Эдийн засгийн ухаан хийгээд эдийн засгийг хэрхэн судлах талаар

economics

 

Эдийн засгийн ухаан

Байгалийн шинжлэх ухаан лабораторийн туршилтаар баталгаажсан баримтууд дээр суурилдаг. Физик болоод биологийн шинжлэх ухааны онолуудыг тэдгээр баримтуудтай тулган шалгадаг бөгөөд хэрэв тухайн онол бодит байдалтай үл нийцэх аваас онолыг хүчингүйд тооцдог билээ. Технологи, анагаах ухааны хөгжлийг дараагийн шатанд нь аваачих эдгээр онолыг улам боловсронгуй болгохын тулд лабораторийн туршилтыг илүү сайн нөхцөлд, илүү их хийх шаардлагатай. Эдгээр аз, эз үзсэн туршилтуудыг хийн гүйцэтгэхэд цаг хугацаа, өртөг бүхий материал хангамж хэрэгтэй, мөн үүнийг хийж буй мэргэжилтнүүд тун нягт няхуур байх ёстой. Хурц ухаантай авч ядуу хийгээд ганцаар байхыг илүүд үзсэн шинжлэх ухааны эрдэмтэн өнөөдөр шинжлэх ухааны судалгаа хийж үл хүчрэнэ. Өнөө үед шинжлэх ухааны судалгааг төр, их сургуулиуд, болон томоохон компаниудын санхүүжүүлдэг асар том лабораториудад хийдэг болжээ. Эдгээр институтууд өдөр бүр тогтсон зүйлсээ хийнэ. Судалгааны салбарт ажиллаж буй хүмүүсийн ихэнх нь баримт сэлт цуглуулдаг мэргэжилтнүүд агаад хэзээ нэгэн цагт тухайн баримтуудыг нь аливаа нэгэн шинэ нээлтийн эзэн нь өөрийн онолынхоо суурь болгон ашиглах болно. Шинжлэх ухааны онол цааш хөгжихөд жирийн нэг судлаачийн ололт амжилт гэдэг хоёрдугаар зэргийн зүйл. Гэлээ ч тэрхүү судлаачийн нээлтүүд нь анагаах ухаан хийгээд бизнесийн салбарт шуурхай хэрнээ бодит эерэг нөлөө үзүүлэх нь олонтой бий.

Байгалийн шинжлэх ухаан болон хүний үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсэн эпистемологийн ялгааг үл тоож буй хүмүүс эдийн засгийн талаарх мэдлэгийг цааш ахиулахад шаардлагатай зүйл бол эдийн засгийн судалгааг анагаах ухаан, физик, химийн шинжлэх ухааны судалгааг хийхэд ашигладаг аргачлалын дагуу хийх гэдэгт итгэж явдаг. Эдийн засгийн судалгаа гэж нэрлэгдэж буй зүйлд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарлагдана. Үнэн хэрэгтээ энэ бүх институтуудын хийж буй зүйлийн мөн чанар нь эдийн засгийн түүх (economic history) юм.

Эдийн засгийн түүхийг судлах үйл хэргийг дэмжиж урамшуулах нь магтууштай явдал мөн үү гэвэл мөн. Судалгаануудын үр дүн хэдий сургамжтай байж болох ч хүмүүс энэ мэт судалгаануудыг эдийн засгийн ухаантай (economics) андуурч болохгүй. Баримт гэдэг үгийг лабораторийн туршилтанд хэрэглэгддэг утгаар нь авч үзвэл эдийн засгийн судалгаанууд баримтыг бий болгодоггүй. Апостериори гипотезууд болон теоремуудаар онол бий болгож буй хүнд эмпирик эдийн засгийн судалгаа хэрэггүй. Эсрэгээрээ, тухайн судалгаанууд цэвэр онолын хүрээнээс ангид байгаа бол ямар ч утга илэрхийлэхгүй. Түүхэнд болсон тухайн үйл явдал чухам яг ямар шалтгааны улмаас бий болов гэдэг талаарх ямар ч маргааныг тухайн үйлийг хийсэн хүний зорилго, шалтгааныг мэдэхгүйгээр буюу дан ганц баримтуудыг нягтлан шалгаснаар шийдвэрлэх боломжгүй.

Хорт хавдарыг судлах сангууд бий болж буй нь энэхүү аюулт өвчнийг эмчлэх, үүнээс сэргийлэх арга замуудыг шинээр нээхэд тус болж болно. Харин бизнесийн мөчлөгийг судлах институт эдийн засгийн уналтаас зайлсхийх гэсэн ямар ч оролдлогод тус хүргэж чадахгүй. Өнгөрсөнд тохиолдож байсан эдийн засгийн хямралуудтай хамаарах бүхий л мэдээллийг хамгийн найдвартай байдлаар цуглууллаа ч энэ салбарын талаарх бидний мэдлэгт хэргээр тун бага. Ийм мэдээллийн нэгдсэн сантай болох тал дээр эрдэмтэн судлаачдын хооронд элдэв маргаан өрнөдөггүй. Харин энэхүү мэдээллүүдийг ямар онолоор тайлбарлах вэ гэдэг дээр эсрэг тэсрэг саналтай байдаг.

Тухайн түүхч юунд үндэслэж үйл явдлыг бичиж үлдээсэн бэ гэдгийг бодолцож үзэхгүйгээр болсон явдлын талаарх мэдээллийг цуглуулах боломжгүй гэдгийг мартаж үл болно. Түүхч баримт бүрийг бичиж үлдээдэггүй. Тэрээр тухайн явдлыг өөрийнхөө харж буй өнцгөөс дүгнэсний үндсэн дээр өөртөө чухал гэж санагдсан баримтаа л тайлагнадаг буюу тухайн хэрэг явдлыг тайлбарлахад холбоогүй гэж үзсэн мэдээллүүдээ орхигдуулдаг. Хэрэв түүний онол нь буруу бол түүний тайлан нь ямар ч хэрэггүй эд болно гэсэн үг.

Эдийн засгийн түүхийн (economic history) хамгийн итгэл төрүүлэхүйц судалгаа шинжилгээ, тэр судалгаа нь бүр хамгийн сүүлийн үеийнх ч байлаа гэсэн эдийн засгийн ухааныг (economics) үл орлож чадна. Логик, математиктай адилаар эдийн засгийн ухаан нь тархинд бий болох бодол, сэтгэлгээний ухаан. Эдийн засгийн ухаан хэзээ ч туршилт, өнгөрсөнд үлдсэн туршлага дээр суурилах боломжгүй. Эдийн засагч хүнд судалгаа явуулахад нь өндөр өртөгтэй аппаратын хэрэг үгүй. Аливаа эдийн засагч хүнд хэрэгтэй зүйл бол юмсыг тодорхой бодох хийгээд тухайн үйл явдалд юу хамгийн чухал, юу зүгээр л тохиолдлынх вэ гэдгийг ялгаж салгаж чадах чадвар юм.

Эдийн засгийн түүх болон эдийн засгийн ухаан хоёрын хооронд зөрчил үгүй. Мэдлэгийн салбар бүрт өөр өөрийн гэсэн сайн тал бий болоод давуу тал бий. Эдийн засагчид хэзээ ч эдийн засгийн түүхийг судлахын ач холбогдлыг багасган үзэх, үгүйсгэх гэж оролдож байгаагүй. Нөгөөтэйгүүр жинхэнэ түүхчид ч гэсэн эдийн засгийн ухааныг судлахыг эсэргүүцдэггүй. Өөрсдийнх нь онолын эсрэг юм бичсэн эдийн засагчдын үндэслэлүүдийг няцааж чадаагүй социалистууд, интервенционистууд л энэхүү дайсагналыг санаатайгаар бий болгодог. Германы Түүхийн Сургууль болон институционалистууд эдийн засагчдын дуу хоолойг боохыг хүссэн учраас тэд эдийн засгийн ухааныг эмпирик судалгаагаар солих гэж оролдсон байдаг. Тэдний хувьд эдийн засгийн түүх нь эдийн засгийн ухааны нэр хүндийг устгах, интервенционизмыг сурталчлах хэрэгсэл юм.

Эдийн засгийн ухаан ба их сургуулиуд

Татвараар санхүүждэг их сургуулиуд засгийн эрхэнд гарсан намын аясаар хөдөлдөг. Өөрсдийнх нь зүтгүүлж буй үзэл санааг дэмжиж ажиллахад бэлэн профессоруудыг л томилохоор эрх мэдэлтнүүд ажиллана. Өнөөдөр социалист бус засгийн газар бүр интервенционизмын бодлогыг чигээ болгож буй учир тэд зөвхөн интервенционистуудыг л ажилд авна. Тэдний бодлоор их сургуулийн хамгийн анхдагч үүрэг бол төрөөс тогтоосон нийгмийн философийг шинэ үеийнхэнд түгээх юм. Тэдэнд эдийн засагчдын хэрэг үгүй.

Үүгээр ч үл барам интервенционизм нь мөн олон ч хувийн их сургуульд зонхилж байна.

Хуучин цагт их сургуулиудын үндсэн зорилго нь зөвхөн заан сургах бус мөн мэдлэг болон шинжлэх ухааныг хөгжүүлэх байв. Их сургуулийн багшийн үүргийг бусад хүмүүсийн хөгжүүлсэн цогц мэдлэгийг оюутнуудад дамжуулах төдийхнөөр ойлгож болохгүй. Тэрээр мэдлэг хэмээх эрдэнэсийн санд өөрийн ажил бүтээлээрээ хувь нэмрээ оруулах ёстой. Их сургуулийн багшийг шинийг санаачлагч, илүү сайн мэдлэгт хүргэх жимийг гаргагч хүмүүсийн нэг хэмээн нийтээр үздэг. Факультетийнх нь гишүүд нь тус бүрийнхээ салбартаа бусдаас дор гэдгийг ямар ч их сургууль хүлээн зөвшөөрөхгүй. Их сургуулийн профессор бүр өөрийгөө мэргэжил нэгтнүүдтэйгээ ижил зиндааны хэмээн үздэг. Бусадтайгаа адилаар тэр ч гэсэн өөрийн салбартаа ижил хэмжээний хувь нэмрээ оруулaх аж.

Mэдээжийн хэрэг профессор бүр ижил түвшнийх гэдэг санаа огт худлаа зүйл. Жинхэнэ суутны бүтээл хийгээд энгийн мэргэжилтний зөвхөн нэг сэдвийг хамарсан бичвэрийн хооронд асар их зөрүү бий. Хэдий ийм боловч эмпирик судалгааны салбарт дээрх үзэл биелэлээ олсон. Шинийг санаачлагч суутан болоод жирийн судлаач хоёр хоёул өөрсдийн шинжилгээ судалгаанд ижил аргачлал ашигладаг. Тэд нэг бол лабораторийн туршилт хийдэг үгүй бол түүхэнд бичигдсэн үлдсэн баримтуудыг цуглуулдаг. Тэдний бүтээлүүд нь ижил сэдвийг хамарч, ижил асуудлыг хөнддөг буюу нэгээр үгээр тэдний ажлыг хооронд нь харьцуулан ижил түвшинд үзэж болно.

Харин философи, эдийн засаг мэтийн онолын шинжлэх ухаанд энэ асуудал тэс өөр. Энэ салбарт бол тухайн эмпирик мэдээлэл цуглуулагч ямар ч амжилт олохгүй. Зөвхөн нэг л сэдвээр дагнан ажилладаг ажилч хичээнгүй мэргэжилтэний нягт няхуур зан эдийн засгийн ухааныг судлахад хэрэггүй. Эдийн засгийн ухаанд эмпирик судалгаа гэж үгүй. Бодож тунгаах, дүгнэлт хийх чадвар л шаардагдана. Асуудал бүр өөр хоорондоо холбоотой учир нарийн мэргэшилт гэсэн ойлголт эдийн засгийн ухаанд үгүй. Аливаа хүн асуудлын нэг хэсгийг шийдвэрлэхээр оролдож байна гэдэг үнэндээ асуудалтай бүхлээр нь нүүр тулж байна гэсэн үг. Нэгэн нэр хүндтэй түүхч өөрийнхөө докторын тезисийн сэтгэл судлал болон боловсролын салбарт нөлөөлөх ач холбогдлын талаар яриа хийж байлаа. Тэрээр өөрийнх нь ажиллаж буй мэдлэгийн салбарт түүнтэй эн зэрэгцэх өөр хүнгүй нэгэн дэд хэсэг бий хэмээн бахархаж байв. Харин манай салбарт ийм зүйл үгүй гэдэг нь ойлгомжтой буюу эдийн засгийн ухаан бол цогц зүйл юм.

Аль ч цаг үед эдийн засгийн ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хориос илүүгүй хүн нэгэн цаг дор амьдарч байлаа. Бусад мэдлэгийн салбарынхтай адилаар эдийн засгийн ухаан дахь бүтээлч хүний тоо тун цөөн. Үүний хажуугаар ховор авъяастай эдийн засагчдын олонх нь багшийн мэргэжлээр ажилладаггүй. Гэсэн ч мянга мянган их сургууль болон коллежид эдийн засгийн багшийн эрэлт хэрэгцээ бий. Эдийн засгийн багш бүр зөвхөн сурах бичиг, гарын авлагуудыг бусдад уншиж өгөх бус мөн өөрийн зохиол бүтээлээрээ өөрийнхөө үнэ цэнийг батлан харуулах ёстой хэмээн схоластик уламжлал үздэг. Их сургуулийн багшийн нэр хүнд, цалин пүнлүү нь өөрийнх нь заан сургах чадвараас нь илүүтэйгээр ажил бүтээлээс нь хамаарна. Хэрэв тухайн хүн өөрийгөө эдийн засгийн ухааны талаар бичиж чадахгүй гэж бодсон тохиолдолд тэрээр эдийн засгийн түүх, үгүй бол статистик руу хазайдаг. Өөрийн арьсаа аварч үлдэхийн тулд тэрээр өөрийнх нь хийж буй зүйл бол эдийн засгийн түүх (economichistory) биш харин харин жинхэнэ эдийн засгийн ухаан (economics) гэж мэтгэдэг. Түүний хийж буй зүйл л жинхэнэ эдийн засгийн судалгаа бөгөөд тэдгээр нь эмпирик, индуктив хийгээд шинжлэх ухаанч, харин зөөлөн сандал дээр тухлах онолчдын ердийн дедуктив бодрол нь зүгээр л таамаг төдий зүйл хэмээдэг. Хэрэв тэрээр шахаанд ороогүй байсан бол эдийн засагчдыг эдийн засгийн ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс болоод хувь нэмэр оруулаагүй хүмүүс гэх хоёр бүлэгт л хуваана гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөх байсан. Магад хоёрдугаар бүлгийн хүмүүс эдийн засгийн түүх мэтийн бусад салбарт амжилт гаргасан ч байж болох.

Дээд боловсролын салбар эдийн засгийн ухаанд халтай болж иржээ. Бүгд биш ч гэсэн ихэнх профессорууд “эмпирик бус онол”-ыг басамжилж, дорд үздэг. Тэд эдийн засгийн анализыг түүхэн болон статистик мэдээллээр орлуулахыг хичээдэг ба эдийн засгийн ухааныг хэд хэдэн салбар болгон дотор нь задалдаг. Тэд газар тариалан, хөдөлмөр, Латин Америкийн нөхцөл байдал гэх мэт олон жижиг салбаруудаaр мэргэшдэг.

Их сургуулийн сургалтын зорилтуудын нэг нь оюутнуудыг эдийн засгийн түүхтэй ерөнхийд нь танилцуулах мөн сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил дэвшилийг танин мэдүүлэх билээ. Гэлээ ч зааж буй зүйлсээ эдийн засгийн ухаантай холбохгүй болвоос тэдний энэ бүх оролдлогууд нь гарцаагүй бүтэлгүйтлээр дуусах жамтай. Эдийн засгийн ухааныг тусгайлсан олон салбарт хувааж үл болно. Эдийн засгийн ухаан нь бүхий л үзэгдэл бүрийн хоорондын холбоосыг судалдаг. Хэрэв аливаа хүн үйлдвэрлэлийн салбар болгоныг тус бүрээр нь авч үзэж байгаа бол тэрээр каталликтик (catallictic) асуудлуудыг харж чадахгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ, хүүгийн түвшин, ашиг болон алдагдал, мөнгө болон зээл болоод бусад бүхий л томоохон асуудлуудыг судлахгүйгээр хөдөлмөр эрхлэлт болон цалин хөлсийг судлах боломжгүй. Цалингийн түвшинг тогтоодог жинхэнэ асуудлуудыг хөдөлмөр эрхлэлтийн талаарх хичээлд сууснаар ойлгоно гэж байхгүй. Хөдөлмөрийн эдийн засаг эсхүл хөдөө аж ахуйн эдийн засаг гэх зүйл огт үгүй. Бүх зүйлс нь уялдаа холбоотой байх эдийн засгийн ухаан л гэж бий.

Тэдгээр мэргэжилтнүүдийн лекц, нийтлэлдээ бичдэг зүйлс нь эдийн засгийн ухаан биш харин янз бүрийн нөлөөллийн бүлгэмүүдийн баримталдаг номлолууд. Эдийн засгийн ухааныг үл тоосон тэд өөрсдийн бүлгэмдээ онцгой эрх дарх авахыг хүсч хүмүүсийн идеологийнх нь золиос болдог. Тодорхой шахалт үзүүлдэг бүлгүүдтэй ил тод хамтардаггүй бөгөөд хэнийх нь ч талд орохгүй хэмээдэг мэргэжилтнүүд хүртэл интервенционизмын хамгийн үндсэн номлолуудыг өөрсдийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч байдаг. Эдийн засаг дэх төрийн тоолж барамгүй, янз бүрийн оролцоонд гар бие оролцдог тэд битгий юм бүгдийг үгүйсгээд бай гэж хэлэх дуртай. Tухайн хэрэгжиж буй интервенционист арга хэмжээг тэд шүүмжлэх нь бий. Энэ нь бусдын интервенционист санааг өөрийнхөө дэвшүүлж буй интервенционист санаагаар солих гэсэн л оролдлого. Тэд чөлөөт зах зээлийн эдийн засаг нь мөлжигчдийн тусын нийт олонхын амин чухал эрх ашгийг хөнддөг гэх интервенционизм болоод социализмын суурь онолыг эргэлзэх зүйлгүйгээр дэмждэг. Интервенционизм нь ямар ч хэрэггүй, бөгөөд үр дүнгүй гэж бодож буй эдийн засагчийг тэд томоохон компаниудад худалдагдсан амьтан хэмээн хараадаг. Энэ мэтийн адгийн амьтадыг их сургуульд багшлахыг хориглож нийтлэл, бичвэрүүдийг нь их сургуулийн багш нарын тогтмол хэвлэлд нийтлэхийг хориглох хэрэгтэй гэцгээнэ.

Оюутнууд яах учраа мэдэхээ байжээ. Математикийн эдийн засагчдын хичээлээр тэдэнд хүнийг эдийн засгийн үйл ажиллаганаас салгаад хаячихдаг тэнцвэрт байдлыг (equilibrium) тайлбарладаг томъёонуудыг цээжлүүлдэг. Тэдгээр тэгшитгэлүүд нь эдийн засгийн үйл ажиллагааг ойлгоход ямар хэрэгцээгүй юм байна гэх дүгнэлтэнд оюутнууд амархан хүрдэг. Тэдгээр мэргэжилтнүүдийн лекцүүдэд оюутнууд интервенционист арга хэмжээнүүдийнх нь нарийн ширийнд нь суралцдаг. Хэзээ ч тэнцвэрт байдал гэж байдаггүй, мөн цалингийн түвшин болоод хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнэ фермерүүд болоод үйлдвэрчний эвлэлийнхний хүссэн хэмжээнд өндөр байдаггүй учраас өгөгдсөн нөхцлүүд нь хоорондоо зөрчилтэй гэдгийг тэд ойлгох ёстой. Oюутнууд радикал реформ зайлшгүй хэрэгтэй гэж бодож буй нь илт. Гэхдээ яг ямар янзын реформ гэж?

Оюутнуудын ихэнх нь профессоруудынхаа санал болгож буй интервенционист бодлогыг ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүлээн авч, дэмждэг. Төр цалингийн доод хэмжээний хуулийг батлах, мөн хүн бүгдийг хангалттай хэмжээний хоол хүнс, байр сууцаар хангах үед нийгэм сайхан болно гэх. Өрсөлдөөн гэдэг бол галзуу, солиорол гэж нэг өдөр нь хэлчихээд маргааш нь монополь гэж ёстой нэг янзын чөтгөр байна аа хэмээн орь дуу тавьдаг, нэг өдөр нь үнэ унаж байна гэж гомдоллочихоод удаах өдөр нь амьжиргааны өртөг нэмэгдээд байна гэж халагладаг багш нарынх нь ярьж буй зүйлс өөр хоорондоо зөрчилдөж байгааг оюутан залуучууд олж хардаггүй. Тэд дипломоо авсан даруйдаа төрийн албанд, үгүй бол төрд шахалт үзүүлдэг аль нэгэн хүчтэй бүлгэмд oрдог.

Гэлээ ч интервенционизмын алдаа, төөрөгдлийг харж чадах олон залуучууд бий. Тэд багш нарыгаа даган чөлөөт зах зээлийн эдийн засгийг эсэргүүцдэг ч төрийн оролцоо зорьж буй үр дүндээ хүрнэ гэдэгт итгэдэггүй. Тэд багш нарынхаа сургамжилж байсан байсан зүйлсийг тултал нь гүйцээх нь зүйтэй гэж үзэн социализм руу зүглэдэг. Тэд Зөвлөлтийн системийг шинэ бөгөөд илүү дээр иргэншилийн эхлэл хэмээн тунхаглана.

Өнөө цагийн олон их сургуулиудыг социализмын үүр болгосон зүйл бол дээд боловсролын салбарт социализм ноёлож буй явдал юм. Эдийн засгийн тэнхимд социализм хэзээ ч хэрэгжих боломжгүй зэргийг мэддэг жинхэнэ эдийн засагчид цөөнгүй бий. Энэ асуудал философи, түүх, утга зохиол, социологи, улс төрийн ухааны багш нарын хувьд өөр. Тэд түүхийг диалекитик материализмын үүднээс тайлбарладаг. Түүхэн материализм, атейзмаас нь болоод марксизм руу ухаан зулаггүй дайрдаг хүн ч Коммунист Намын Тунхаг болоод Коммунист Интернационалд орсон үзэл санаануудын нөлөөн дор байх нь бий. Тэд эдийн засгийн хямрал, бүх нийтийн ажилгүйдэл, инфляци, дайн, ядуурлыг капитализмд угаас байх гай тотгор гэж тайлбарладаг бөгөөд капитализм үеэ өнгөрөөснөөр л эдгээр үзэгдлүүд алга болно хэмээн мэдэгдэж байна.

(Мизесийн “Эдийн засгийн ухаан хийгээд эдийн засгийг хэрхэн судлах талаар” бичвэрээс хэсэгчлэн орчуулав)

Нийтлэлч: Ludwig Von Mises

Орчуулсан: Х.Билгүүбаяр

Leave a Reply