Сүйрлийн ирмэгт ирсэн Хятадын эдийн засаг

chinaeconomydebtcrisis

 

Хятадын эдийн засагт тулгарч буй гол хүндрэл нь төрийн манипуляцид суурилсан Кэйнсийн загвар болохыг Доктор Пьер Бюланд саяхан нэг нийтлэлдээ тун ёжтой бичжээ. Мэдээж түүний зөв. Миний бие түүнтэй санал нэг байна. Гэвч илүү гүнзгий судлаад үзэх юм бол Хятадын эдийн засгийн нөхцөл байдал дордсон нь Кэйнсийн буюу Крони (төртэй хамссан бизнес) тогтолцооноос улбаатайг олж харах болно. Австрийн бизнес мөчлөгийн онолоор Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дүгнэх аваас Хятадын ардын банк буюу төв банкны бий болгосон хиймэл зээлийн тэлэлтийн бодлогын уршгаар тус салбар маш хүнд байдалд ороод байгаа нь илэрхий байна.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Хятадын төв банк эдийн засгийг сэргээн дэмжих үүднээс 4 их наяд юаныг хэвлэж зах зээлд шахсан байна. Энэ нь 586 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө юм. 2009 оноос хойш Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл аль хэзээний гурван ч багахан хэмжээний эдийн засгийн мөчлөгийг туулаад гарсан байна. Эдгээр бизнесийн мөчлөг бүрийн үргэлжлэх хугацаа өмнөхөөсөө ямагт богинохон байх шинжтэй байгаа учир үл хөдлөх хөрөнгийн компаниуд хиймэл өсөлтөд тулгуурлан оршин тогтнох боломж улам бүр хумигдсаар байгаа аж. Сүнсэн хотуудын тоо өдрөөс өдөрт олширсоор. Хэдий богино ч бизнесийн мөчлөг бүхэн тодорхой хэмжээний эдийн засгийн өсөлтийг бий болгодог аж. БНХАУ-д 2013 онд хамгийн багаар бодоход 12 сүнсэн хот байсан бол энэ жилийн хувьд тэдний тоо 50 давж огцом өсчээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн компаниудын дампуурах магадлал улам бүр ихэссээр байна. 2016 онд бидэнд олдсон мэдээллээр гурван томоохон үл хөдлөх хөрөнгийн компани дампуурсан бөгөөд эдгээр компаниудын өрийг нэгтгэх аваас хамгийн багадаа 763 сая юаньд хүрэх аж. Дампуурал цааш үргэлжилсээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн аваргуудын нэг Wanda Group яг одоогийн байдлаар санхүүгийн том асуудалд орчхоод байна. Хэрэв Wanda Group хямд зээл олж авч чадахгүй бол дахин санхүүжих, өрөө төлөх, өрийн хугацаагаа сунгах боломжгүй болно. Гэхдээ энэ групп дампуурвал Хятадын эдийн засгийн одоогийн хиймэл өсөлт зогсох явцыг хурдасгах биз.

Хятадын Засгийн газраас гаргасан статистик тоо баримт, мэдээллүүд ч тийм өөдрөг дүр зургийг илэрхийлж чадсангүй. 2014 оны эцэс гэхэд Хятадын засгийн газрын өр 25 их наяд юань буюу 4 их наяд ам.долларын хэмжээнд хүрчээ. Хятадын ардын банк ч гэсэн 2015 оны ээлжит тайландаа Хятадын санхүүгийн зах зээл урьд өмнө нь огт тохиолдож байгаагүй тодорхой бус, маш тогтворгүй байдалтай нүүр тулчхаад байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Дээрх үйл явдлууд үнэндээ гайхаад байх зүйл ч биш л дээ. Эд үнэндээ төвлөрсөн төлөвлөгөө болон төв банкны бий болгосон хиймэл зээлийн тэлэлтийн үр дүн. Хятадад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон коммунист намд танил тал ихтэй бизнесийнхэнд зээл тун хялбар олддог. Үл хөдлөх хөрөнгийн бизнес бол төртэй хамсдаг бизнесийн том төлөөлөл бөгөөд орон сууцжуулах хөтөлбөрийг зөвхөн эрх мэдэлтнүүдтэй хамсаатан хүмүүс л хийж гүйцэтгэх боломжтой байдаг. Төрийн өмчит аж ахуйн нэгж (ТӨААН)-ийн асуудлыг орхиод хамгийн ихээр санаа зовних ёстой асуудал гэвэл Кэйнсийн эдийн засгийн загвараар бий болсон Крони тогтолцоо хувийн болон жижиг бизнесүүдийг хөлдөө чирж, тэднийг сүйрүүлж буй явдал юм. Чухам эдгээр хувийн, жижиг бизнесүүд л энэ улс орны эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. ТӨААН болон эрх мэдэлтнүүдтэй хамсаатан бизнесүүдийг бодвол эдгээр хувийн, жижиг бизнесүүдэд зээл олдох нь хавьгүй хэцүү байдаг. Үүнээс гадна сүүлийн үед явагдсан зах зээлийн огцом савлагаанууд эдгээр бизнесүүдийн оршин тогтнох явдлыг бүр хүндрүүлсэн. Эдгээр жижиг бизнес эрхлэгчид зээл олж авах бололцоо муутайгаас гадна засгийн газраас баталсан тоо томшгүй олон дүрэм, журам хүнд суртлыг тойрч гарах үүднээс төрийн албан хаагчдыг их хэмжээгээр хахуульдахаас аргагүй байдалд орж байна.

Жишээ болгож жижиг бизнесийн эзэн Ли Лангийн түүхийг сонирхуулъя. Тэрбээр байгаа байдалдаа дасан зохицохын тулд юу ч хийхээс буцахгүй бизнес эрхлэгч юм. Хэдэн жилийн өмнө тэрбээр Хятадын баруун өмнөдөд байх Чэндү хэмээх нэгэн жижиг хотод нүүлгэлтийн компаниуд тун хомс байгааг анзаарчээ. Ингээд тэрбээр орон нутгийн хүмүүст энэ төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Мэдээж түүний бизнес амар байсангүй. Учир нь хүнд хүчир хөдөлмөр хийхээс гадна бизнесээ хамгаалуулж, бизнесийн шинэ боломж, хөнгөлөлтийг эдлэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай ойрын холбоо тогтоохоос өөр аргагүй болсон байна. Лигийн ярьснаар хэрэв крони тогтолцооноос ашиг олоод сурчихсан орон нутгийн эрх мэдэлтнүүд нүүлгэлтийн компаниудыг зохицуулах нь нэлээдгүй ашигтай болохыг эртхэн ухаарсан байсан бол Ли хэзээ ч энэ бизнест амжилт олж чадахгүй байх байжээ. Одоо тэр нэлээд хөлжиж, орон нутгийн эрх мэдэлтнүүдтэй харилцаагаа хадгалж, бизнесээ хамгаалуулсан хэвээр байгаа. Түүний түүх тийм ч онцгой жишээ биш юм. Хятадад та крони системээс хол байх тусам төдий чинээ бизнес хийх бололцоо муутай байдаг. Бизнес тань амжилттай байвал төрийн нүд олоод харчих тул болгоомжтой байхгүй бол горьгүй. Төрөөс эдийн засагт манипуляци хийдэг ч гэлээ хувийн хэвшлийнхэн л энэ улс орны эдийн засгийг хөл дээр нь босгож, маш олон хятад хүний амь амьжиргааг сайжруулсан билээ. Хятадын эдийн засгийн загвар нь Крони тогтолцоонд суурилсан Кэйнсийн загвар болохыг цохон тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хиймлээр бий болгосон хөгжил дэвшил нь Хятадад яг юу болоод байгаа тухайд ташаа ойлголт авахад хүргэж байна шүү дээ.

 

Нийтэлсэн: Виллиам Хонг Сон Ван

 

2017.08.21

 

Орчуулсан: Н.Хасар

 

 

Leave a Reply