ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН МУРУЙН АСУУДАЛ

2000px-supply-and-demand-svg-copy

 

Эдийн засагчдын санал нэгддэг цөөхөн хэдхэн зүйлсийн нэг бол үнийг эрэлт, нийлүүлэлт тодорхойлдог хэмээх ойлголт юм. Харин үнэ болон тухайн барааны эрэлт нийлүүлэлтийн тоо хэмжээний хоорондын холбоог тодорхойлдог эрэлт нийлүүлэлтийн муруй үнэ тогтоогдох үйл явц хэрхэн өрнөдгийг хялбарчлан тайлбарладаг.

Эрэлт-нийлүүлэлтийн муруйн хүрээнд тухайн барааны үнэ өссөнөөр эрэлт буурч нийлүүлэлт өсдөг бол эсрэгээрээ тухайн барааны үнэ буурвал эрэлт өсөж нийлүүлэлт буурдаг гэж үздэг байна. Товчхондоо нийлүүлэлтийн хуулийг дээш чиглэлтэй налуу муруйгаар харин эрэлтийн хуулийг доош чиглэсэн налуу муруйгаар дүрсэлдэг аж.

Энэхүү хоёр муруйн огтлолцсон цэг дээр тэнцвэрт үнэ тогтдог юмсанж. Уг цэг дээр эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцүү байх бөгөөд зах зээл эрүүл, хэвийн гольдролоор ажиллаж байна гэж үздэг байна.

 

График болон бодит байдлын ялгаа

Ердийн эрэлт-нийлүүлэлтийн графикийн хүрээнд худалдан авагчид болон үйлдвэрлэгчид цаанаас өгөгдсөн үнэтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, тухайн өгөгдсөн үнээр л хэрэглэгч худалдан авах ба үйлдвэрлэгч тэр үнэд тааруулж бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн үг. Эрэлт гэдэг бол 10 ширхэг төмс гэдэг шиг яг таг тодорхой тоо бус чухамдаа үнэ нэг бүр дээр өөрчлөгдөж байх худалдан авагчийн худалдан авах төмсний тоо хэмжээний тодорхойлолт. Үүнтэй адил нийлүүлэлт гэдэг нь тодорхой тоо хэмжээ биш харин үнэ нэг бүр дээр худалдагчийн зарах боломжтой тоо хэмжээг илэрхийлсэн ойлголт. Тухайн өгөгдсөн үнээр хүмүүс тодорхой тооны барааг худалдан авах бол үйлдвэрлэгчид бараагаа нийлүүлнэ.

Ийм графикийн хүрээнд, үнэ хаанаас бий болсон талаар хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн аль алинд нь хэлэх зүйл юу ч байхгүй юм. Үнэ зүгээр л цаанаасаа тогтоогдчихдог аж. Товчхондоо хэрэглэгчид болоод үйлдвэрлэгчдийн аль аль нь цаанаасаа өгөгдсөн үнэд л нийцүүлж шийдвэр гаргадаг байна. Гэвч үнийг хэн тогтоодог юм? Үнэ гэгч хаанаас бий болдог юм бэ?

Өнөө үед зонхилж буй эдийн засгийн ухааны эрэлт нийлүүлэлтийн хууль нь бодит байдал дээрх үнэн гэхээсээ эдийн засагчдын хийсвэр төсөөллөөс л бий болсон юм. Эрэлт-нийлүүлэлтийн муруйн суурь болж өгдөг дүрс, диаграммуудын аль нь ч жинхэнэ амьдралаас ургаагүй бөгөөд ердөө зүгээр л нэг төсөөлөл билээ.

Эрэлт-нийлүүлэлтийн муруй нь тухайн хэрэглэгч сонголтоо хэзээ ч өөрчлөхгүй, мөн түүний орлого болон бусад барааны үнэ өөрчлөгдөхгүй гэсэн таамаглал дээр түшиглэдэг. Гэвч, бодит амьдрал дээр худалдан авагчийн сонголт гэдэг нь царцанги буюу нэгэн хэвийн бус бөгөөд бусад зүйлс ч хэвэндээ байх боломжгүй. Мэдээж хэн ч дээрх муруй дүрсний илэрхийлж буй санааг чанд мөрдөөд байх боломжгүй. Нэгэнтээ Мизес “Бидэнд иймэрхүү муруйнуудын талаар ямар ч мэдлэг, туршлага байхгүй гэдгийг ойлгож ухамсарлах нь чухал юм” хэмээсэн байдаг.

Хэдий тийм боловч, эдийн засагчид эдгээр үл харагдах муруйнуудын янз бүрийн онцлог шинж болон төрийн бодлоготой холбогдох зүйлс дээр л ач холбогдол өгч ширүүнээр мэтгэлцсэн хэвээр.

Эрэлт-нийлүүлэлтийн муруй нь хүний үйлдэл нь ухамсартайгаар, тодорхой зорилгын дор хийгддэг гэдгийн яг чанх эсрэг утгатай. Уг графикуудад бизнес эрхлэгчид гэж байхгүй. Харин оронд нь, үнийг тогтоодог янз бүрийн олон хүчин зүйлсээс шалтгаалж шилждэг муруй л гэж бий. Жишээлбэл нийлүүлэлт өөрчлөгдсөний улмаас эрэлтийн муруйн баруун тийш явагдаж буй шилжилт нь тухайн барааны үнийг өсгөдөг. Түүнчлэн эрэлтийн муруйгаас шалтгаалж нийлүүлэлтийн муруй зүүн тал руу шилжвэл үнэ өснө. Өөрөөр хэлбэл, эрэлт-нийлүүлэлтийн график нь хүн болоод хүний үйлдлийг бус харин янз бүрийн хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлдэг хиймэл оюун ухаан маягийн зүйлийг л авч үздэг.

Тухайн зүйлийн үнэ цаанаасаа тодорхойлогдчихдог гэх санаа нь үнэ гэдэг нь тухайн зүйлийн заяагдмал шинж чанар хэмээх ойлголтыг бий болгодог. Гэсэн хэдий ч үнэ гэдэг зүйл ерөнхий утгын хувьд огт үгүй. Тодорхой цагт, тодорхой орон зайд хийгдэж буй арилжааны явцын дунд л үнэ гэгч бий болдог юм. Людвиг Фон Мизесийн хэлснээр:

Зах зээлийн үнэ бол хоёр талаас тодорхой газар нутагт, тодорхой өдөр цагт солилцоонд орж буй тодорхой тооны барааны тоон харьцаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь түүхэн бодит явдал. Үнэ гэдэг тухайн солилцоонд тусгагдсан тусгай нөхцлүүдээс л хамаардаг буюу солилцоо хийж буй хувь хүмүүсийн хувийн үнэлэмжээр л тогтоогддог. Түүнээс бус үнийн ерөнхий бүтэц эсвэл бараа, үйлчилгээний онцгой төрөл гэх мэтийн үнийн бүтцээс бий болдоггүй. Үнийн бүтэц гэгддэг зүйл бол харин олон тооны өөр өөр бодит үнээс гарч ирсэн хийсвэр ойлголт. Зах зээлийн хувьд газрын эсхүл автомашины ерөнхий үнийг, мөн түүнчлэн цалингийн ерөнхий түвшинг ч тогтоодоггүй бөгөөд харин тодорхой хэмжээний газар, тодорхой төрлийн автомашин болон тодорхой нэг ажлын хувьд өгөгдөж буй цалингийн хэмжээг тогтоодог юм.

Хувь хүний аливаа нэгэн зүйлд өгч буй үнэ цэнэ гэдэг бол тэр хүний бодит байдлыг шүүн тунгаасны үндсэн дээр л бий болдог зүйл. Хувь хүмүүс тухайн зүйлийг өөрсдийн амьдралд хэр зэрэг хэрэгтэй болох ашиг тусаар нь л үнэлдэг. Энэ талаар Карл Мээнгэр ийнхүү бичжээ:

Үнэ цэнэ гэдэг нь аливаа юмсад угаас заяагдсан байдаг зүйл биш бөгөөд тэр тусмаа биет байдлаар оршдогзүйл бус юм. Энэ бол юмсыг өөрийнх амьдралд нь хэр зэрэг чухал ач холбогдолтой вэ гэдгээр зэрэглэж буйхувь хүний үнэлгээ. Эндээс үнэ цэнэ нь хүний оюун ухаанаас гадна оршдоггүй гэдгийг хэлж болно. Ингэхээр, тухайн хүний хувьд үнэ цэнэтэй зүйлийг “үнэ цэнэ” гэх эсхүл эдийн засагчид үнэ цэнийг бодит зүйл мэтээр авч үзэн ярих, мөн үнэ цэнийг биежүүлж материаллаг зүйл мэтээр үзэх нь ноцтой алдаа юм.

Үүнтэй яг адилаар Мизес ийнхүү бичиж байв:

Тодорхой нэгэн үнийг дангаар оршин байх биет зүйл мэтээр авч үзэх нь ямар ч утгагүй.

Арилжаа бүхэн дахин давтагдашгүй, мөн үнэ гэдэг нь тухайн арилжаа нэг бүртэй холбогддог учир нэг муу муруйгаар эдгээр арилжаа болгоныг нэгэн ижил болгох нь зүгээр л тэнэглэл юм.

 

Үнэ хэрхэн тогтдог вэ

Зонхилох чиг хандлагын яг эсрэгээр, үнэ гэдэг зүйл цаанаасаа өгөгддөггүй. Хэн нэгэн үнийг тогтоодог юм. Харин энэ хэн нэгэн гэдэг маань үйлдвэрлэгч. Тухайн үйлдвэрлэгч өөрийн зарж буй зүйлийн үнийг тогтоохдоо тухайн зарж буй барааныхаа үнийг өөртөө ашиг олох боломжтой байдлаар тавих сонирхолтой байдаг. Үнэ тогтоох явцдаа үйлдвэрлэгч хэрэглэгчид хэр их мөнгийг өөрийнх нь бараа, бүтээгдэхүүнд зарцуулах боломжтойг мөн өөрийнх нь бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүний үнэ болоод үйлдвэрлэлийн өртгөө тооцоолох шаардлагатай тулгардаг.

Хэдийгээр үйлдвэрлэгчид үнийг тогтоодог боловч хэрэглэгчид худалдан авах эсэхээ шийддэг учраас хэрэглэгчид тухайн тогтоогдсон үнэ нь ашигтай байх эсэхийг шийддэг эцсийн шийдвэр гаргагчид юм. Ийм учраас үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдээс хараат байдалтай байдаг болж таарлаа. Хэрэв хангалттай олон хүн тухайн барааг худалдан авахыг хүсэхгүйн улмаас үйлдвэрлэгч тогтоосон үнээрээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүйд хүрвэл үйлдвэрлэгч худалдааны эргэлтээ хурдасгахын тулд үнээ буулгахаас аргагүйд хүрнэ. Барааныхаа үнийг ингэж тавьсанаар бизнес эрхлэгч ашиг хийхийн тулд зардлаа бас танах ёстой гэдэг нь ойлгомжтой.

Хэрэглэгчид тухайн тогтоосон үнээр нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрлэгч гаргасан зардлаасаа давсан орлого олох үед л тэрбээр ашигтай ажиллана. Ашиг бол үйлдвэрлэгч болон хэрэглэгч тус бүр өөрсдийн материаллаг байдлаа нэмэгдүүлсэн гэдгийг харуулдаг үзүүлэлт юм.

Тодорхой хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалт болгон зарцуулснаар үйлдвэрлэгчид илүү их хэмжээний мөнгө олох сууриа тавьдаг. Энэ нь эргээд тэдэнд хүмүүсийн аж амьдрал болон сайн сайхан байдлыг сайжруулах илүү их хэмжээний бараа, үйлчилгээг үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн, хэрэглэгчид өөрсдөдөө хамгийн хэрэгтэй гэж бодсон зүйлээ худалдан авсанаар амьжиргааны түвшингээ дээшлүүлдэг.

Үнэндээ бол, үнэ тогтоох нь хэзээ ч механик, автоматаар явагддаг үйл ажиллагаа огт байгаагүй. Үнээ өсгөх нь ухаалаг эсхүл тэнэг санаа байсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх эрх гагцхүү үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчид л бий. Тухайн бараа тодорхой үнээр зарагдахдаа ашиг олж буй үед энэ нь бизнес эрхлэгчдэд хэрэглэгчид үйлдвэрлэгчийн тогтоосон үнийг хэвэнд нь барих хүсэлтэй байна гэдгийг харуулсан дохио болдог. Ингэхээр үйлдвэрлэгчид өөрсдийн нөөц баялагаа хэрхэн ашиглахаа шийдэх явцад үнэ хамгийн чухал зүйл гэсэн үг.

Нийлүүлэгдэж буй барааны тоо хэмжээг тогтоодог зүйл нь ямарваа нэгэн таамгаар бий болсон эрэлтийн хуваарь маягийн зүйл бус харин хэрэглэгчид өөрийнх барааг хэр хэмжээгээр авах вэ гэдгийг тооцоолсон үйлдвэрлэгчийн тооцоолол юм. Үйлдвэрлэгч өөртөө ашиг гаргахуйц үнэ тогтоохдоо тун нарийн нямбай хандах ёстой.

 

Бусад төөрөгдлүүд

Эрэлт-нийлүүлэлтийн графикийн хүрээнд үйлдвэрлэлийн зардлын өсөлт нийлүүлэлтийн муруйг зүүн тийш шилжүүлдэг. Эрэлтийн муруйн улмаас энэ нь тухайн бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөнө. Харин уг графикийн хүрээнд үйлдвэрлэлийн зардал нь үнийг тодорхойлох чухал хүчин зүйл аж.

Тийм боловч, тухайн барааны үнэ хэрхэн тогтохыг шийддэг цор ганц зүйл бол хэрэглэгчийн худалдан авах эсэх шийдвэр гэдэгтэй бид өмнө нь танилцсан билээ. Аливаа хүнд тухайн нэгэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг хэд байх нь ямар ч хамаа үгүй. Хэрэглэгчийн тухайн бараанд төлөхөөр зөвшөөрсөн үнэ өөрийнх нь тухайн цаг үеийн хүсэлтэй нийцэж явдаг. Бүтээгдэхүүний өртөг хэрэглэгчид ямар ч ач холбогдолгүй.

Үүнээс гадна, ашиглагдаагүй газар мэтийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа шаардагддаггүй бараа, үйлчилгээний үнийг тайлбарлахаар оролдох үед өртөгийн онол асуудалд ордог. Мөн уг онол алдартай уран зургууд яагаад өндөр үнэ хүрдэг шалтгааныг тайлбарлаж чаддаггүй. Энэ талаар Марри Ротбард ингэж бичиж байв:

Шоу тоглолт, концерт, эмч, гэрийн үйлчлэгч гэх мэт үйлчилгээнүүдийг шингэсэн өртөг гэдгээр тодорхойлох бараг л боломжгүй.

Өнөө үеийн голлох эдийн засагчид улам цаашаа явж эрэлт-нийлүүлэлтийн муруйг нийт эдийн засагт нэвтрүүлж байна. Жишээ нь, хэрэв эдийн засаг хүлээгдэж байснаас сайнгүй байгаа бол сангийн эсвэл мөнгөний бодлогоор эрэлтийг дэмжих хэрэгтэй гэж тэд мэтгэдэг. Өгөгдсөн нийлүүлэлтийн муруйн тусламжтайгаар эрэлтийн муруй баруун тийш шилжих ба энэ нь нийт бүтээгдэхүүний гарцыг өсгөдөг хэмээн тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Эрэлт-нийлүүлэлтийн муруй төр болон төв банкны эдийн засаг дахь оролцоог дэмжихэд ашиглагддаг буюу логик үндэслэлтэй харагдуулдаг гэдгийг хэлэх ч шаардлаггүй биз.

Ингэхдээ энэхүү график нь эрэлтийн өсөлт бүтээгдэхүүний гарцыг хэрхэн нэмэгдүүлэх талаар юу ч хэлдэггүй. Цаашлаад, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтийн талаарх асуудлаар ямар ч тайлбар өгдөггүй. Бодит амьдрал дээр шинэ бүтээгдэхүүний эхлэлийг үйлдвэрлэгчид л тавьдаг. Тэд л бүтээгдхүүн, үйлчилгээндээ өөрчлөлт, шинэчлэлт хийдэг ба харин тэр өөрчлөлт амжилттай байх эсэхийг хэрэглэгчид шийддэг юм. Эндээс нийлүүлэлтийн механизмийг яаж ийгээд хөдөлгөөнд оруулдаг бие даасан эрэлт гэгч зүйл байдаггүй гэдэг нь харагддаг.

Эрэлт-нийлүүлэлтийн график нь мөн амжилттай яваа бизнесийг сүйтгэгч төрийн оролцоог дэмждэг янз бүрийн монополь онолыг зөвтгөдөг. Жишээлбэл, үнийг өрсөлдөөнт үнийн түвшнээс дээш барьдаг компани монополь үйл ажиллагаатай байдаг ийм бизнесийг үгүй болгох ёстой гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.

Энэхүү санааг үндэслэл сайтай гэж хүлээж авлаа ч тухайн барааны үнийг өрсөлдөөнт үнийн түвшин гэгчээс дээш барих ямар ч боломж нөхцөл үгүй. Тэгвэл ямар шалгуур хэмжүүрээр үнэ хэд байхыг шийдэх боломжтой юм бэ? Энэ талаар Ротбард:

Өрсөлдөөнт үнийн түвшинг тодорхойлох ямар ч боломжгүй учраас монополь үнийг тогтоох боломжгүй гэж хэлжээ.

Графикийн хүрээнд эдийн засагчид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ болон эдгээрийн дундаж үнийг авч ашигладаг. Гэсэн ч, дундаж үнэ болон бүтээгдэхүүний нийт гарцыг аль алийг нь логикоор тогтоож мэдэх боломжгүй. 10 ам.долларын цамц болон 50 ам.долларын дарсаар дундаж үнэ гэдгийг тооцох боломжгүй шүү дээ. Яг үүнтэй адилаар, нийт гарц гэгчийг бий болгохын тулд 10 ширхэг цамцыг 1 литр дарстай нийлүүлэх боломжгүй. Ийм ч учраас эрэлт, нийлүүлэлтийн график нь худал хуурмаг нөхцөл дээр суурилсан байдаг гэсэн үг.

Дахиад ч бичих зүйл байна. Тэнцвэр гэдэг үгийг эрэлт-нийлүүлэлтийн графикт тун толгой эргүүлсэн, төөрөгдөхүйц байдлаар ашигладаг. Хэрэв хүний үйлдлийг тодорхой зорилго, ухамсартай байдаг гэж үзвэл тэнцвэр гэгч нь эрэлт, нийлүүлэлтийн муруйн огтлолцолтой ямар ч хамаагүй. Хүмүүсийн хүсэл сонирхол нэг цэг дээр ирэхэд тэнцвэр бий болдог. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ өөрт нь ашиг авчрах үнээр зарж буй үед л түүнийг өөрийн тэнцвэртээ хүрсэн байна гэж хэлж болно.

Өөрсдийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бараа, үйлчилгээ худалдан авдаг хэрэглэгчдийн хувьд ч энэ нь ижил. Тиймээс хийсвэрээр бий болсон муруйг эдийн засагчдын нэрлэдэг өнөөх тэнцвэр гэдэг рүү шилжүүлдэг төр болон төв банкны бодлогууд нь үнэндээ хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийг зорилгодоо, жинхэнэ тэнцвэрдээ хүрэхээс нь сэргийлдэг.

 

Дүгнэлт

Голлох эдийн засгийн сургуулийг дагадаг эдийн засагчдын авч ашигладаг эдийн засгийг дэндүү хялбарчилсан эрэлт нийлүүлэлтийн график нь бодит амьдралтай огт холбоогүй хэрэгсэл юм. Жинхэнэ, бодит дэлхий ертөнцийн эдийн засаг нь таамаглагдашгүй хүчин зүйлс, бизнес эрхлэгчдийн бодол санаа болон зах зээлийн эдийн засгийн тасралтгүй явагдах өөрчлөлт зэргийг авч үздэггүй энгийн графикуудаар тайлбарлагдахад дэндүү нарийн түвэгтэй билээ.

Эдгээр графикуудыг ямарч аюулгүй гэж үзэх нь алдаа. Учир нь төрийн болоод төв банкны бодлого тодорхойлогчид иймэрхүү хэрэгслүүдийг янз бүрийн бодлого, шийдвэр гаргахдаа ашигладаг. Жинхэнэ эдийн засаг тэдний график шинжилгээгээр таамагласнаас нь өөрөөр эргэх үед тэд байнга гайхширалд орж байдгийн шалтгаан нь энэ юм.

 

Нийтлэлч: Фрэнк Шостак

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply