АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК АЙСУЙ ХЯМРАЛД БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

web

Саяхан болж өнгөрсөн Жэксон Хөүл монетари бодлогын бага хурал дээр хэлсэн үгэндээ Холбооны нөөцийн банк (ХНБ)-ны ерөнхийлөгч Жанэт Йеллэн оны эцсээр бодлогын хүүг өсгөх тухай дурджээ. Түүний бодлогын хүүг нэмэх тухай ярианд зах зээлд нааштай хариу үзүүлжээ. Энэ нэг ёсондоо гайхмаар хэрэг юм. Учир нь өнгөрсөн хэдэн жилд Йеллэн болон ХНБ-ны бусад албан тушаалтнууд бодлогын хүүг нэмэх тухай санал олонтаа гаргаж байсан ч хэлсэн ёсоор нэмж байсан тохиолдол өнгөрөгч онд үл ялиг нэмснийг эс тооцвол байхгүй.

Йеллэний бодлогын хүү нэмэх тухай саналаас хавьгүй чухал бас нэг асуудал яригдсан нь тэрээр ХНБ-ынхныг айсуй санхүүгийн хямралд бэлтгэсэн хариу арга хэмжээг боловсруулахдаа хайрцагнаас гарч сэтгэхийг уриалсан явдал. Түүний санал болгож буй хайрцагнаас гадна гэх нэг санаа нь хувийн компаниудын активыг худалдан авах замаар ХНБ-ны зах зээлд хөндлөнгөөс оролцох чадварыг нэмэгдүүлэх тухай байв. Тэрээр бас ХНБ инфляцын зорилтоо өөрчилж болох тухай дурджээ.

ХНБ-ны хувийн аж ахуй нэгжүүдийн активыг худалдан авах чадварыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө. Учир нь ХНБ энэ эрх мэдлээ дампуурч буй компаниудыг “аврах”-ад ашигласаар байх тул компаниудын активыг хэрэглэгчдийн эрэлтэд нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхэд ашиглахыг болиулна гэсэн үг.

Конгресс хийгээд холбооны зохицуулагчид ХНБ-аас активыг нь худалдан авсан компаниудыг “дампуурахад хэт том” гэж хандах тул хөрөнгө оруулагчид тийм компаниудад л хөрөнгө оруулахыг бодно. Хувийн компаниуд холбооны нөөцийн өмчлөлтэй болох нь бизнесүүдийг асуудалд эдийн засгийн бус улстөрийн үүднээс хандаж, шийдвэр гаргахад хүргэнэ.

ХНБ-ны инфляцын зорилтыг өөрчлөх тухай Йеллэний санал угтаа америкчуудыг эдийн засгийн зогсонги байдал эсхүл хямралтай нүүр тулахаар арга хэмжээ авч ядаж байхад нь инфляцын татварыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Инфляцын татвар нуугдмал, урвуу хамааралтай татвар учир татвар татварын дундаас хамгийн “хор хөнөөлтэй” татвар юм.

Мөнгөний зөөлөн бодлого болон бодлогын хүүг түүхэн доод хэмжээнд тогтоох замаар найман жил мөнгө “хэвлэн” эдийн засгийг хөөсрүүлсэн ХНБ-ны алдаа төр үзэгний үзүүрээр тогтоол гаргаад мөнгө хэвлэчихдаг (fiat money) мөнгөний системд удахгүй төгсгөл ирэхийг илтгэж байна. Йеллэний хайрцагнаас гарч сэтгэх тухай санал сүйрлийг түргэтгэхээс цаашгүй.

Тогтоолоор мөнгө хэвлэдэг систем үгүй болох нь эдийн засгийн томоохон хямралыг бий болгоод зогсохгүй халамжит-дайнч төрийг ч үгүй хийнэ. Гэхдээ Конгресс төсвийг танах оновчтой аргуудыг авч хэлэлцэхээс цааргалаад зогсохгүй ХНБ-ны ажиллагаанд аудит явуулах тухай журмыг ч батлахгүй бололтой.

ХНБ-д аудит хийх журам гарвал америк иргэд ХНБ-ны явуулж буй мөнгөний бодлогын үнэн мөн чанарыг, үүнд эдийн засгийн айсуй хямралд бэлтгэх ХНБ-ны төлөвлөгөөний талаар тун нарийвчилсан мэдээлэл авч чадна. Аудитаар ХНБ гадны төв банкуудтай ямар тохиролцоо хийсэн тухай сонирхолтой баримтуудыг ил болгоно.  

Зүүний эсхүл барууны чиг баримжаатай гэдгээс үл хамааран – авторитар дэглэмийг талархан хүлээн авдаг америкчууд олон байдаг нь масс одоогийн системд таагүй хандаж байгаагийн илрэл биш гэж үү. Эдийн засгийн нөхцөл байдал дордвол хүчирхийлэл газар авах, эрх чөлөөг боомилох явдал ихсэх ноцтой аюул заналхийлж байна. Нөгөөтэйгүүр олон нийтийн бухимдал дургүйцэл бидний хамгийн том асуудал угтаа цагаачлал, импорт эсхүл хүн амын “нэг хувь”-аас болоогүй, харин ХНБ-аас болсон гэдгийг харуулж чөлөөт зах зээлийг ойлгуулах том боломж юм.

Улстөрчид эдийн засгийн хямрал эсхүл олон нийтийн үзэл бодолд дорвитой өөрчлөлт орохоос нааш цомхон төр болон мөнгөний эрүүл бодлогыг бий болгох тухай хэзээ ч авч хэлэлцэхгүй. Халамжит-дайнч төр хийгээд тогтоолоор хэвлэдэг мөнгөний систем эцэстээ хүмүүсийн шаардлагаар үгүй болж байгааг хямрал Конгресст өөр сонголт үлдээгээгүй учир гэж дүгнэх эсэх нь зарчмын ялгаагүй юм.

Нийтэлсэн: Рон Пол

Орчуулсан: Б.Оюунчимэг

Leave a Reply