Яарон Брүк: Эрх чөлөөт оронд Айн Рэндийн үзлээр амьдрах бүрэн боломжтой

18516648_10209340146636973_431244167_o

Айн рэнд институтын талаар мэдээлэл өгөөч? Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

 

-Айн Рэнд институтийн үйл ажиллагаа нь Айн Рэндийн философи болох Обьективизмыг хүмүүст зөвөөр ойлгуулж, таниулах зорилготой. Өргөн утгаараа бид гурван зүйлсийг л хийдэг. Нэгдүгээрт, бид Айн Рэндийн үзэл санаа болон ном товхимлыг дэлхийд сурталчилдаг. Тухайлбал бидэнд багш нар хүүхдүүдэд багшлахдаа ашиглах Айн Рэндийн ном товхимолыг үнэгүй олгох бүрэн хөтөлбөртэй. Удаад нь Айн Рэндийн философийг судалж, оюун ухааны ажил хийх сонирхолтой залуус оюутнуудыг сурган бэлтгэдэг. Эцэст нь капитализм, төр засгийн үүрэг роль, хууль зүй, үг хэлэх эрх чөлөө, шинжлэх ухаан ба аж үйлдвэр, гадаад бодлого зэрэг сэдвүүдээр яриа хэлэлцүүлэг хийж, обьекьтивизм гэж юу болох талаар хүмүүст ойлгуулахыг зорьдог. Та бид бүхний үйл ажиллагааны талаар aynrand.org вэб сайтаас мэдээлэл авч болно.

 

-Хамтын амьдралд (Коллектив амьдралд) хүн бүр индивидуалист байж чадна гэж та бодож байна уу?

 

-Индивидуалист байна гэдэг нь бусадтай холбогдож, ойртон дотносож болохгүй гэсэн үг биш л дээ. Найз нөхөд, гэр бүлийн гишүүд, бизнесийн хамтрагчид, дэлгүүрийн худалдагч ч байна уу бусад хүмүүстэй харилцан хамтрах нь индивидуалист хүнд үнэхээр чухал. Индивидуалист байна гэдэг нь ёс зүйн хувьд, тухайн хүн өөрийн аз жаргалтай байдалд илүү төвлөрөх тухай юм. Индивидуалист хүний хувьд нийгэм гэдэг нь хувь хүнээс дээр оршдог, хувь хүн түүнд ямар нэг байдлаар өртэй байдаг нэг тийм зүйл биш юм. Нийгэм бол зүгээр л хувь хүмүүсийн нэгдэл бөгөөд түүнийг бүрдүүлэгч хувь хүн бүр өөр өөрийн тус тусын зорилт, зорилго, мөрөөдөлтэй байдаг.

 

-Эгойзм, рационал эгойзм хоёрын үндсэн ялгаа юу вэ? Эгойст гэхээр хүн бүр ухаалаг бус, туйлширсан бодлоор төсөөлөх нь олонтоо.

 

-Эгойзмыг мушгин гуйвуулж түүнийг олиггүй муу зан чанартай холбон ойлгуулах оролдлогууд хэзээнээсээ байсаар ирсэн. Үр дүнд нь энэ үгийг шившиглэчихсэн. Таны эгойзмын талаарх төсөөлөлд маш их амбицтай, худал хэлж, хулгай хийж, ямар нэгэн зүйлийн оргилд гарахын тулд бусдын дээр алхаад явахаас сийхгүй хэн нэгэн төсөөлөглөж магад. Айн Рэндийн нэгэнтээ “ ‘Амбиц’ хэмээх үгийг мушгин гуйвуулаад зөвхөн эрх мэдэл гэх мэтийн утга учиргүй, муу ёрын зорилгод хүрэхээр эрэлхийлэхийг хэлдэг болсон ” хэмээсэн байдаг. Гэвч рациональ, бүтээлч хүмүүс бусдыг зовоохгүйгээр, ёс суртахуунгүй аашлахгүйгээр ч гэсэн маш их амбицтай байж бас чаддаг. Эрдэмтэд, бизнесийн хүмүүс, уран бүтээлчид гэх мэтийн бүхий л түвшний бүтээлч хүмүүс ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд амбицтай байхаас өөр аргагүй. Айн Рэнд энэ байдлыг тодорхойлохдоо “Бүтээлч хүн бусдыг ялан дийлэх хүслээр бус амжилтанд хүрэх хүслээр өдөөгддөг” хэмээсэн байдаг. Би бол эгойзмын тууштай хамгаалагч. Учир нь хүн бүхэн өөрийнхөө төлөө амьдрах нь ёс суртахуунлаг гэдэгт би итгэдэг. Эгойзмын үзэл баримтлалыг, өөрт нь огт нийцдэггүй худал хэлэх, хулгай хийх, бусдыг золиослох гэх мэтээс ялгаж салгаж авч үзэх нь маш чухал юм.

 

 

-Хайр бол зөвхөн бусдыг хайрлах гэж бидэнд сургасаар ирсэн. Гэтэл Айн Рэнд хайрыг хувийн ашиг сонирхолоо хангаж буйн нэгэн хэлбэр гэж үзсэн. Яагаад ингэж үзсэн юм бол?

 

-Бид “Жинхэнэ хайр аминч бус” гэдэг үгийг олонтаа сонсдог. Гэвч Айн Рэнд энэ санааг үгүйсгэсэн. “Аминч бус хайр” гэдэг тодорхойлолт өөрөө хайр гэдэг үгийнхээ цаад санаатай зөрчилддөг. Энэ үгээр бол ямар ч харилцаанд хувийн хил хязгаар гэж байхгүй болж таарах нь. Харин ч дэврүүн хайр дурлал бол маш аминч. Энэ бол хоёр хүн өөр өөрийн аз жаргалтай байдлын үүднээс бие, сэтгэлээ нэгтгэсэн тэр байдал шүү дээ. Айн Рэнд энэ талаар “Зүгээр л өөрийг нь хайрладаг хэн нэгэн байхад хүн маш их гүн гүнзгий аминч аз жаргалыг мэдэрдэг” гэсэн байдаг. Мөн зөвхөн аминч хүн л хайрлаж чадна. Учир нь бид хувь хүнийхээ зүгээс өөрсөддөө үнэ цэнэтэйд тооцдог, дур хүсэл минь татагддаг зүйлсээ л хайрладаг.  Хайрладаг хүндээ санаа тавина гэдэг нь ч аминч зүйл. Тухайлбал үр хүүхдээ өвчин эмгэг тусахад, түүнийг эдгээхийн тулд боломжтой бүхнийг хийхээс буцахгүй эцэг эх гэдэг нь дээрхийн нэг жишээ юм. Хүүхэд нь амьдрах эсхүл үхэх нь түүний хувьд маш их ялгавартай. Энэ бол хайрын мөн чанар юм. Айн Рэндийн алдарт Эх сурвалж романд “ ’Би чамд хайртай’ гэж хэлэхийн тулд хүмүүн юун түрүүнд ‘Би’ гэж хэлэх ёстой байдаг” гэсэн үгийг ишлэе.

 

-Айн Рэндийн үзэл баримтлалыг бодит үйл хэрэг болгох нь  маш ховор юм шиг санагддаг. Та өөрийн үзэл баримтлалаа зуун хувь үйлдэл болгож чаддаг уу?

 

-Мэдээж тэгэлгүй яахав. Учир нь би нэлээд эрх чөлөөтэй улс оронд амьдардаг. Гэхдээ Америкт ч гэсэн Засгийн газрын зүгээс миний хийх дуртай, сонирхдог олон зүйлсийг маань хийхийг хориглодог. Жишээ болгоход, би өөрийн олсон бүх мөнгөө өөртөө үлдээх боломжгүй, өөрийн хүссэн хүнтэйгээ чөлөөтэй гэрээ хэлэлцээр байгуулж хамтрах боломжгүй гэх мэт laissez faire буюу капиталист нийгмийн бүтээн бий болгож буй үр шимээс бүрэн дүүрэн амсах бололцоогүй л байна. Зарим улсад бол бүр хүн зохистой байдлаар амьдрах ч эрх чөлөө байхгүй байна шүү дээ. Гэвч улс орон нь ерөнхийдөө эрх чөлөөтэй байх аваас Айн Рэндийн философийн дагуу амьдрах нь бүрэн боломжтой бөгөөд бодитой зүйл.

 

-Тэгш байдал нь шударга бус хэмээсэн Дон Ваткинстай хамтран бичсэн номынхоо тухай бидэнд бага сага танилцуулаач.

 

-Өнөөгийн дэлхий дахин бараг л тэр чигтээ орлогын тэгш байдлын талаар маргаж байна. Маш олон хүмүүсийн бодолд зарим хүмүүс бусдаасаа илүү ихийг эзэмшиж, илүү орлого олж буй нь шударга бус хэмээх үзэл хандлага байдаг. Дэвшүүлж буй санаанууд нь ихэвчлэн эдийн засгийн гэх нэрээр халхавчлагдчихдаг. Юу гэвэл, орлогын тэгш бус байдал нь төр засгийн засаж залруулах ёстой капиталист эдийн засгийн сул талыг харуулж байна хэмээдэг. Үүнийг залруулахын тулд баячуудаас илүү их татварлах буюу юмтай хүмүүсээс нь авч юмгүй хүмүүст дахин хувиарлах ёстой гэлцдэг. Гэвч энэ бол эдийн засгийн бус ёс зүйн асуудал юм. Хэн ч асуухыг хүсэхгүй байгаа нэг асуултыг бид асуух ёстой болдог. Тэр нь “Тэгш бус байдлын буруу нь хаана байна гэж?“. Зарим хүмүүс бусдаасаа илүү эд хөрөнгөтэй байх нь яагаад асуудал болчихоод байгаа юм? Хариулт нь их энгийн. Хэрэв бусдаас хулгайлаагүй бол хүн өөрийн зүй ёсны хөрөнгөтэй байх нь асуудал биш юм. Хүмүүс тэгш бус авьяас чадвар, оюун ухаан, бүтээмж болон баялагтай байх нь асуудал биш. Энэ бол хүн бүхэн өөр байдгын үр дүн. Зарим нь бусдаасаа илүү ухаантай, бүтээмжтэй, авьяастай байдаг. Ийм хүмүүс байдаг нь харин ч асуудал биш ашиг тустай хэрэг юм. Бид орчин цагийн дэлхий ертөнц дээрх гайхамшгуудыг бүтээж буй ухаалаг, авьяаслаг, бүтээлч хүмүүсээс хамаардаг шүү дээ. Эдгээр үнэ цэнэ бүхэн хаа нэгтэйгээс гарах ёстой. Тийм ч бүтээлч, ухаалаг, авьяаслаг бус бидний нэг хэсэг нь дээрх хүмүүсийн бий болгож буй бүхэн болох арилжаа худалдаанаас ашиг хүртэж, зохион бүтээсэн зүйлсийг нь хэрэглэж, бичсэн номыг нь уншиж, хийсэн киног нь үзэх зэргээр маш их өргөн бололцоо боломжийг эдлэх нөхцөл бүрддэг.  Авьяастай, чадварлаг нэгнийг бусдаас илүү юмтай байгааг нь шүүмжлэнэ гэдэг нь өөдгүй бөгөөд тэднээс хамааралтай байдаг олонхийн хувьд маш мунхаг явдал юм. Хэрэв бид энэ логикийг дагах аваас, бид шилдэг хүмүүсээ боорлосоор орчин үеийн нийгмийг сүйрэлд хөтлөнө. Талархууштай нь, Америк болон дэлхийн дийлэнх хэсэг шилдгүүдээ үнэлдэг. Тэгш бус байдлын тухайд байгаа ганц асуудал гэвэл хуулийн өмнө тэгш бус байгаа явдал юм. Чөлөөт нийгэмд таны хүйс, арьсны өнгө зэргээс үл хамааран таны эрхийг хамгаалах эрх зүйт ёс байдаг. Харамсалтай нь,  дэлхийн маш олон оронд энэ байдал үгүй болж, зарим нэгнийг нь хохироож нөгөө нэгэнд нь ашиг хүртээдэг хууль ёс бий болоод байна. Энэ бол төр засгийн үүргийг буруу ойлгосноос үүдэлтэй, жинхэнэ асуудал юм.  Стейтизмын үр дүнд бий болсон асуудал байтал үүнд капитализм, зах зээлийг ихэвчлэн буруутгадаг нь туйлын харамсмаар.

 

 

-Ялгаварлан гадуурхалт (discrimination) болон өөрийгөө  өмчлөх(мэдэх) эрх, мөн өмчлөх эрхийн уялдаа холбоо юу вэ? Би хэнд үйлчлэх, хэнд үйлчлүүлэхгүй байх, миний бусдад үйлчилж буй үйлчилгээ нь миний хувийн өмч, миний эрх мөн үү?

 

-Хуулийн хувьд хүмүүст хэн нэгнийг ялгаварлах эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл хэнтэй хамтрах, ажиллах, үйлчлэх эсэхээ сонгох тухайд ярьж байна. Гэвч энэ нь ёс суртахууны хувьд зөв, эсхүл ухаалаг гэсэн үг бол биш. Үүнийг зөвхөн тухайн нөхцөл л тодорхойлно. Зарим төрлийн ялгаварлах явдал нь үнэхээр зөв байдаг. Чи хэнийг оройн хоолонд урих, мөнгөө хаана, хэнд зарцуулах, хэнтэй гэрлэх эсэхээ сонгох гэх мэт. Энэ бол ялгаварлахын рациональ хэлбэр бөгөөд ингэж чадаж байна гэдэг нь чөлөөт нийгэмд амьдарч байгааг илэрхийлж байна. Чөлөөт нийгмийн мөн чанар нь та бусдын эрхийг зөрчихгүй бол өөрийгөө бодох, өөрийн хүсэл шаардлагын дагуу сонголтоо хийх тухай юм. Энэ нь та бусдын эсрэг эхлээд хүч ашиглахгүй (хулгай хийх, эсхүл аллага үйлдэх) байна гэсэн үг. Бас энэ нь хүмүүс хэнтэй хамтрах эсэх тухай иррациональ, тэнэг шийдвэр гаргаж болно гэсэн үг. Жишээлбэл, би Израйльд төрсөн хэдий ч Анти-Семитист хүмүүсийн эрхийг хамгаалж, жүүд хүнийг тэдний ресторанд орохыг хориглох тухайд тэднийг дэмждэг. Угтаа би хамгийн түрүүнд л тэдний ресторанд хэн ч хоол идэж болохгүй гэх мэтээр мэтгэж тэмцэж байх ёстой хүн баймаар. Учир нь анти-семитизм ба расизм нь ёрын бөгөөд иррациональ зүйл. Гэвч та өөрийн бизнестээ надтай хамтрахгүй байх, өөрийн эзэмшилдээ намайг оруулахгүй байх нь миний эрхийг зөрчиж буй явдал биш.  Чөлөөт нийгэмд энэ төрлийн ялгаварлах явдал бол онцгой тохиолдол гэдгийг бодоод үзээрэй. Учир нь энэ нь ямар ч утгагүй, бас бизнест тийм ч таатай биш. Чи ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдолд мөнгөө алдаад, хүмүүст үзэн ядагдаад л дуусна. Ийм тэнэг зүйл хийсэн бизнесүүдэд юу тохиолдсоныг л хар л даа. Тэд нийгмийн сүлжээгээр шүүмжлүүлж, үйлчлүүлэгчдээ алдсаар байна. Иймээс чөлөөт нийгэмд иррациональ ялгаварлан гадуурхах явдал удаан наслахгүй.

 

-Гэмт хэрэг гэж яг юу вэ? Хар тамхи, биеэ үнэлэлт, ижил хүйстний харилцаа зэрэг нь ихэнх улсуудад гэмт хэрэг тооцогддог.Энэ талаар та байр сууриа илэрхийлээч.

 

-Дээрх бүх зүйлсүүд хуулиар зөвшөөрөгдөх ёстой. Гэвч дахиад хэлэхэд нь энэ нь ёс зүйн хувьд зөв эсхүл ухаалаг гэсэн үг биш. Энийг бас нөхцөл байдал, тохиолдол л зөв буруу эсэхийг тодорхойлно. Нэгэнт чи хэн нэгний эрхийг зөрчөөгүй тохиолдолд, засгийн газар чамд өөрийн амьдрал, бие махбодоороо юу хийж болох үгүйг зааварлах ёсгүй. Энэ нь чиний эрүүл мэндэд хортой байлаа ч гэсэн бүхэлдээ чамаас л хамаарах ёстой юм.  Засгийн газрын үндсэн үүрэг бол бидний амьд явах эрхийг хангах явдал. Үүнд бас хүмүүс өмчтэй байх, эдийн засгийн эрх чөлөөтэй байх явдлыг хамааруулна. Мөн түүнчлэн хувийн амьдралдаа секс, шашин, хоолны дэглэм зэргийн хувьд эрх чөлөөтэй байх эрхтэй гэсэн үг. Хууль ёсны ба хууль бус гэдгийн зааг нь эрх гэдэг үзэл баримтлалаас хамааран тодорхойлогдоно. Энгийнээр бол чи бусдын эрхийг зөрчихгүй л бол юу дуртайгаа хийх эрхтэй гэсэн үг. Хэрэв танд хэн нэгэн ёс суртахуунгүй зүйлс хийж байгаа мэт санагдсан байлаа ч засгийн газрын зүгээс түүний зан суртахууныг засаж, залруулах эрх бөгөөд үүрэггүй. Тухайлбал мансууруулах бодис хэрэглэх нь ёс бус зүйл, учир нь энэ нь таны амьдарлыг сүйтгэнэ. Гэхдээ мансууруулах бодис хэрэглэснээр та бусдын эрхийг зөрчихгүй. Таны хэнтэй секс хийх нь том сэдэв байж болох ч засгийн газар таны ор хөнжлийн амьдарлыг хуульчлан зохицуулж болохгүй юм. Иймээс ижил хүйстний харилцааг хориглосон хууль тогтоомж нь харгис явдал юм.

 

-Хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалах тухай хуулиудыг цуцлахыг та дэмждэг үү? Хүүхэд мэдээж асуудалд рациональ хандахгүй шүү дээ.

 

-Хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмтэж зовохоор байдалд л ороогүй бол хүүхэд ажил эрхлэх нь түүний болон эцэг эхийнх нь асуудал юм шиг. Хүүхэд хүчирхийлэлд орж, гэмтэх нөхцлийг хориглосон хуулийг би дэмждэг. Гэвч хүүхдийг хөдөлмөр эрхлэхийг хориглох нь засгийн газрын үүрэг роль биш. Түүхийн турш хүүхдийн хөдөлмөрийн тал дээр маш их маргаантай байр сууриуд байсаар ирсэн. Үүний шалтгаан болон хүүхдэд нөлөөлөх нөлөөлийн тухайд. Энэ бол маш том сэдэв. Тухайн нийгэм маш ядуу учир,  ингэхгүйгээр тэдний гэр бүл амьдрах бололцоогүй байдгаас л хүүхийн хөдөлмөр оршсоор байгаа гэж хэлмээр байна.  Чинээлэг улсад амьдардаг хүмүүсийн хувьд хүүхэд хөдөлмөр эрхлэх нь маш аймшигтай гэж хэлэх нь их амархан байх. Гэвч ядуу улсуудын маш олон гэр бүлд энэ нь маш том боломж. Хүүхдүүд өлсгөлөнд автсанаас ажил хийж байсан нь илүү дээр сонголт. Үүнийг шийдвэрлэх арга зам нь хүүхдийн хөдөлмөрийг хориглох бус харин капитализм болон эрх чөлөөг дэмжиж, улс орнуудыг чинээлэг болгосноор хүүхдийн хөдөлмөрийг өнгөрсөнд түүх болгон үлдээх л арга байна даа. Энэ бол капитализмыг хүлээн авсан бүх үндэстэнд тохиолдсон явдал юм.

 

-Энэ удаа яагаад Монголд ирэхээр болсон юм бэ?

 

-Америкт ээлжит лекц дууссаны дараа над дээр нэг охин ирээд “Намайг Амина гэдэг. Би Монгол, таныг бид Монголд наад яриагаа хийгээсэй гэж хүсч байна гэсэн. Тэр охиний аавтай би өмнө нь уулзаж байсан юм билээ, тэд намайг урьсан.Тэгээд сая Токио, Киото, Гуанжоу, Бээжин гээд Азийн орноор явах төлөвлөгөөнд Улаанбаатарыг оруулсан. Надтай хамт Като институтын ТУЗ-н гишүүн Карл Барни бас ирсэн, лекц уншина. 5 дугаар сарын 16-нд дээрх санаануудаа тайлбарласан, санал бодлоо солилцсон симпозиум хийнэ. Хүмүүсийг ирж нээлттэй ярилцаасай гэж урьж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply