Сьер Жон Коупэртуэйтийг (Sir John Cowperthwaite) дурсахуй

012716opinionjohn_1280x720

 

2006 оны нэгдүгээр сарын 21-ий өдөр ерэн насандаа таалал төгссөн Сьер Жон Коупэртуэйт 1961-1971 оны хооронд ХонгКонгийн Санхүү эдийн засгийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр эр зориг, мэргэн ухаанаараа ядууралд нэрвэгдсэн ХонгКонгийн өнөөгийн хөгжил цэцэглэлтэнд үнэлж барамгүй хувь нэмрээ оруулсан зарчимч, төлөв даруу нэгэн байлаа. Мэдээж хэрэг түүнийг бид бүгд үгүйлэх болно.

Би Сьер Жонтой анх 1999 онд танилцсан юм. Сьер Жоны суралцаж төгссөн Шотландын Сэйнт Эндрюсийн их сургуулийн оюутан байсан миний бие эдийн засгийн хөгжил дэвшилд чухам юу чухал вэ гэдэг талаар дөнгөж л бодож эргэцүүлж эхлээд байв. Африк тивд амьдралынхаа нилээдгүй хугацааг өнгөрүүлсний хувьд улс орнуудын баян хоосны ялгавартай байдалд нөлөөлж буй учир зүй шалтгааныг ойлгож мэдэхийг хүсэж байлаа. Шотланд орон миний судалгаанд тун чиг ээлтэй нутаг болох нь төдөлгүй батлагдлаа. Ямартай ч Шотланд орон XVIII зууны гэгээрлийн эрин үе дэх либерализмын өлгий болсон нутаг юм. Адам Фэргюсон, Дэвид Хюм мөн “Үндэстний баялаг”-ийг зохиогч Адам Смит нар улс төр болоод эдийн засгийн сэтгэлгээг хамарсан дээрх үзэл санааны түүчээ нь байлаа.

Намайг Сьер Жонтой анх уулзаж танилцах үед Хонг Конгийн эдийн засгийн амжилт хэдий нь ээ бэхжсэн байв. ХонгКонг өмнө нь тэр ч одоо ч гэсэн дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай улс бөгөөд эдийн засгийн хөгжлийн laissez-faire урсгалын хамгийн том ололт амжилтуудын нэг жишээ гэж хэлж болно. Сьер Жон ХонгКонгод анх 1947 онд ирсэн ба тухайн цагт ХонгКонгийн оршин суугчид зарим нэг Африкийн улс орнуудын иргэдээс ч ядуу зүдүү байв. Уг орон жижиг газар нутагтайн хажуугаар байгалийн баялаг гэхээр зүйл юу ч үгүй. Нобелийн эдийн засгийн шагналт Гуннар Мирдал гэх мэтийн олон ч эдийн засагч Африк тивд хөгжил дэвшлийг харин Ази тивд бүрхэг ирээдүйг зөгнөж байсан байдаг.

Гэсэн хэдий ч XX зууны төгсгөлд ХонКонг нь дэлхий дээрх хамгийн баян чинээлэг улсуудын нэг болсон юм. 1950 онд ХонгКонгийн иргэд газрын тосоор баян Африкийн Габон улсын иргэдээс 40 хувиар ядуу байсан гэж эдийн засагч Ангус Маддисон тооцоолсон байдаг. 1998 он гэхэд ХонгКонгийн оршин суугчид габончуудаас дөрөв дахин баян чинээлэг болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл эцсийн эцэст ХонгКонгийн чөлөөт эдийн засгийн бодлого нь Габоны байгалийн баялаг түүнээс үүдэлтэй давуу тал бүхий гарааны нөхцөл байдлаас ч илүү чухал гэдгээ нотолж чадсан юм.

Их сургуульд дөнгөж элсээд байхдаа ХонгКонгийн хөгжил цэцэглэлтийн ерөнхий архитектор маань надаас гуравхан байшингийн цаана нэг гудманд амьдардаг байсныг мэдсэнгүй. Түүнийг яг хаана амьдардгийг мэдмэгцээ би түүнд уулзаж танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захиа илгээв. Тэрээр миний хүсэлтийг уриалгахнаар хүлээн авсан. Сьер Жон хуучинсаг нэгэн байлаа. Төлөв түвшин хэрнээ өөртөө итгэлтэй хүн байна гэсэн анхны сэтгэгдлийг тэр надад үлдээсэн. Их Британийн эзэнт гүрний колони улсуудын амбан захирагчид бүгдээр төрийн оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого явуулж байхад тэрээр ганцаараа л социализмыг хөсөр хаясан юм. Адам Смитийг зүг чигээ болгосон тэрээр ХонгКонгийн эдийн засгийг зөнд нь орхисон бөгөөд төрийн элдэв оролцоог эдийн засгаас холхон байлгасан. “Намайг ХонгКонгод ирэхэд эдийн засгийн үйл ажиллагаа нь гольдролоороо л явагдаж байв. Чухам иймээс би үүнийг тэр чигт нь л орхисон юм” гэж тэр надад хэлж байв. ХонгКонгод анх хөл тавьсан цагаас 50 гаруй жилийн дараа Сьер Жон өөрийнх нь үзэл баримтлал зөв байсныг хараад ихэд баярлаж байсан нь илт байв.

Их Британийн колони орнуудыг хариуцах албаны уламжлалын дагуу тэтгэвэрт суусныхаа дараа Сьер Жон цөөн хэдэн удаа л олон нийтэд хандсан мэдэгдэл хийсэн. Гэхдээ тэрээр шинэ үеийн чөлөөт зах зээлийн үзлийг дэмжигч либералуудтай өөрийн мэдлэг оюунаа хуваалцахдаа тун ч тааламжтай байлаа. Бид ХонгКонгийн 16 хувийн татварын түвшин, бизнест таатай эрх зүйн орчин, төрийн элдэв татаас тусламжаас ангид байдал, дэлхийн бусад улс орнуудтай хийх гаалийн татваргүй чөлөөт худалдаа мөн түүний Санхүү эдийн засгийн сайдын хувиар хийн хэрэгжүүлж байсан өөр бусад бодлогуудын талаар ярилцаж цагийг өнгөрөөсөн. Бидний хэлэлцсэн зүйлсээс нэг нь миний санааанаас ер гардаггүй юм. Учир нь түүний хэлсэн зүйл хүн төрөлхтний аль хэдийн хүлээгээд авчихсан нийтлэг ойлголтоос тэс өмнөө байлаа. Би түүнээс өөрийнхөө хамгийн их бахархаж явдаг ганц реформоо нэрлээч гэж асуухаад тэрбээр “Бүхий л статистик мэдээллийг эдийн засагт ашиглах явдлыг халсан минь” гэж хариулж билээ. Нийгмийн инженер гэгдэх хүмүүст эдийн засаг дахь төрийн оролцоог зөвтгөх боломжийг олгодог учир статистик гэдэг нь тун аюултай зүйл гэдэгт Сьер Жон гүнээ итгэж явдаг байсан.

Ярианыхаа дундуур “Юу ч хийдэггүй байснаар чинь л хүмүүс таныг мэддэг байх аа” гэж хэлээд би түүнийг бухимдуулаад авав. Тэрбээр “Өөрийн ихэнх цаг хугацаагаа ХонгКонгийн эдийн засагт хөндлөнгөөс оролцох гэсэн Британийн улс төрийн нойтон хамуунуудтай зууралдаж өнгөрөөсөн” гэв. Сьер Жоны албан ажлын бүрэн эрхийнх нь бүхий л хугацаанд Их Британийн улс төрийн элитүүд өөрсдийн социалист эдийн засгийн загвараа Их Британийн колони орнуудад тулгахаар оролдож байсан. Сьер Жон харин тэдгээр бүхий л оролдлогуудыг амжилттай няцааж чадсан бөгөөд ХонгКонг үүний ашиг тусыг хүртжээ. 2004 онд ХонгКонгийн нэг хүнд ноогдох орлого 33510 ам. доллар байсан бол Их Британийн хувьд 31460 ам.доллар байв.

Их Британийн төмөр хатагтай Маргарэт Татчэр өөрийн улс орноо социализм гэх ялзралаас аврахаар сэтгэл шулуудаад байхад түүнд ямар арга зам ашиглах вэ гэдгээ шийдэхэд нь тусалсан зүйл бол чөлөөт эдийн засгийн бодлогод суурилсан ХонгКонгийн амжилттай туршлага байсан гэж би үздэг. Колони орон болох ХонгКонг эх нутаг болох Их Британийнхаа замыг нь гэрэлтүүлжээ. Үүгээр ч үл барам ХонгКонгийн амжилт нь социализм бол түүхэн мухардал гэдгийг Хятадын Коммунист Намд нотлон харуулсан. Тэрбум гаран хүнтэй боолын нийгэмд хажууханд нь орших эрх чөлөө, хөрөнгө чинээгээр баян арал улсаас өөр сайн жишээ юу байж чадах вэ? ХонгКонгийг Хятадын үлгэр дууриалал болохоор зэхсэн жишиг улс болгож чадсанаараа Сьер Жон түүхэнд бичигдэнэ.

Харин тэрээр яг хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ гэж үү? Нэг түүхийг л дурсахад болох биз. Төрийн өндөр албан тушаалд байхад нь түүнд Хонг Конг дахь орон сууцаа сайжруул гэж нилээдгүй мөнгө өгсөн байдаг. Сьер Жон түүнийг авахаас татгалзав. Үүнийгээ “энэ мөнгө нь колони орны ард иргэдээс татварласан мөнгө учраас энэхүү орон сууцны татаасыг хүлээн авч зүрхлээгүй” гэж тэр надад хэлж байсан . Өөрийн эдийн засгийн бодлогыг адилаар Сьер Жон хувь хүн талаасаа ирээдүй үеийн төрийн албан хаагчдад жишиг тогтоож чадсан юм.

 

Нийтлэлч: Мариан Тюпай

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply