Питэр Г.Клайн: Орчин үеийн нийгэм энтрепрёнергүйгээр бий болохгүй байх байсан

peter-klein-2012-rev

Питэр Г.Клайн нь Мизес Инститүтийн Карл Мэнгэрийн судалгааны төвийн судлаач бөгөөд Байлор Их сургуулийн Ханкамэр Бизнесийн сургуулийн профессор юм. Тэрээр орчин цагийн эдийн засгийн Австри сургуулийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг бөгөөд Австричуудын үнэтэй хувь нэмэр оруулсан талбар болох: зах зээлийн хөдөлгөгч хүч болсон энтрэпрёнеруудын нийгэмд гүйцэтгэх үүргийг судалж, энэ чиглэлээр мэргэшсэн нэгэн билээ.

Тэрээр өөрийн Капиталистууд ба Энтрэпрёнерууд бүтээлдээ энтрэпрёнерууд алив компанийн хэмжээ болон бүтэц, байгууллагын засаглал болон хяналт, нэгдэл болон худалдан авалт, байгууллагын загвар, удирдлагын болон санхүүгийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ. Түүнийг 2016 оны 12 сард Шанхайд дээр дурдсан номоо танилцуулах арга хэмжээнд ирээд байхад нь ярилцах завшаан тохиосон юм.

Mises.mn: Энтрэпрёнер гэх үг сүүлийн жилүүдэд олонтаа дуулдаж, халуун сэдэв болоод байгаа билээ. Энтрэпрёнеруудыг өндөр технологийн компаниудыг удирдан авч явж буй хүмүүс гэх ойлголт түгээмэл байдаг. Та Австрийн дэг сургуулийн үүднээс энтрэпрёнер хүнийг хэрхэн тодорхойлох вэ, энтрэпрёнерууд хийгээд капиталистууд юугаараа ялгаатай юм бэ?

Клайн: Мизесийн онолыг баримталдгийнхаа хувьд би энтрепрёнеруудыг ерөнхийд нь тааварлашгүй нөхцөл байдалд нөөцийг хуваарилах ярвигтай шийдвэрийг оновчтой гаргаж чаддаг зах зээлийн тоглогч гэж тодорхойлох байна. Өргөн утгаараа, хүмүүний бүхий л үйл ажиллагаа энтрэпрёнерын шинжийг тодорхой хэмжээнд агуулсан байдаг. Харин явцуу утгаар, тодруулбал бизнесийн хүрээнд авч үзэхэд, энтрэпрёнерууд бол зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхийн тулд бүхий л үйлдвэрлэлийн хүчин зүйлийг (газар, ажиллах хүч, түүхий эд г.м.) худалдан авч, нийлүүлж, хөрөнгө оруулж, эргүүлэн нэгтгэхэд мэргэшсэн хувь хүн гэж хэлж болно. Тэд ашиг олохыг эрмэлзэж, алдагдлаас зайлсхийж байдаг. Өндөр технологийн компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулж буй хүмүүсийг энтрэпрёнерууд гэж нэрлэж байгаа ч тэд зөвхөн энэ салбараар хязгаарлагдахгүй шүү дээ. Энтрэпрёнерууд нөөцийг ашиглах тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээж байдгийг нь санах юм бол, тэднийг капиталистууд гэж нэрлэж болох. Тааварлашгүй нөхцөл байдал хэзээд байсаар байх тул капиталистууд ч ялгаагүй энтрэпрёнерууд. Энэ санааг Мизесээс эш татлаа.

Mises.mn: Зах зээлийн эдийн засаг, цаашлаад өргөн хүрээнд нийгэмд үзүүлэх энтрэпрёнеруудын үүрэг юу вэ?

Клайн: Австри сургуулийнхан Хайекийн “аяндаа эмхрэхүй” гэх нэр томьёонд дуртай. Гэвч энэ нэр томьёо хүний хүчин зүйл, бүтээлч байдал, санаачлага зэрэг үүргийг “үл хайхарснаараа” хүмүүсийг буруу ойлголтод хөтлөх хандлага байдаг. Орцыг гарц болгон хувиргах явц аяндаа автоматаар бий болчихгүй, түүнд энтрэпрёнерууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэд бол, Мизесийн хэлдгээр, “зах зээлийн хөдөлгөгч хүч” юм. Орчин үеийн эдийн засаг – угтаа бол хөгжин цэцэглэж буй нийгэм – энтрэпрёнеруудгүйгээр бий болохгүй байсан шүү дээ.

Mises.mn: Австрийн сургуулийнхны хүрээнд энтрэпрёнер төдийлөн шинэ ойлголт биш шүү дээ. Таны бүтээлээс өмнө Израйл Кирзнэрийн Өрсөлдөөн ба Энтрэпрёнер (1973) тэргүүтэй олон бүтээл хэвлэгдсэн. Таны судалгаанд эдгээр бүтээл хэрхэн нөлөөлсөн бэ?

Клайн: Кирзнэр бол Франк Найт хийгээд Жозэф Шумпэтэр нартай эн дүйцэх энтрэпрёнерийн онолд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Худалдааны тэнцвэргүй байдал (disequilibrium)-аас үүдсэн боломжийг соргогоор олж харах энтрэпрёнерын чадварын тухай түүний санаа зөвхөн Австри сургууль төдийгүй эдийн засгийн ерөнхий онолын бүтээлд онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Энтрэпрёнеруудын үүргийн талаарх ялгаатай ойлголтуудыг онцлон судлахдаа би, тааварлашгүй нөхцөл байдалд шийдвэр гаргах чадварыг тодотгосон Кирзнерийн бүтээлтэй танилцаад үнэхээр гүн сэтггэгдэл төрсөн.

Mises.mn: Та өмнө нь Компанийн тухай онол (Theory of Firm) хийгээд Тааварлашгүй байдлын тухай онол (Theory of Uncertainty) гэх хоёр том онолыг уялдуулахыг хичээсэн хэмээн ярьж байсан. Үүнийг хэрхэн хийв, ач холбогдол нь юу вэ?

Клайн: Энтрэпрёнерууд үндсэндээ өөрсдийн санааг ажил хэрэг болгохоор компани байгуулдаг. Компаниудыг энтрэпрёнерууд л үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь явуулдаг. Гэхдээ, энртрэпрёнеруудын талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүд болон компанийн тухай онол бол бараг бүхэлдээ ялгаатай зүйл юм. Миний хувьд, энтрэпрёнерууд нөөцийг хэрхэн ашигладаг – хэрхэн өмч бий болгож, түүнийгээ хянадаг, хожим ашиг авчрах хөрөнгийг хэрхэн нэгтгэж, эвлүүлдэг гэхчлэн компанийг удирдан зохин байгуулж, гэрээ хэлцэл бичиж, ажилтнуудыг удирдахдаа хэрхдэг тухай бүтээлдээ голчлон авч үзсэн байгаа.

Mises.mn: Энтрэпрёнерууд ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ? Тэд байгууллагадаа ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Клайн: Амжилттай яваа энтрэпрёнерын хамгийн чухал чадвар нь ямар нэг статистик загвар эсхүл хэн нэгний үйл хөдлөлийг зааварлаж хэлэх “батлагдсан хийгээд үнэн арга” байхгүй тийм нөхцөл байдал буюу зах зээлийн ирээдүйн нөхцөл байдлыг таамаглаж, өөрийн дүгнэлтийг хийх чадвар юм уу даа. Практик дээр бол энтрэпрёнерын амжилтад ирээдүйг соргогоор харсан итгэлтэй байдлаас гадна олонх энтрэпрёнеруудын алддаг – нөхцөл байдалд дасан зохицох, ашиг олох нь амаргүй гэдгийг ойлгож ухамсарласан байдал чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өөрийн гэсэн компани эсхүл хөрөнгөгүй (тухайлбал бусад энтрэпрёнеруудад ажиллаж байгаа хүн) хүмүүс ч гэсэн бүтээлч, хариуцлагатай байдлаар ажиллаж, өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байдаг.

Mises.mn: Монгол гэлтгүй олон оронд төрөөс энтрэпрёнеруудыг дэмжих гээд байдаг. Та төрөөс тэдэнд үзүүлэх нөлөөг хэрхэн дүгнэх вэ?

Клайн: Ихэнх орны төр, засгийн газар нь мөнгөн тусламж үзүүлэх, шинжлэх ухааны парк болон өндөр технологийн корридор байгуулах, ногоон-технологи гэх мэт тодорхой нэг технологид хөрөнгө оруулах гэхчлэн энтрэпрёнеруудад (энэ асуудлын тухайд жижиг болон дунд бизнес эрхлэгчид багтаж байна) туслах гэж оролддог, тэр нь тэгээд бүтэлгүйтээд таардаг. Төр тодорхой нэг иргэн, компани эсхүл үйлдвэрийг ирээдүйд амжилт үзүүлэхэд ийн тусгайлан дэмжих нь “шударга бус” шүү дээ; мэдлэг дутмаг, хөшүүрэг сул, төртэй “сүлбэлдэн” бизнесээ ахиулах гэсэн байдал түгээмэл байна.

Mises.mn: Төрийн зохицуулалтын хүрээнд энтрэпрёнеруудад хамгийн таатай орчин нь юу вэ?

Клайн: Төрөөс аль болох бага оролцох. Юу гэхээр, энтрэпрёнеруудад инстүүцийн хамгийн таатай орчин нь хуульд засагласан төр, хувийн өмчийн хамгаалалт, тогтвортой мөнгө, чөлөөт хийгээд нээлттэй эдийн засаг юм. Өөрөөр хэлбэл, төр замд нь саад болохгүй байх тийм л орчин.

Mises.mn: Таны хувьд хамгийн амжилттай яваа энтрепрёнер, бас энтрепрёнер гэж нийтэд танигдсан атал хэрэг дээрээ энэ тодотголыг хүртэх “эрхгүй” хүн хэн бэ?

Клайн: Microsoftийн Билл Гэйтс, Apple-ийн Стив Жобс, Virginийн Ричард Брэнсон гээд олонд танигдсан том компаниудын үүсгэн байгуулагч, захирлууд гээд олон хүнийг нэрлэж болж байна. Миний ойлголтоор бол, энтрэпрёнер нь тухайн компани эсхүл бүтээгдэхүүний анхдагч санааг гаргасан хүн байх албагүй, эзэмшил хийгээд эцсийн шийдвэр гаргах эрхээрээ дамжуулан компанийг хариуцан авч явж байгаа хүн ч үүнд багтана. Өөрөө хөрөнгө оруулаагүй ч, бусдаас хөрөнгө босгож Kickstarter төслөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн хүмүүс олон байдаг, тэдгээр хүмүүсийг би хувьдаа энтрэпрёнер бус, харин зохион бүтээгч, бүтээлч, шинэ санаа сэдэгч гэж нэрлэх байна.

Mises.mn: Энтрэпрёнерууд эсхүл компаниуд эдийн засаг дахь өөрсдийн гүйцэтгэх үүргийг ташаа ойлгох явдал байдаг. Энэ тухайд?

Клайн: Энтрэпрёнерууд өөрсдийгөө төрийн муу бодлого эсхүл түүнээс ч дор нь төрөөс татаас авах гэж, эс бөгөөс өрсөлдөгчиддөө хориг саад тавиулах гэж лоббидох зэргээр хүнд байдалд оруулж байгаа нь тэд эдийн засаг хийгээд нийгэмд ямар чухал үүрэгтэйгээ ойлгоогүйг нь харуулж байгаа юм болов уу.

Mises.mn: Австри сургуульд бид төртэй холбогдсон холбоо сүлбээгээ ашиглаж мөнгө олж буй нөхдүүдийг “крони капиталистууд” гэдэг. Тэгэхээр “крони энтрэпрёнер” гэж бас байх нь ээ?

Клайн: Мэдээж хэрэг. Олон шүүмжлэгчид төрөөс олгодог тусламж дэмжлэгээс хамаг бизнес нь хамаардаг Элон Маскийг “тийм нөхөр” гэдэг шүү дээ.

Mises.mn: Манай оронд сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал нүүрлэж, олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулаад буй. Та эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд энтрэпрёнерууд ямар нөлөө үзүүлж болохыг онцолбол?

Клайн: 2008 оны санхүүгийн хямрал дэлхий дахиныг хамарсан сүйрэл болчхолгүй зогссон нэг шалтгаан нь энтрэпрёнеруудын бүтээлч байдал, шинэлэг санаа хийгээд тууштай байдал байсан гэхэд хилсдэхгүй. Энтрэпрёнерууд хувьсан өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох, тэр бүү хэл мөнөөх өөрчлөлт нь төрийн муу бодлогоос болж байсан ч түүнийг даван гарахдаа сайн. Тэд хамаг бүх хүчин чармайлтаа тогтвортой нөхцөл байдлыг алдагдуулалгүй хэрэглэгчдэд хүрч үйлчлэхэд зориулах юм бол бүх зүйл ямар сайхан болохыг төсөөлөөд үз л дээ.

Mises.mn: Ярилцсанд талархлаа.

Ярилцсан: Б.Оюунчимэг

Leave a Reply