Олон Улсын Валютын Сан (ОУВС)-г болиулъя!

IMF-Washinton

 

Хамгийн хүчирхэг арван үйлдвэржсэн орны төрийн тэргүүнүүд (Коммунист блокоос гаднах) дэлхийн мөнгөний системийг судалж эхэлжээ. Энэ судалгаа санаснаас их цаг аван, сунжирч гэнэ. Гэсэн ч бодитой сайжруулалт гарах магадлал тийм ч их биш байж. Гэтэл эсрэгээр, хамгийн нөлөө бүхий төр, засгийн газрууд олон улсын “нөөц” хийгээд “өр төлбөр”-ийг нэмэгдүүлэхэд шахалт үзүүлж эхэлсэн байх юм. Энгийн үгээр тайлбарлавал, тэд дэлхийг инфляцид улам живүүлэх гэж байлаа.

Гэхдээ нэг асуудал тулгарсан нь энэ инфляцийг хэрхэн зогсоох вэ гэсэн асуудал байв. Бодит шийдэл нь Олон Улсын Валютын Сан (ОУВС)-г татан буулгах байв. Энэ сан практик дээр бол дэлхий дахинд инфляцийг хөөрөгддөг механизм гэдэг нь хэдийнэ батлагджээ. Тус байгууллагыг хорь шахам жил оршин тогтнох хугацаанд түүнээс өмнөх үетэй харьцуулахад улс орнуудад урьд хожид байгаагүй их девальваци явагдсан байдаг.

[1963 оны] Аравдугаар сарын 21-ний өдөр Newsweek-д хэвлүүлсэн нийтлэлдээ би энэ асуудлыг баримттай дэлгэж, 1949 онд Британийн фунт стерлинг ганц шөнийн дотор 4.03 ам.доллараас 2.80 ам.доллар хүртэл үнэгүйдэж, девальваци явагдсан жишээнээс эхлэн тоо баримт дурдсан. 1953 оны сүүл үеэс 1962 оны сүүл үе хүртэл арван жилийн дотор 43 тэргүүлэх орнуудын мөнгөн тэмдэгт үнэгүйдсэн байна. Америк доллар дотооддоо худалдан авах чадвараа 12 хувиар алдсан бол, энэ тоо Британийн фунт стерлингийн хувьд 25 хувь, Францын франкийн хувьд 30 хувьтай байв. Аргентин, Бразил, Чили болон Боливи улсуудын мөнгөн тэмдэгтүүд худалдан авах чадвараа 89, 91, 94 болон 99 хувиар тус тус алдсан байна.

 

Инфляци гаарсан нь

 

Ийм үр дүнд хүрсэн нь ердөө ч тохиолдлын хэрэг биш юм. Ийм зүйл гагц ОУВС-ийн системийн дүнд л бий болох боломжтой байв.

Үгүй ээ мөн гайхалтай систем ээ. 1944 онд Бреттон Вүүдст “хам хум” яаран сандран байгуулагдаж байсан энэ байгууллага өнөө хүртэл оршин тогтносоор байгаагаас гадна бараг л “ариун дагшин газар” мэт үзэгдэх болжээ. Эндээс үзүүлж буй тусламж, халамж тийм ч “цагаан мөртэй” биш байсан гэхэд хилсдэхгүй. Тус байгууллагыг үндэслэгч хоёр эцэг нь АНУ-ын иргэн Харри Дэкстэр Вайт, мөн Английн иргэн Лорд Кэйнс нар ажээ. Хожим АНУ-ын ОУВС-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Вайтыг 1945 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Оросын тагнуул хэмээн мэдээлж (1953 онд АНУ-ын Хууль зүйн сайд Брауниллын мэдэгдэлд дурдагдсан) байжээ.

Харин тухайн үед инфляцийн мэргэжилтэн гэгдэж байсан Кэйнс бээр өөрийнх нь энэ төлөвлөгөөг яг таг дагаж мөрдөхийг Британид шахан тулгаж байв. Тэрээр энэ шаардлагаа Лордуудын танхимд ийн хүргэжээ (1944 оны тавдугаар сарын 23-ны өдөр):

 

Дэлхийн мөнгөний нөөцийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ… Бид ирээдүйд, фунт стерлингийн гадаад дахь үнэлгээг өөр бусад хүчин зүйлээр бус, гагцхүү өөрсдийн дотооддоо гаргах бодлогод тогтоосон жишгээр хүлээн зөвшөөрүүлнэ… Бид дотооддоо бодлогын хүүгээ хянаж чадах тул, өөрсдийн зорилгод нийцүүлэн аль болох багаар тогтоон барьж чадах бөгөөд үүнд олон улсын капиталын хөдөлгөөн эсхүл гадаадын капиталын урсгалаас үүдэх хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлөхгүй гэсэн үг.

 

Эцэст нь Кэйнс түүнийг сонсож байсан хүмүүст хандан “Хэрэв надад алтан стандартын мөн чанар чухам юу болохыг “шүүх” эрх байдаг бол, би хувьдаа энэ төлөвлөгөө яг түүний эсрэг зүйл гэж хэлэх байна” гэжээ.

 

Америк доллартай холбогдох учиг сэжим

 

Хэрэв ОУВС гэж байгаагүйсэн бол, өөрсдийнх нь алдаа мадаг дүүрэн мөнгө, санхүүгийн бодлогоос үүдэн мөнгөн тэмдэгтийнх нь үнэлэмж буурч эхэлсэн улс орны төр, засгийн газрууд хүнд нөхцөл байдлаас гарахын тулд хувийн банкирууд эсхүл хөрөнгө оруулагчдад хандахаас аргагүй болох бөгөөд хувийн хөрөнгө оруулагчид мэдээж хэрэг тусламжийнхаа хариуд санхүүгийн болон мөнгөний бодлогод нь баталгаа шаардах нь дамжиггүй. Харин Кэйнс үндэсний “дотоодын” инфляцийн бодлого “Сангийн шүүмжлэлээс дархлагдсан байх ёстой” гэжээ. Тэр нэг ёсондоо автоматаар зээл авах эрх бий болгож, алив тусламжид тавигдах нөхцөл болзлыг бусад орны төр, засгийн газрууд ОУВС дахь төлөөлөгчдөөрөө дамжуулан шаардлагатай улс төрийн шийдвэр гаргахаар хязгаарлажээ.

Бусад улс орнууд мөнгөн тэмдэгтээ чөлөөтэй үнэгүйдүүлэх боломжтой болов. Гэвч бусад бүх мөнгөн тэмдэгтүүд энэ системээр дамжин Америк доллартай холбогдох тул, энэ эрх чөлөө нь дэлхийн мөнгөнийн системд эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр тухайн орны мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж чадахгүй тул АНУ-ын зүгэээс “боомилогдох” болжээ. Гэсэн хэдий ч манай төр [АНУ] ийм үр дүнд зайлшгүй хүргэх тун чиг болчимгүй мөнгө, санхүүгийн болон хүүгийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлсээр л байна. Ийм учраас л ОУВС-ийн систем гишүүн орнууддаа маш халгаатай – ялангуяа тэдгээр орнуудын өөрсдийнх нь мөнгөн тэмдэгтийн ирээдүйн үнэлэмж, улс орных нь эдийн засгийн тогтвортой байдал зэрэгт хортой, нэг ёсондоо тэдгээр нь АНУ-ын мөнгө, санхүүгийн тодорхой бус “дотоод” бодлогоос хамааралтай болгож байгаа юм.

Дэлхийд алтан стандартыг эргүүлэх авчрах бусад боломжийг яагаад эрж, судалж болохгүй гэж?

 

[Энэ нийтлэл анх 1963 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Newsweek-д “ОУВС-ийн системийг зогсооё” нэрээр хэвлэгдсэн.]

 

Нийтэлсэн: Хэнри Хазлитт

Орчуулсан: Б.Оюунчимэг

Leave a Reply