гэж тодорхойлж болно. Үүнд ердийн зах зээлийн орчинд явагдах худалдагч бодит зүйл өгч эсхүл үйлчилгээ үзүүлж, оронд нь худалдан авагчаас мөнгөн авах гээд бүх хэлбэрийн солилцоо багтана. Гэхдээ эдийн засагт бас огт мөнгө ашиглахгүйгээр бараа, үйлчилгээг хооронд нь шууд солилцох бартерын тохиолдлуудыг ч судална.

Бүр цаашлаад, эдийн засаг ганц бие, бусдаас тусгаарлагдсан хүн өөрийн нөхцөл байдлыг сайжруулах гэж ямар арга хэмжээ авч буй тохиолдлыг ч судалсан байна. Үүнийг бид ихэнхдээ хөлөг онгоц нь сүйрэхэд, эзгүй арал дээр хоцорсон Робинзон Крузогийн зохиолын баатрын нэрээр “Крузогийн эдийн засаг” хэмээн нэрлэдэг (4-р хичээл). Эндээс тусгаарлагдсан хүн хүртэл “эдийн засгийн хувьд” үр ашигтай байх сонголтуудыг хийж байдаг нь орчноо илүү тухтай, тааламжтай болгохын тулд түүнтэй өөрийн статус кво-г солилцож байгаагаас харж болно.

Солилцооны бүх л жишээнд нэг нийтлэг асуудал тулгардаг нь хомсдлын тухай ойлголт юм. Хомсдлыг хязгаарлагдмал нөөц болон хязгааргүй хүсэлтэй холбон товч тайлбарласан байдаг. Билл Гэйтс хүртэл өгөө-аваатай тулгардаг, түүнд хүссэн болгоноо гүйцэлдүүлэх боломж байхгүй шүү дээ. Хэрэв тэр эхнэртэйгээ тансаг ресторанд орох гэж байгаа бол бусад сонголтуудаа багасгаж, ирээдүйд бусад зүйлсийг худалдан авах боломжоо үгүй хийж байна гэсэн үг. Бид энэ нөхцөл байдлыг “Бил Гэйтсийн нөөц хязгаартай тул тэр энэ нөөцөө арвилан хэмнэх шаардлагатай” хэмээн дүрсэлж болох юм.

Хомсдлоос үүдэн хүмүүсийн ярьдагчлан “эдийн засгийн асуудал”-ууд үүсдэг. Нийгэмийг аваад үзэхэд, бид хязгаарлагдмал нөөцөө ашиглан ямар бараа, үйлчилгээг  үйлдвэрлэх хэрэгтэйг хэрхэн шийдэх вэ? Тавдугаар хичээлд хувийн өмчит байгууллагууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдгийг тайлбарласан байгаа. Асуудал үүсэхэд юун түрүүнд анхаарах зүйл нь хомсдол хэвээр л байдаг.

Анхаар! Эдийн засаг зөвхөн материаллаг эд баялаг эсхүл мөнгө олохыг хүссэн “төгс рациональ эдийн засагч хүн”-ийг судалдаггүй болно. Энэ бол эдийн засгийн талаарх бас нэгэн ташаа ойлголт. Харамсалтай нь, олон эдийн засагчид туйлын хувиа хичээсэн, зөвхөн шаардлагатай үед л энэрэнгүй зангаа гаргах зохиомол хүмүүсээр дүүрсэн эдийн засгийн загварыг гаргасан байдаг учир энэ ойлголт хэвшсэнд буруу өгөх зүйлгүй. Харин энэ номонд тэрхүү онолуудаас огт дурдаагүй болно. Энд багтсан хичээлүүд хорголоо тоолсон харамч хүмүүсийн тухай биш, Тереза эх, Доналд Трампад хүртэл хамаатай хуулиудын тухай өгүүлнэ.

Уг номонд заасан эдийн засгийн ухаан ажилчдад өндөр цалин амлаж буй ажлыг хийх, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн санхүүгийн асуудлыг л анхаарах тухай өрөөсгөл зөвлөгөөө өгөхгүй. Дараа дараагийн хичээлүүдэд эдгээр санаа илүү тодорхой болох ч, удаах бүлгүүдэд ямар ч “төгс рациональ эдийн засагч”-ийн тухай өгүүлэхгүй, зөвхөн хомсдолтой нүүр тулгардаг бодит хүмүүсийн сонголтыг тайлбарлах тэрхүү зарчмуудыг л авч үзэхийг сануулах нь зүйтэй. Хүмүүсийн хүсэл хязгаарлагдмал нөөцөөр хязгаарлагдаж байгааг тэдгээр зарчмууд харуулах авч эдгээр зарчим басхүү янз бүрийн хүсэлтэй хүмүүст үйлчлэх боломжтой ажээ.

 

 

Бодит хүмүүсийн эдийн засаг

 

Эдийн засагт бодит хүмүүсийн бодит үйл ажиллагааг судалдаг. Эдийн засгийн хуулиуд нь өв тэгш эсхүл төгс хүмүүс, тэр бүү хэл гайхамшигтай рациональ эдийн засагч хүний хуурмаг дүр, мөн дундаж хүний статистик ойлголт алийг нь ч авч үзэхгүй… Хорвоо дээр аж төрж, ажиллаж буй өөрийн гэсэн дутагдалтай, дутагдах гачигдах зүйлтэй хүн бол эдийн засгийн судлах зүйл.

—Людвиг фон Мизес, Хүний үйл ажиллагаа

(Обурн, Алабама.: Людвиг фон Мизес Инститүт, 1998), хх. 646–47

 

 

 

Эдийн засаг нь хүмүүс хэрхэн солилцоо хийж буй судалж, тайлбарлахыг зорьдог. Хөлөг нь живсэн далайчин саваа болон чулууг гал ноцоохоор “солилцох”-ыг хүсэх бол, шашны элч өөрийн зав зайгаа оршин суугчид нь урьд өмнө Библитэй танилцаагүй алс бөглүү ширэнгэн ой руу хүнд бэрх аяллаар “солилцоно”. Солилцооны онолд брокер 100 ширхэг хувьцааг 2000 ам.доллараар арилжих тухай танил болсон нийтлэг жишээнээс гадна дээрхтэй адил тохиолдлуудыг ч авч үздэг.

 

Эдийн засгийг судлах хэрэгтэйн учир

 

Эдийн засгийг судлах нэг шалтгаан нь ердөө сонирхолтой болохоор тэр. Та хэсэгхэн зуурт орчин үеийн эдийн засагт өдөр тутам юу тохиолдож байгааг бодоод үз, та бүр гайхширч хоцрох вий. Манхэттэн хотыг жишээ авахад, түм түжигнэж бум бужигнасан энэ бяцхан арлын хотын газар нутаг ердөө 23 шоо бээр хүрэхтэй үгүйтэй. Мэдээж хэрэг уг арал дээр энэ олон хүнийг тэжээхүйц хангалттай хүнс үйлдвэрлэдэггүй. Анхандаа зарим уншигч ингэж хэлсэнд гайхаж магадгүй юм – дэлхийн хамгийн тансаг ресторанууд Манхэттэнд байгаа шүү дээ гэж бодож болох юм. Гэвч эдгээр дээд зэргийн ресторанууд маш үнэтэй хоол бэлтгэх түүхий эд материалаар хангах нийлүүлэгч нараас шууд хамааралтай байдаг. Хэрэв энэ арлыг зөвхөн агаар нэвтрэх жижиг нүхнүүдтэй хуванцар бөмбөлгөөр битүү ороон авч бүслэлээ гэхэд хоёрхон сарын дотор хүн ам нь өлсгөлөнгөөр нас барж дуусна.

 

Ямар ч хуванцар бөмбөлгөөр худалдаа арилжааг хааж боогоогүй бодит ертөнц дээр хөдөө аж ахуй бүтээгдэхүүн, боловсруулсан хий тэргүүтэй олон эд бараа өдөр тутам Манхэттэн руу хөвөрч, арлын оршин суугчдыг амь зогооход туслаад зогсохгүй амьдралын таашаалыг мэдрүүлж байдаг. Манхэттэний бяцхан арал дээрх ажилчид хөлс хүчээ шавхан бараа материалыг энэ ертөнц дээр байхгүй өндөр үнэтэй бараа, үйлчилгээ болгон хувиргаж байдаг нь Манхэттэнд “үйлдвэрлэсэн” үнэтэй хувцас, гоёл чимэглэл, санхүүгийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө, Брөүдвэйн жүжиг зэрэг болно. Энэ бүх процессын нарийн түвэгтэй бүтэц, дарааллыг аваад үзэхээр үйл ажиллагаа ямар амар хялбар, өө сэвгүй явагдаж байгааг эрхгүй гайхна. Энэ номд багтсан хичээлүүд зах зээлийн эдийн засаг хэрхэн энэ амжилтыг бий болгосон талаар зарим ойлголтыг танд өгөх болно.

 

Эдийн засгийг судлах бас нэгэн шалтгаан нь энэ танд өөрийн хувийн амьдрал болон ажил мэргэжлийн чухал шийдвэрүүдийг оновчтой гаргахад тань туслах болно. Мэдээж хэрэг энд багтсан хичээлүүд таныг баян болгочихгүй. Гэхдээ танд өөрийн зорилгод хүрэхэд туслах төлөвлөгөөндөө дүн шинжилгээ хийхэд туслах мэдлэг, ойлголтыг өгнө. Нэг жишээ авахад, та зөвхөн геометр сурлаа гээд мэргэжлийн инженер болж, дөрвөн эгнээ бүхий том гүүр барьж чадахгүй шүү дээ. Үүнтэй адил хэн ч геометрийн ойлголтгүй хүний барьсан гүүрэн дээгүүр гарахыг хүсэхгүй.

 

Таны амьдралд хэрэгтэй гэдгээсээ гадна маш идэвхтэй төр засгийн нөлөөнд бүрэн автсан нийгэмд амьдарч байгаа цагт эдийн засаг бол туйлын чухал сэдэв яах аргагүй мөн. Шинжлэх ухааны бусад зарчмуудаас ялгаатай нь эдийн засгийн үндсэн чухал элементүүдийг нийгмийг хадгалж хамгаалахын тулд аль болох олон хүн мэдэж, судалсан байх хэрэгтэй. Гудамжинд таарах эр квантын механикийг бүхэлдээ худал хуурмаг гэж бодохыг үл тоон физикчид ердийн нэг Жоны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй судалгаагаа үргэлжлүүлсээр л байна. Гэтэл ихэнх хүмүүс цалингийн доод хэмжээг хуулиар зааж өгөх нь ядууст тустай гэж бодох эсхүл бодлогын хүү бага байх нь эдийн засгийн хямралыг намжаана гэж итгэж байгаа цагт эдийн засагчид эдгээр бодлого нийгэмд ямар хор хохирол учруулахыг мянга анхааруулаад нэмэр байна гэж үү.

 

Ийм л шалтгаанаар, залуучууд эдийн засгийн ухааны суурь ойлголттой болох хэрэгтэй юм шүү дээ. Энэ номонд өгүүлэх хичээлүүд танд чиг өгнө.

 

 

 

Хичээлийн хураангуй •••

 

  • Энэ ном таньд хэрхэн эдийн засагч шиг сэтгэхэд сургана. Хими, биологи гээд ялгаатай салбарууд орчлон ертөнцийн талаар таньд мөн л ялгаатай ойлголт өгнө. Тэдгээрийн зарим нь тодорхой нөхцөл байдалд бусдаас илүү ач тустай байна. Харин эдийн засаг бол тун өвөрмөц салбар буюу шинжлэх ухаан. Энэ танд нийгэм хэрхэн бүрэлдэн оршиж байгаа талаа тун чиг хэрэгтэй ойлголт өгнө.

 

  • Эдийн засагт солилцоог судалдаг. Орчин үеийн эдийн засгийн ухаанд ихэнх солилцоог мөнгөөр хийж байна, гэввч эдийн засгийн зарчим бүх хэлбэрийн солилцоонд хамаарна.

 

  • Иргэн бүр эдийн засгийн суурь мэдлэгтэй байх хэрэгтэй, ингэснээр энэ номонд заах хичээлийг хайхраагүй төр засгийн хор уршигтай бодлогуудын талаар ойлголттой болоход туслана.

 

 

 

Шинэ нэр томьёо

 

Бартер: Нэг бараа, үйлчилгээг мөнгө ашиглахгүйээр нөгөө бараа, үйлчилгээгээр шууд солилцон арилжих.

 

Хомсдол: Эрэлт нь түүнийг хангах нөөцөөс давах үед үүсэх нөхцөл байдлыг хэлэх бөгөөд хомсдол нь хүмүүсийг солилцоо хийхэд хүргэдэг нийтлэг шалтгаан юм.

 

Өгөө-аваа: Нэг сонголтыг хийснээр нөгөө сонголт боломжгүй болох (хомсдлоос үүдсэн) таагүй нөхцөл байдал.

 

Хэлэлцүүлэг

 

  1. Эдийн засгийн ухаан таныг баян болгож чадах уу?

 

  1. Эдийн засаг шинжлэх ухаан мөн үү? Яагаад?

 

  1. Хомсдол хүн бүрд нөлөөлдөг үү?

 

  1. Бүх талаар боломж бололцоо хангагдсан хүнд ч эдийн засгийн хууль үйлчилсээр байдаг уу?

 

  1. *Жирийн хүн өндөр эрчим хүч ялгаруулдаг бодисуудыг судлах нь, нэн ялангуяа энэ төрлийн судалгаанд төрөөс санхүүжилт их олгож байгаа бол хэр чухал ач холбогдолтой бол?

Leave a Reply