СТИВЭН ХОККИНГ ЭДИЙН ЗАСАГ ОЙЛГОДОГГҮЙ

16043158229_5529a38ed9_b-682x395

 

Технологийн хөгжил дэвшил “тэгш бус байдлыг хэзээ хэзээнээс илүү нэмэгдүүлсэн” тухай Кэмбрижийн Их сургуулийн физикч, шинжлэх ухааны хэд хэдэн бестселлэр номын зохиогч Стивэн Хоккинг айлдсан байна. Тэрбээр олон талын, өргөн мэдлэгтэй хэдий ч эдийн засгийн ухааныг ойлгодоггүй аж.

Reddit Ask Me Anything forum хэмээх нэгэн онлайн хэлэлцүүлэгт тэрбээр дараах зүйлсийг бичжээ.

 

           Бидэнд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг машин үйлдвэрлэж буй тохиолдолд, үр дүн нь юмсыг хэрхэн хуваарилахаас л шалтгаална. Машины үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүн бүгдэд тэгш хуваарилбал тэд тансаг хангалуун амьдрах болно. Эсхүл машиныг өмчилсөн хүмүүс баялгийн хуваарилалтын эсрэг амжилттай лобби хийж чадах аваас дийлэнх хүмүүс ядуурал гуйранчлалтай нүүр тулгарна. Ажаад байхад өнөөг хүртэл бид хоёр дахь замаар нь замнаж, технологийн хөгжил тэгш бус байдлыг хэзээ хэзээнээс илүү нэмэгдүүлсэн байна.

 

Түүний алдаа чухам юунд байна вэ гэвэл тэрбээр дэлхийн хүн амын олонх нь машинаас үүдэлтэйгээр хөдөлмөрийн ямар ч бүтээмж бий болгож чадахгүй байгаа учраас ажилгүй байгаа гэсэн “Технологоос үүдэлтэй ажилгүйдэл” хэмээх таамаглалыг эргэлзэх юмгүйгээр хүлээн авсанд л оршино. Өөрөөр хэлбэл ажил олгогчид хүмүүст цалин хөлс олгохооргүй нөхцөл байдал бий болчхоод байгаа аж. Тэд хүмүүсийг ажилд авахгүй учраас тэдэнд цалин хөлс олгохгүй. Ингээд хадгаламж, хуримтлалгүй хүмүүс өлсгөлөнд автагдаж, үхэцгээж буй аж.

Дээрх ажилгүйдлийн талаарх хий хоосон, харанхуй таамаг төсөөллөөс эцэстээ тэрбээр нэгэн саармаг дүгнэлтэнд хүрсэн нь дээрх алдааг төр засаг залруулах тухай ажээ. Гэвч технологиос үүдэлтэй ажилгүйдэл бий болдог тухай таамаглал нь үнэндээ эдийн засгийн хуулиудыг огоорсон байна. Ялангуяа хомсдол болон харьцангуй давуу тал зэрэг эдийн засгийн хуулийг ерөөс тэр чигт нь орхигдуулжээ.

Бидний хүсэл шаардлага маань түүнд хүрэх арга замаас хэтрэх үед хомсдол хэмээх ойлголттой нүүр тулгардаг. Бид нэгэн зэрэг олон үйлдлийг хийх чадамжгүй. Нэг зүйлийг хийж байх яг тэр мөчид тухайн зүйлээс бусдыг хийх боломжгүй. Энэ бол зайлсхийх боломжгүй хорвоогийн бодит байдал. Технологи хэчнээн өндөр хөгжлөө ч хомсдол байсаар л байх болно. Хүмүүс хомсдлыг зөвхөн худалдаа арилжааны арга замаар л даван туулдаг.

Хүн бүхэн өөр, бие биенээсээ ялгаатай учир худалдаа, арилжаа явагддаг. Бүгдээрээ ижил сонирхолтой, ижил өмчлөлтэй байсан бол арилжаа хийгээд байх шалтгаан үгүй. Худалдаа, арилжаа нь эрс тэс өөр хүмүүсийг ч хүртэл харилцан ашигтайгаар, бие биетэйгээ хамтран ажиллах явдлыг бий болгодог тун гайхалтай хүч юм. Худалдаа арилжаа нь хөдөлмөрийн хуваарийг бий болгодог. Худалдаагаар дамжуулан хүмүүс өөрсдийн хамгийн сайн хийж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож түүгээрээ өөрсдийн хэрэгцээнд нийцэх бусдын бүтээгдэхүүн үйлчилгээг солилцдог. Хэрэв механикч хүн өөрийн хоол ундыг зөвхөн өөрөө үйлдвэрлэхээр шийдвэрлэвэл гаражиндаа байрлаж, өөрийн ажлаа сайн хийгээд түүнээс олсон мөнгөөрөө орон нутгийн жижигхэн дэлгүүрээс хоол худалдаж авдаг өөр нэгэн механикчаас хавьгүй ядуу байх нь ойлгомжтой. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосны алдагдсан боломжийн өртгийн ялгавартай байдал нь л худалдаа арилжаанаас олох ашгийг бий болгодог. Хэрэв маргааш бид шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудад гардаг шиг өндөр хөгжилтэй харь гарагийн иргэншлийг нээж илрүүллээ гэхэд бидэнд тэдэнтэй худалдаа хийх бололцоо байсаар л байх болно. Шинэ технологи үйлдвэрлэлийн бүтээмжийг өөрчлөхөөс бус үйлдвэрлэл, солилцооны ерөнхий логикийг өөрчлөхгүй. Технологиос шалтгаалах бус алдагдсан боломжийн өртгийн ялгавартай байдлын үр дүнд л худалдаа арилжаа бий болдог юм.

Ирээдүйд бий болох олон янзын машины тоо, чанараас үл хамааран тэдгээр машинууд нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нөхцөлд бусад төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй байж таарна. Хөдөлмөрийн хуваарь болон ашиг нь хомсдол буй нөхцөлд л боломжтой. Машины өмчлөлийн асуудал нь худалдаа, арилжааны ашгийг үгүй хийж чадахгүй юм.

Эдийн засгийн түүх бидэнд өөрчлөлт, хөдөлгөөн нь тогтмол шинж чанартай болохыг сургадаг. Бараг 150 гаруй жилийн өмнө дэлхийн нийт хүн амын 45 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байжээ. Тэд эцэж үхэхийн наагуур болтлоо хөдөлмөрлөж зүсэм талхаа арайхийн олж авдаг байв. Хөдөлмөр хөнгөвчлөх машинууд анхлан бий болж байх цагт гутранги үзэлтэй олон хүмүүс өнөөх хөдөө аж ахуйд хамаарагдах хүмүүсийн цаашдын нөхцөл байдлыг тун аймшигтайгаар төсөөлж байлаа. Гэвч тэдгээр зөгнөл, төсөөллүүд биеллээ олоогүй юм. Өнөөдөр хүн амын 2 хувь нь л шууд байдлаар хөдөө аж ахуйн салбарт хамаарагддаг бөгөөд бидний хувьд хоол, хүнсний дутагдал болон ажилгүйдэл тийм ч ноцтой хэмжээнд байгаад байгаа юм алга.

Ирээдүй бидэнд ямар олон гайхамшигтай зүйлсийг авчрах талаар би нэг их сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хүмүүс худалдаа арилжаа хийсээр л байх болно гэдэг нь хорвоогийн бодит байдал. Гэхдээ ингэх нь тэдэнд зөвхөн зөвшөөрөгдсөн нөхцөлд л шүү дээ.

Хоккинг тэгш бус байдлыг үгүй хийх цорын ганц арга зам нь баялгийг төр засгийн зүгээс шударга хуваарилах явдал гэсэн санааг дэвшүүлсэн байна. Гэвч түүний энэ зөвлөгөө нь байдлыг яг эсрэгээр нь эргүүлэх юм.

Төр засаг зах зээлийн үйл ажиллагаанд саад учруулах явдал нь ажилгүйдэл, ядуурлыг жинхэнэ утгаар бий болгодог нь цаг хугацааны шалгуураар нэгэнт тодорхой болсон. Хөдөлмөрийн хуулиуд л гэхэд ажил олгогч болон ажилтан гэсэн хоёр талыг сайн дурын байдлаар хамтран ажиллах боломжийг үгүй хийснээрээ аль алиных нь нөхцөл байдлыг дордуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон мэргэжлийн зөвшөөрөл, лиценз нь хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх байдлыг багасгадаг. Эдгээр нь харин ч нийгмийн ядуурч, үгүйрсэн хэсэгт хамгийн их дарамт болдог. Худалдаа арилжаа болон хөдөлмөр эрхлэхэд саад хийх явдал нь хамгийн олиггүй, харгис хууль журмын нэг хэсэг төдий. Үүнээс ч илүүтэйгээр эдийн засагт хутгалдах шууд социализм нь эдийн засгийг бүхэлд нь үгүй хийдэг.

Бидний хувьд ирээдүйд юу болох талаар хоосон төсөөлөл, заналхийлэлд хэт автаж санаа зовниж суухын оронд зах зээлийг чөлөөлж, баялаг болон бүтээмжийг нэмэгдүүлснээр өнөө цагийн ядуурч үгүйрсэн олон хүмүүст тус болох нь хавьгүй илүү үр дүнтэй билээ.

 

Нийтлэлч: Стюарт Домпе

Орчуулсан: Н.Хасар

Leave a Reply