ТӨРИЙН ОРОЛЦОО БОЛ ДАМПУУРАЛ

mises_indomitable

Өнөө цагт чөлөөт зах зээлийн эдийн засаг буюу капитализмаас долоон дор зүйл үгүй ажээ. Бүхий л болж бүтэхгүй юмсыг капитализмтай л холбон үзнэ. Атейстууд капитализмыг Христийн шашны өдийг хүртэл үгүй болоогүйн үндэс гэж мэтгэж байхад католик урсгалынхан шашингүйн үзлийн тархалт болоод орчин үеийн муу муухай зүйлд капитализм буруутай гэнэ. Протестант сүм болон сектүүд шуналыг сурталчилдаг хэмээн капитализмыг буруутган донгодно. Энх тайвныг эрхэмлэгч нөхөд маань өнөөгийн дайн дажинуудыг капиталист империалзмын үр дагавар гэх байдлаар харна. Харин Герман болон Италийн дайныг идэвхийлэн дэмжигч националистууд капитализм нь хүний натур, түүхийн эсрэг бөгөөд энэ нь хөрөнгөтнийг өмгөөлсөн энх тайванч үзлийг дэмждэг хэмээн яллана. Номлогч нар капитализмыг ёс суртахуунгүй, самуун явдлыг гааруулдаг мөн гэр бүл гэх зүйлийг үгүй хийж байна гэж буруутгана. Дэвшилтэт үзэлтнүүд (прогрессивүүд) сексийн эмх журамтай явдлыг сурталдсан урьд өмнөх цаг үеийн ёс, уламжлал хэвээр үлдсэн явдалд капитализмыг л ад үзнэ. Нөгөө талаас хүмүүний элбэг хангалуун, ая тухтай байдлыг хангахдаа капитализм нь зэрлэг, бүдүүлэг материализмыг дэмжин сурталчилдаг хэмээн олон хүн капитализмд таатай ханддаггүй. Энэхүү өөр хоорондоо зөрчилтэй капитализмыг ялласан буруутгалууд мэдээж нэг нэгнийгээ үгүйсгэж таарна. Капитализмыг дэмждэг, үүнд хир халдаадаггүй хүн тун ч цөөхөн үлджээ.

Капитализм нь хэдийгээр орчин үеийн барууны соёл иргэншлээс бий болсон эдийн засгийн систем боловч одоогоор бүхий л барууны улсууд капитализмын эсрэг чиглэсэн бодлого барин ажиллаж байна. Эдгээр интервенционист (эдийн засгийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох бодлого) бодлогуудын гол зорилт нь капитализмыг хамгаалах, хадгалах бус харин үүнийг холимог эдийн засгаар орлуулах юм. Холимог эдийн засаг гэдэг нь капитализм болон социализмын аль нь ч бус. Холимог эдийн засгийг капитализмаас хол хэрээрээ социализмаас хол гуравдагч систем хэмээн тодорхойлдог. Уг системийг капитализм болоод социализмын давуу талуудыг нь авч үлдэж, сул талуудыг нь гээж, энэ хоёрын тэхий дунд нь зогсон байдаг гэцгээнэ.

Их Британийн социалист хөдөлгөөнийн гишүүн, алдар цуу нь нийтэд түгэн байсан Сиднэй Уэбб гэгч “Социалист философи нь нийгмийн байгуулaлтын суурь зарчим нэгэнт болжээ” гэж хагас зууны өмнө тунхаглаж байв. Мөн тэрээр XIX зууны эдийн засгийн түүх бол социализмын зогсолтгүй үргэлжилсэн ололт амжилтын түүх юм хэмээн нэмж хэлсэн байдаг. Үүнээс хэдхэн жилийн дараа Их Британийн нэрт төрийн зүтгэлтэн Сэр Уиллиам Аркур “Одоо бол бид бүгдээрээ социалист” гэж байв. Германы империалист засгийн газрын 1970-аад оны сүүлээс хойшхи эдийн засгийн бодлогын талаарх номыг Элмэр Робэртс гэх америк хүн 1913 онд бичин хэвлүүлж байсан ба тэрээр тус бодлогуудыг “Хаант төрийн социализм” гэж нэрлэж байлаа.

Хэдий ийм боловч интервенционизм болоод социализмыг адилтган үзэх нь буруу. Интервенционизм буюу төр зах зээлд оролцох явдлыг бүрэн социализмд алхам алхамаар хүрэх хамгийн зохимжит зам гэж үздэг тун олон интервенционизмыг дэмжигч бий. Мөн яг ч илэрхий социалист бус интервенционист ч олон байгаа. Тэд холимог тогтолцоот эдийн засгийн байгуулалыг эдийн засгийн менежментийн байнгын систем болгохоор эрмэлздэг. Тэд бизнес дэх төрийн оролцоо болон үйлдвэрчний эвлэлийн тусламжтайгаар капитализмыг номхотгох, зохицуулах, сайжруулахаар зүтгэдэг.

Интервенционизм болоод холимог эдийн засгийн систем хэрхэн ажилладаг болохыг ойлгохын тулд хоёр зүйлийг тодруулан мэдэх нь зөв.

Нэгдүгээр зүйл: Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчид суурилсан нийгэмд эдгээр хэрэгслийн заримыг нь төр болоод хотын захиргаа өмчилдөг, ажиллуулдаг байлаа ч энэ нь социализм болоод хувийн өмчлөлийг нэгтгэсэн холимог эдийн засгийн системийг бий болгож байна гэсэн үг биш. Зөвхөн тодорхой тооны үйлдвэрийн газар, компанийг төр удирдaж буй учраас эдийн засгийн үйл ажиллагааг тогтоож тодорхойлдог зах зээлийн эдийн засгийн онцлог шинж чанарууд хэрэг дээрээ хэвээр үлдэж байгаа юм. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдхүүнийг худалдан авахдаа худалдан авагчийн хувиар, бараа, үйлчилгээгээ зарж борлуулахдаа худалдан борлуулагчийн хувиар зах зээлийн харилцаанд орж буй төрийн өмчит компаниуд ч гэсэн зах зээлийн эдийн засгийн механизмд нийцэх ёстой болно. Тэд зах зээлийн хууль гэх зүйлээс харъяат буюу тэдгээр компаниуд ашгийн хойноос явах үгүй бол ядахдаа л алдагдал хүлээхээс зайлсхийх хэрэгтэй. Tөрийн сан, төсвийн хөрөнгөөр эдгээр компаниудын алдагдлыг хааснаар зах зээлээс хамаарах хамаарлыг нь багасгах, үгүй болгохоор оролдох нь нэг халааснаасаа аваад нөгөө халаасандаа хийж байгаагаас өөрцгүй, хамаарлыг өөр зүг рүү л шилжүүлж байна гэсэн үг. Учир нь тухайн татаас, мөнгөн дэмжлэг хаа нэгтэйгээс гарах ёстой. Татварын мөнгөөр тухайн зүйлийг санхүүжүүлж болно. Харин үүнээс үүдэх татварын дарамт татварыг хурааж авдаг төрд бус түмэн олонд л мэдрэгдэнэ. Татвараас үүсэх дарамт хэнд ирэх эсэх, энэ нь үйлдвэрлэл болон хэрэглээнд хэрхэн нөлөөлөх эсэхийг татварын яам бус заах зээл шийддэг юм. Зах зээл болоод зах зээлийн хууль гэдэг бүхний дээд.

Хоёдугаар зүйл: Социализмыг бодит байдалд нийцүүлэх гэж оролдсон 2 загвар бий. Бидний Марксийн, Оросын гэж нэрлэж заншсан эхний загвар нь цэвэр хүнд суртал дээр суурилсан байдаг. Бүхий л эдийн засгийн нэгжүүд нь армийн захиргаа, шуудангийн систем шиг төрийн нэг хэлтэс л гэсэн үг. Шуудан холбооны газрыг уг газрын дарга удирддаг шиг үйлдвэр, дэлгүүр, ферм нэг бүр төрийн төвлөрсөн нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа эрхэлнэ. Хүн бүрийг албан хүчээр хөдөлмөрийн армид нэгтгэх бөгөөд нам, төрийн ерөнхий нарийн бичгийн дарга бол уг армийн захирагч юм.

Герман эсвэл Zwangswirtschaft гэж нэрлэгддэг хоёр дахь загвар нь үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, хувиараа бизнес эрхлэх явдал, зах зээлийн худалдааг нэр төдий үлдээдгээрээ эхний загвараас өөр. Бизнес эрхлэгч нэртэй хүмүүс худалдан авч, зарж, ажилчдад цалинг нь тавьж, зээл авч, хүү болоод зээлээ төлдөг. Гэсэн хэдий ч тэднийг хувиараа бизнес эрхлэгч гэж нэрлэх нь дэндүү өнгөц хэрэг. Нацист Германд тэднийг пүүсийн менежер буюу betriebsführer гэдэг байлаа. Төр тэдгээр бизнес эрхлэгч сэтэртэй хүмүүст юуг яаж үйлдвэрлэхийг, ямар үнээр хэнээс худалдаж авахыг, ямар үнээр хэнд зарахыг хэлнэ. Ажилчид хэнд ямар цалингаар ажиллах мөн капиталистууд өөрсдийн хөрөнгөө ямар нөхцлийн дор хадгалахыг төр шийднэ. Зах зээлийн арилжаа гэдэг бол хуурамч дүр эсгэлт. Бүхий л үнэ, цалин болон зээлийн хүүг төрийн эрх мэдэлтнүүд тогтоодог учир үнэ, цалин, зээлийн хүү бол ердөө л хэлбэр төдий зүйл юм. Үнэн хэрэгтээ тэдгээр нь ердөө л төрийн захиргаан дoорхи иргэн бүрийн орлого, хэрэглээ, амьдралын түвшинг тодорхойлсон тоон дүн хэллэг. Хэрэглэгчид бус эрх мэдэлтэн үйлдвэрлэл аль чиглэлээр явахыг тогтооно. Үйлдвэрлэлийн менежментийн төв зөвлөл бол бүхнийг мэдэгч. Иргэн бoл зүгээр л төрийн албан хаагчаас өөр юу ч биш. Энэ бол капитализмын баг зүүсэн социализм. Капиталист эдийн засгийн зарим нэг элемент хэвээр байх хэдий ч тэдгээр нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэгээсээ тэс өөр ойлголтыг илэрхийлнэ.

Социализм болоод интервенционизмыг хооронд нь андуурахаас сэргийлэхийн тулд нэгэн зүйлийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Tодорхой хүндрэлтэй зах зээлийн эдийн засаг өөрөөр бол интервенционизм нь ямартай ч гэсэн социализмаас зах зээлийн эдийн засаг гэдгээрээ ялгаатай. Эрх мэдэлтнүүд албан хүчээр зах зээлд нөлөөлөхөөр оролддог ч гэсэн тэд зах зээлийг бүхэлд нь үгүй болгохыг хүсдэггүй. Эрх мэдэлтнүүд үйлдвэрлэл болон хэрэглээ чөлөөт зах зээлийн замаас өөр замаар хөгжин дэвжих ёстой гэж үздэг бөгөөд зах зээлийн үйл ажиллагаанд хутгалдaн өөрсдийн зорилгодоо хүрэхээр тэмүүлдэг. Бүхий л үнэ, цалин, хүүгийн түвшинийг зохицуулах, үйлдвэрлэл болон хэрэглээг хянах бүрэн эрхийг эрх мэдэлтнүүдийн гарт өгөх гээгүй хэмээн төр эдийн засагт оролцох явдлыг санаачлагчид өөрсдийгөө хамгаална.

Ийм боловч интервенционизм буюу төрийн оролцооны бүхий л арга хэлбэр үл гүйцэлдэх нигууртай. Төрийн оролцооны аль ч арга хэлбэр төрийн оролцоог дэмжигчдийн солихоор зорьсон өмнөх нийгмийн нөхцөл байдлаас дор нөхцөлд байдалд л хүргэнэ. Эдгээр бодлогуудын авчрах үр дүн зорилгынхоо эсрэг чиглэсэн байдаг буюу мордохын хазгай гэж энэ юм.

Засгийн газрын шийдвэр үгүй бол үйлдвэрчний эвлэлийн шахалтаас бий болсон эсэхээс үл хамаараад цалингийн доод хэмжээг зах зээлийн түвшингээр тогтоовол энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин хэрэв цалингийн түвшинг хөдөлмөрийн зах зээлийн тогтоосон түвшингээс илүүгээр тогтоовол энэ нь нийтийг хамарсан бүтцийн ажилгүйдлээр төгсөнө.

Төрийн зарцуулалт нэмэлт ажлын байр бий болгож чадахгүй, тэгэх боломжгүй юм. Хэрэв төр иргэдээс татварлах эсвэл зээлэх замаар уг ажлаа санхүүжүүлвэл энэ нь төр шинээр бий болгосон ажлын байрны тоотойгоо ижил тооны ажлын байрыг устгаж байна гэсэн үг. Tөр арилжааны банкуудаас зээл авч ажлуудаа санхүүжүүлсэн тохиолдолд энэ нь зээлийн тэлэлт болон инфляцийг л дагуулна. Энэхүү инфляцийн явцад бараа бүтээгдхүүний үнэ нэрлэсэн цалингийн түвшиний өсөлтөөс илүү гарсан тохиолдолд л ажилгүйдэл багасна. Гэсэн ч ажилгүйдлийг бууруулж буй зүйл нь бодит цалингийн хэмжээ буурч байгаа явдал юм.

Kапиталист хувьсгал нь л бодит цалингийн түвшин тогтвортой өсөхөд хүргэсэн юм. Энэ бол үйлдвэрлэлийн шинэ технологиуд бий болсоноос үүдэн гарсан капиталын хуримтлалын үр дүн. Нэг хүнд ноогдох капиталын хэмжээг нэмэгдүүлэхээс өөрөөр цалингийн түвшинг цалин авах хүсэлтэй хүн болгонд зориулж өсгөх боломж огт үгүй. Капитал хуримтлах үйл явц саатах тоолонд бодит цалингийн түвшингийн өсөх явц зогсонги байдалд хүрдэг. Шинээр капитал бүтээхийнхээ оронд өмнө бий болгосон капиталаа хэрэглээд л байвал капиталын өсөлтөнд тээг болж буй зүйлсийг үгүй болгох хүртэл бодит цалингийн түвшин унана. Капиталын хуримтлалыг удаашруулж, сааруулж буй, мөн өмнөх капиталаа ашиглахад хүргэж буй дээрэмдлэгийн шинжтэй татвар зэрэг төрийн авч буй арга хэмжээнүүд нь иймээс олон түмний ашиг сонирхолд туйлын хөнөөлтэй байдаг юм.

Зээлийн тэлэлт нь түр зуурын огцом өсөлт авчирч болох ч иймэрхүү хиймэл хөгжил дэвшил огцом уналт, их хямралаар дуусна.

Сүүлийн хэдэн аравны эдийн засгийн түүх эдийн засагчдын таамаглалын эсрэг өрнөсөн гэдгийг бараг л хэн ч дурдсангүй. Манай үеийнхэн эдийн засгийн томоохон хүндрэлүүдтэй нүүр тулахаас зайлахгүй. Гэсэн ч энэ бол капитализмын хямрал биш юм. Энэ бол интервенционизмын, капитализмыг сайжруулах гэсэн капитализмыг илүү сайн системээр орлуулах гэсэн бодлогын хямрал.

Интервенционизм буюу төрийн оролцоо гамшиг болон хаосоос өөр юунд ч хүргэхгүй гэдгийг нэг ч эдийн засагч хэлж зүрхэлж байсангүй. Пруссын түүхийн сургууль болон Америкийн хэвшмэл үзэлтнүүд гэх интервенционизмын голлох дэмжигчид эдийн засагчид байгаагүй. Тэд өөрсдийн санаагаа дэмжихийн тулд эдийн засгийн хууль гэж огт байдаггүй юм хэмээн үүнийг эрс шийдэмгийгээр үгүйсгэж байв. Тэдний бодлоор төр өөрийн зорьж буй зүйлдээ хүрэхэд тухайн бодлогын авчрах эдийн засгийн үр дагавар гэдэг ямар ч хамаагүй бөгөөд төр юугаар ч хязгаарлагдах ёсгүй aж. Германы социалист Фердинанд Лассаллын адилаар тэд төрийг бурхан гэж үздэг байлаа.

Тэдний ихэнхи нь өөрсдөөсөө илүү орлого олж буй нэгэнд дургүйцсэн дургүйцэл, атаархал хорсолдоо хөтлөгдсөн байдаг. Ингэдэг нь тэднийг юмсыг байгаагаар нь харах боломжгүй болгодог. Тухайн бодлого нийт ард олныг золигт гаргахаар байлаа ч тэдэнд олон түмний aхуй амьдралыг сайжруулах нь биш харин бизнес эрхлэгч болон капиталистуудад хор хохирол учруулах нь чухал юм.

Tөрийн оролцоог дэмжигчийн нүдээр ашиг гэдэг дур гутам зүйл. Тэд ашгийн талаар ярихдаа алдагдал гэх нөгөө талыг нь үл хайхардаг. Ашиг болон алдагдал гэдэг хэрэглэгчид л бизнесийн аливаа үйл ажиллагаанд хяналт тавьснаас хамааран бий болдог зүйл гэдгийг тэд огтхон ч ойлгодоггүй. Хэрэглэгчдийг хаан болгодог зүйл бол ашиг болон алдагдал юм. Ашгийн төлөөх үйлдвэрлэл болон хэрэглээний төлөөх үйлдвэрлэл гэж хоёр салгаад хооронд нь эсрэгцүүлэх нь утга учиргүй тэнэглэл. Чөлөөт зах зээлийн нийгэмд хэрэглэгчдийг хүсээд байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нь хамгийн сайн, хамгийн хямд нөхцлөөр хангаснаар аливаа хүн ашиг олно. Ашиг болон алдагдал нь үйлдвэрлэлийн материаллаг хүчин зүйлсийг үр ашиггүй газраас аваад үр ашигтай газар байршуулдаг юм. Хүмүүсийн хүсэж буй бараа бүтээгдхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэхдээ амжилт олох тусам нь тухайн хүнийг бизнесийн салбарт илүү нөлөөтэй болгодог явдал нь ашиг болон алдагдлын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг юм. Ямарваа нэгэн улс хууль гарган хамгийн үр бүтээлч бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааныхаа цар хүрээгээ тэлэхийг нь нь хоригловол хэрэглэгчид л хохирно. Олон түмний эрэлт хэрэгцээг хамгийн сайнаар хангаж чадсан явдал нь компаниудыг томoрход нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл юм.

Зах зээлийн эдийн засгийн капиталист системийн үйл ажиллагааг капитализмын эсрэг чиглэсэн бодлогууд л сүйтгэж нураадаг. Интервенционизмын бүтэлгүйтэл нь социализмыг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой гэдгийг бус харин интервенционизм ямар ч хэрэггүй зүйл юм гэдгийг нотлон харуулдаг. Дэвшилтэт үзэлтнүүд гэгдэж буй хүмүүсийн капитализмын бүтэлгүйтлийн нотолгоо гээд буй гай гамшиг нь угтаа тэдний өөрсдийнх нь зах зээлд хөндлөнгөөс оролцсоноос нь үүдэн гарсан үр дүн юм.

Интервенционизм болон капитализмын ялгааг таниагүй мунхагууд л ертөнц дээрх бүхий л гай зовлонг үгүй болгох арга зам бол социализм гэдэгт итгэдэг болно.

 

Людвиг Фон Мизес

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply