Зээлийн тэлэлт ба бизнесийн мөчлөг

62617_article_full

 

Зээлийн тэлэлт гэж юу вэ? Энэ бас л нэг төрлийн инфляци юм. Энгийн инфляци болон зээлийн тэлэлтийг ялгаж салгахын шалтгаан нь гэвэл нийт эдийн засгийн тогтолцоон дахь мөнгөний нэгжийн тоо хэмжээ хоёр өөр арга замаар нэмэгдэж, дор бүрнээ өөр нөлөө үзүүлдэгт байгаа юм. Энгийн инфляци гэдэг бол шинээр хэвлэсэн мөнгө засгийн газрын зардалд шууд зарцуулагдахыг хэлдэг. Тухайлбал дайны зардлыг цаашид үргэлжлүүлэхийн тулд мөнгө нэмж хэвлэн, түүнийгээ засгийн газар зарцуулж болдог. Үүний үр дүнд засгийн газрын худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар мууддаг.

Харин зээлийн тэлэлт нь эдийн засагт мөнгө нэвтрэн орохдоо засгийн газрын зардалд зарцуулагдах бус, банкаар дамжиж бизнес эрхлэгчдэд шинээр бий болгосон зээл олгох замаар явагддаг. Үр дүнд нь бизнес эрхлэгчдэд шаардлагатай, тэдний худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Энэ нь бизнесийн орчинд хэт өсөлтийг (boom) бий болгодог. Хэрэв энэ хэт өсөлт нь цаг хугацаандаа зогсохгүй, цааш үргэлжлэх аваас эдийн засгийн томоохон хямралыг бий болгодог юм. Үүнийг л капиталист тогтолцооны хамгийн сонирхолтой үзэгдэлд тооцогдох болсон бизнесийн мөчлөг гээд байгаа юм. Бизнесийн мөчлөгийн шалтгаан нь банкууд зээл олголтоо нэмэгдүүлж, үүний үр дүнд шинэ бизнесүүд бий болсноос үүдэлтэй. Гэвч үйлдвэрлэгчдийн бүтээсэн бараа бүтээгдэхүүн, капитал огт нэмэгдээгүй атал зарим нэг төрлийн бизнесүүд зах зээл дэх эрэлтийг давчихдаг. Энэ нь зарим санхүүгийн брокеруудын нэрлэдэгчлэн нийт эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын ерөнхий түвшин өссөн хэрэг биш юм. Хэт өсөлт бий болсны илэрхий шинж чанар нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хиймлээр зээлийн хүүг багасгадаг явдал. Энэ бүхэн нь бизнес эрхлэгчдийг эдийн засагт бодитоор оршиж буйгаас илүү их капитал байгаа гэсэн хуурамч ойлголтод хүргэж, зээлийн хүү өндөр байх үед огт хэрэгжих боломжгүй байсан олон төсөл хөтөлбөрийг боломжтой болгодог. Бодит байдал дээр шинээр бий болсон зүйл гэвэл ердөө дээрх зорилгын тулд хиймлээр буй болгосон зээл олголт нэмэгдсэнээс өөр зүйлгүй аж. Дээрх хэт өсөлт нь эдийн засгийн зарим салбарын тэлэлт, харин хэтийдсэн хөрөнгө оруулалт нь ашиггүй хөрөнгө оруулалт (mal investment) байсан нь илэрч, тогтолцоо нурах хүртэл үргэлжилдэг.

Ийн атал, дэлхийн тэргүүлэх улс орон бүр хиймлээр хүүг багасгаж, зээлийн тэлэлт бий болгохыг эрмэлзсээр байгаа билээ. Хүмүүс хүүг ямагт сөргөөр, мөнгө хүүлэл хэмээн харсаар ирсэн байдаг. Зээлийн хүүг төр засаг эсхүл банкны зүгээс зохицуулж, манипуляци хийн багасгах ёстой гэсэн үзэл маш урт хугацаанд давамгайлж байна. Хүмүүсийн хандлага ийм байгаа нь тэд орчин цагийн эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь буруу ойлгосноос үүдэлтэй. Гэтэл улс орон бүрийн хүсэл эрмэлзэл нь томоохон асуудлыг бий болгоод байдаг. Инфляцид хамгийн ихээр автагдсан улсуудыг ажиглавал тэнд зээлийн хүү ямагт бага байна. Миний хамгийн ихээр санаа зовоож буй асуудал гэвэл яг энэ хандлага өнөөдөр чөлөөт зах зээлийн тогтоосон үнэ, хадгаламж, хөрөнгө оруулалттай улс орнуудад нөлөөлж эхэлж буй явдал юм. Олон улсын валюттай, эсхүл мөнгөн тэмдэгт нь ардаа алтан баталгаагүй улс орнууд зах зээл дэх мөнгөний тоо хэмжээг ямагт нэмэгдүүлэхийг эрмэлздэг зүй тогтол бий. Маш цөөхөн хүмүүс л мөнгөний нэгжийг багасгахын төлөө байдаг. Хэрэв засгийн газар хүмүүст таалагдахыг хүсвэл, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө, үйлдвэрлэгчдийн төлөө гэх мэтээр ялангуяа үйлдвэрчний эвлэл холбоодод зориулж үнэ өсгөх арга хэмжээ авдаг. Ингэхийн тулд зах зээл дэх мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Мөнгөний тоо хэмжээ нэмэгдэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Хэрэв бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байх аваас ихэвчлэн зээлийн хүү нэмэгдэх хандлагатай байдаг. Саяхан нэгэн сэтгүүлч бээр нэр хүндтэй долоо хоног тутмын хэвлэлд бичсэн нийтлэлдээ “бид бизнесийн мөчлөгийг номхотгосон” хэмээн дурдсан байсан. Магадгүй та бүхэн энэ нийтлэлийг уншсан байх. Харин би лекцээ тавихаар энд хүрэлцэн ирэхээсээ цагийн өмнө дээрх нийтлэлийг олж уншлаа. Гэвч хүүг бууруулж, хиймэл зээлийн тэлэлт бий болгохыг хүсдэг, зээлийн хүүгийн хэмжээ хадгаламжийн хэмжээнд суурилдаг нөхцөл байдлыг ойлгодоггүй хүмүүс бол инфляцийг дэмжигчид юм. Эд нар бизнесийн мөчлөгийг номхруулна гэж үнэндээ байхгүй. Хэрэв үнэ ерөнхийдөө өсөх аваас, зээлийн хүү өсөхөөс өөр аргагүй болдог. Учир нь таны худалдаж авсан барааны үнэ цаашдаа өссөөр байх үйл явц ажиглагдвал та хүнд мөнгө зээлэхээсээ илүүтэй, бараа худалдан авч дараад илүү үнэд хүрэх үед нь зарвал илүү ашиг олох болно. Иймээс хүмүүс зээлийн хүүгээс шалтгаалах алдагдлыг нь нөхөхгүй л бол өөр хэн нэгэнд мөнгө зээлэхийн оронд бараа бүтээгдэхүүн эсхүл хувьцаа худалдан авч дараад, үнэ нь өсөх үед зарж борлуулан ашиг олохыг илүүд үздэг. Үнэ өсөхтэй зэрэгцэн, зээлийн хүү нэмэгдэх явдал зайлшгүй болох учир нь яг энэ нөхцөл байдалд зээлийн хүү нь өөртөө миний томьёолсноор “үнийн шимтгэл” (price premium) хэмээх бүрэлдэхүүнийг агуулах ёстой болдог. Энэ нь мөнгө зээлдүүлэгч нь зээл олгохын оронд бараа бүтээгдэхүүн борлуулснаас илүү их ашиг олох ёстой нөхцөл байдлыг орлуулан мөнгө зээлдүүлэгчид төлж буй нөхөн төлбөр юм.

Зээлийн хүү өсөх үед хүмүүс ихэвчлэн хүү хэт өндөр байгаатай тэмцэх зорилгоор мөнгөний нэгжийн тоо хэмжээг зах зээлд нэмэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлцгээдэг. Гэвч энэ арга хэмжээ нь яг эсрэгээрээ үйлчилдэг. Хүүг багасгах цорын ганц арга нь инфляцийг арилгаж, засгийн газрын мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгадаг эрх мэдлийг үгүй хийх явдал юм. Засгийн газрууд ямагт инфляци бий болгох сонирхолтой байдаг. Шалтгаан нь тодорхой, тэд илүү ихийг зарцуулахыг хүсэж байгаа. Ийм учраас л улстөрийн бодлогууд өөр хоорондоо зөрчилддөг юм. Инфляцийн эхэн үед, үүнийг дэмжигчид дандаа нөхцөл байдал маш сайхан байгаа тухай, цаашид засгийн газар үүнийг үргэлжлүүлэх ёстой гэх мэтээр тунхагладаг. Засгийн газрын зүгээс ч сонгогч олондоо хандаж “та бүхэн хэзээ ч ийм сайхан цаг үеийг туулж, ингэтлээ жаргаж үзээгүй” гэх мэтээр хэлэхийг хүсдэг. Гэвч инфляцийн үр дүнд бий болсон энэ сайхан жаргалтай эрин үе маш хурдан хугацаанд төгсгөл болдог. Зөвхөн энэ үйл явдлын дараа л хүмүүс бодит үр дүнг нь олж харцгаадаг. Бодит үр дүнг нь олж харна гэдэг нь, үл хөдлөх хөрөнгө ч юм уу ямар нэгэн биетээр оршдог хөрөнгө хогшил эзэмшигчид эсхүл тодорхой аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсээс бусдынх нь хуримтлал үгүй болсныг ойлгох тэр цаг үе юм.

 

 

Людвиг Фон Мизесийн Инфляци ба Мөнгө лекцээс хэсэгчлэн нийтлэв.

Орчуулсан: Н. Хасар

Leave a Reply