Клиентелизм ба гажуудсан ардчилал

Cronyism

 

Клиентелизм ба гажуудсан ардчилал

Дэлхий дахинд 1989 оноос ардчилалын салхи сэвэлзэж, хүйтэн дайн төгсгөл болсноор коммунист улсууд ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилт бий болсон билээ. Эдгээр 28 орчим улс орнууд өөр, өөрийн онцлогт нийцүүлэн ардчилсан тогтолцооны шилжилтийг хийсэн хэдий боловч 28 жилийн дараа эдгээр улсуудад адил нөхцөл байдал ажиглагдсан нь далд бизнесийнхэн улс төрийн намуудыг хувьчлах, колоничлох буюу кроникапитализм (клиентелизм)юм.

Посткоммунист улс орнуудад иргэдийн хувьд ардчилалд итгэх итгэл багасч, хуучин цагийн социалист системийг санагалзах, сул дорой иргэний нийгэм буюу хуурмаг иргэний нийгэм бий болох, иргэдийн идэвхи буурч, хяналт алдагдах, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог буруутгах нийтлэг шинж ажиглагдаж байна. Угтаа бол чөлөөт зах зээлийн эдийн засаг бус кроникапитализм хэрэгжсэн гэдгийг иргэд нь ухаараагүй юм.

Кроникапитализм буюу Клиентизм гэдэг угтаа нэг ойлголт бөгөөд Кроникапитализм гэдэг нь бизнес эрхлэгчид чөлөөт зах зээл бус төртэй нийлж, улс төрийн нам, бизнес хоорондын уялдааг бий болгож, төртэй нийлж бизнес хийх, зах зээлд монополь байдлаа төрөөр дамжуулан тогтоох, зах зээлд оролцох явдлыг хэлдэг бол Клиентелизм гэдэг нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садангийн онцгой харилцаа, холбоо бөгөөд голдуу тодорхой зорилгод чиглэсэн байх ба нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд дээгүүр зиндааны нэг этгээд (Патрон, ивээн тэтгэгч)нь доогуур зиндааны нөгөөдөө (клиент, дэмжигч)өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж байхад клиент нь мөн хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг туслалцаа үзүүлдэг үзэгдэлюм. Тэтгэгч, дэмжигчдийн холбоо нь олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж нийгмийн солилцооны сүлжээг улмаар нийгмийн солилцооны авилгалыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, клиент – клиент буюу үйлчлүүлэгч – үйлчлүүлэгчийн харилцааболох Улс төр, иргэний нийгмийг холбогч гүүр болох улс төрийн намыг иргэний нийгмээс салгаж, бизнесийн бүлэглэлүүд клоничлох, улмаар чөлөөт зах зээлийн бус эдийн засаг буюу төрөөр дамжуулан эрх мэдэл, эрх дарх авч баяжих тогтолцоог хэлдэг. (Товчхондоо: улс төр – далд бизнес – төрийн алба гэх тогтолцоо юм.)

Клиентелизм нь гажуудсан ардчилалын нэгээхэн хэсэг болох либерал бус ардчилал, зөвшилцөх ардчилалд илүүтэй хэрэгждэг.

Улс төр судлалын доктор Wolfgang Merkel (2004. “Embedded and Defective Democracy”)  гажуудсан ардчилалыг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:

  1. Либерал бус ардчилал (Illiberal democracy)
  2. Зөвшилцөх ардчилал (Delegative democracy)
  3. Онцгойлсон ардчилал (Exclusive democracy)
  4. Зохицуулалтын ардчилал (Tutelary of domain democracy)

Либерал бус ардчилал нь 2001 оны байдлаар гажуудсан ардчилалтай 29 орны 22-т нь тогтоогдсон хамгийн түгээмэл хэлбэр юм. Ялангуяа төв, зүүн европын посткоммунист бүс нутагт ардчилалын гажуудал элбэг тохиолддог талаар Меркел бүтээлдээ дурьджээ.

Либерал бус ардчилал нь хуулийн засаглалын үндсэн зарчмуудыг зөрчин дараах хандлага үүсгэдэгээрээ онцлог юм. Үүнд:

  • Эрх мэдлийн хуваарилалтад дотоод хяналтын системийг ажиллагаа сулардаг,
  • Хууль сахиулах ажиллагаа хангалтгүйгээс хууль, эрх зүйн хэрэгжилт сулардаг,
  • Эцэст нь улс төр, эдийн засагт тэгш, нээлттэй өрсөлдөөний дүрэм үйлчлэхээ больдог.

Ийм байдал нь хэлбэрийн хувьд албан ёсны ардчиллын хэмжүүрүүдийг биелүүлсэн мэт харагдуулах ч агуулгын хувьд хязгаарлагдмал, либерал бус ардчиллыг илтгэж байгаа гажуудсан ардчиллын хувилбар юм.

Харин зөвшилцөх ардчилал нь либерал бус ардчиллын хөрсөн дээр бүрэлдэн бий болдог. Ийм нөхцөлд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хүчтэй хувь хүн тодорч (ихэнхдээ энэ нь төрийн тэргүүн болдог)хууль тогтоох, шүүх засаглалыг шахаж, эрх мэдэл хуваарьлалтын тэнцвэрийг алдагдуулснаар илэрдэг. Дээрх нөхцөл байдал Бүгд Найрам Чех Улсад 2013 оны 6 дугаар сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүсч байсан байна. Сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч клиентелизмд нэрвэгдсэн улс төрийн намуудын хямрал (хуваагдал, талцал)-ыг ашиглан, парламентын төлөөлөгчдийн танхимыг алгасан хууль бус Ерөнхийлөгчийн засаглалыг 6 сарын хугацаанд тогтоож байсан байна. Энэ нь төрийн тэргүүний зүгээс Парламентын засаглалын зарчмуудыг зөрчин авторитар хандлага тогтоох ноцтой оролдлогыг хийж байжээ.

Клиентелизмын үе шат ба Монгол улс

Улс төр судлаач, доктор Михал Клима (2015. Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу)Клиетелизмын үе шатыг дараах байдлаар ангилжээ. Үүнд:

  1. Клиетелист холбоо сүлбээний нэгдүгээр буюу далд үе.
  2. Клиентелизмын цэцэглэлтийн үе.
  3. Клиентелизмын задрал ба ялзралын үе.
  4. Клиентелист намын тогтолцооны уналтын үе.

Хэмээн ангилсан байна. Клима дээрх ангилалдаа Бүгд Найрамдах Чех Улсын жишээн дээр авсан бөгөөд нэгдүгээр үе шат нь Чех улсын хувьд 1998 – 2002 он буюу өмч хувьчлал явагдсаны дараахаас эхэлж дээрх үйл явц бүрэлдэн бий болсон гэж үзсэн байна. Энэ үед Чехийн Социал демократ нам (CSSD)болон Иргэний ардчилсан нам (ODS)-ын хооронд нууц эвсэл (бүлэг)бий болсон гэж тодорхойлжээ. Харин Клиентелизмын цэцэглэлтийн үеийг 2006-2009 оны хооронд явагдсан, Клиентелизмын задрал ба ялзралын үе буюу гуравдугаар үе нь 2010-2013 оны хооронд буюу “нийтийн үйл хэрэг”, Nagygateдуулиант хэргийн үе гэж тодорхойлжээ. Тухайлбал, 2013 оны 6 дугаар сарын 13-нд Бүгд Найрамдах Чех Улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтсийнхэн хэд хэдэн өндөр албан тушаалтай улс төрчид, төрийн албан хаагчдыг авлигын хэрэгт холбогдсон, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Тухайн хэрэг нь Бүгд Найрамдах Чех Улс байтугай Европын холбооны хэмжээнд ч өндөр албан тушаалтнуудын эсрэг явуулсан урьд өмнө үзэгдээгүй хэмжээний арга хэмжээ байжээ. Энэ дуулиан нь улмаар Петр Нэчасын засгийн газрыг уналтанд хүргэж, улмаар Петр Нэчас нь Иргэний Ардчилсан Нам (ODS)-ын даргын суудлаасаа ч татгалзсан байна. Харин дөрөвдүгээр үе нь 2013 оны 6 дугаар сараас 1 дүгээр сар хүртэл явагдсан гэж үзжээ. Тухайн үед парламентын ардчиллыг авторитар туршилтаар солих гэсэн оролдлого хийгдэж, улмаар амжилтгүй болсон байна.

Манай улсын хувьд өмч хувьчлалын дараа улс төрийн намуудын дунд далд фракц бүлэглэл бий болж, эвсэл байгуулагдсан гэж үзэх үндэстэй. Ардчилсан нам болон Монгол Ардын нам дунд Алтангадас хэмээгдэх фракц бий болсноор Клиентелизмын нэгдүгээр үе шат эхэлсэн гэж үзэж болохоор байна. Үүний дараагаар 2000 оноос ид цэцэглэлтийн үе бий болж, 2008 оноос улам эрчээ авснаар Клиентелизм нь Монголын өнөөгийн улс төрийн өнгө төрх болсон байна. Тухайлбал, улс төрийн намууд хувьчлагдаж, бизнесийн бүлэглэлийнхний гарт орсон нь ил тод болсон байна.

Клиентелизм буюу улс төрийн намыг хувьчлахдаа доороос нь хувьчлах, дээрээс нь хувьчлах хоёр төрлийн арга байдаг бөгөөд доороос нь хувьчлахад хөлсний гишүүдийг элсүүлэх (Сайн санавал АН-ын даргын сунгааны өмнөх татварын бодлого), нутгийн боссуудыг элсүүлэх, ченжийн давхрага бий болгох зэргээр хувьчилж, колони тогтоодог байна. Улмаар бизнесийг дэмжсэн монополь, олигополь бий болгож, улс төр, эдийн засгийн картелийг бий болгож эхэлдэг байна. Энэ үед бизнесменүүдийн улс төрийн намд элсэх үйл явц ихэсч, намуудыг бизнесменүүдийн хандиваар өргөжүүлдэг байна.

Бүгд Найрамдах Чех Улсад эдийн засгийн шилжилт явагдаж дууссан ч улс төрийн орчинд ямар нэг онцгой өөрчлөлт гарсангүй. Харин ч клиетелист намуудыг тойрсон клиентелист авлигын сүлжээ холбоо өвлөгдөн үлдэв. Хэт томорч, данхар болсон намын бүтцүүд устаж алга болохын оронд шинэ нөхцөлд дасан зохицож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Тэд ХХ зууны 90-ээд оны үед төрийн өмч хувьчлалын явцыг шимэн сордог байсан бол, хувьчлах зүйл дууссаны дараагийн 10 жилд Сангуудын санхүүжилт бүхий төрийн худалдан авах үйл ажиллагаанд шигдэн шимэгчлэхэд илүү төвлөрөх болсон байна. Өөрөөр хэлбэл, клиентелизмын цэцэглэлт нь хувьчлалаас цаашаа сангуудын санхүүжилтийн үйл ажиллагаа болон өргөжин тэлсэн нь Монгол улсын хувьдч адилхан байгаа юм.

Өнөөгийн улс төр ба Клиентелизмын задралын үе

Монгол улсын хувьд клиентелизм буюу либерал бус ардчилал ид цэцэглэлтээсээ задрал руугаа явж байгаа гэхэд хэлсдэхгүй. Энэ үйл явц нь 2016 оны сонгуулийн үеэр 60 тэр бумын гэх хэрэг илэрч, бичлэг нь олон нийтэд цацагдсанаар улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл ил тод гарч, улмаар задрал бодит утгаараа бий болж байна.

2018 оны 11 дүгээр сард УИХ-д олонхи суудал авсан нам 32, 32 гэж хайрцаглагдаж, бүлэглэлд хуваагдаж, тэдгээр бүлэглэлүүдийн тэмцэл нь Засгийн газрыг унагах, бүлэглэлүүдийн толгойлогчдыг унагах зэргээр тэмцэл эхэлсэн нь харагдах бөгөөд энэ үйл явцад сөрөг хүчин болох Ардчилсан нам ч оролцож хуваагдаж, өөр хоорондоо тэмцсэн нь эцсийн дүндээ улс төрийн намуудын бус улс төрийн намуудыг хувьчилж, колоничилж авсан бүлэглэлүүдийн задрал эхэлж буйг харуулах бизээ. Клима-ийн Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу номонд тусгагдсан Чех улсын жишээгээр Засгийн газрыг унагах үйл явцад томоохон албан тушаалын, авлигын хэргээр албан тушаалтнуудыг баривчлах, цаашлаад засгийн газар, улс төрийн намын уналтыг бий болгох үйл явцаар үргэлжлэхээр ажиглагдаж байна. Клиентелизмын задралын дараа улс төрийн намуудын уналтын явцад шинэ намууд олноор бий болж, түр зуурын улс төрчид, шинэ элитүүд олноор төрөн улмаар урт хугацаанд алга болдог байна. Монголд бий болж буй үйл явц мөн адил посткоммунист улс орнуудын зарчмаар өрнөж байна.

Посткоммунист улс орнуудад бий болж буй дээрх үйл явц нь ардчиллын үндсэн зарчим алдагдсан либерал бус ардчиллын тогтолцооны үед бий болдог гэдгийг санахад илүүдэхгүй байх.

Цаашид үйл явц хэрхэх вэ?

Улс төрийн энэ үйл явцад хууль хяналтын байгууллагууд, шүүх засаглал ихээр оролцох нь дамжиггүй гэдгийг Чехийн жишээ тодхон харуулж байна. Нөгөө талаар, дуулиант тэмцлүүдийн дунд улс төрийн авторитар дэглэмийг дэмжигч, Ерөнхийлөгчийн зүгээс авторитар дэглэм рүү шилжих гэсэн оролдлого Чех улсад гарч байсныг тодхон санах хэрэгтэй юм. Манай улсын хувьдч Ерөнхийлөгчийн засаглалын төлөө байдаг, Монгол ялна хэмээн гарч ирсэн Ерөнхийлөгчийн зүгээс дээрх акци хийж болзошгүйг иргэд маань санах хэрэгтэй болов уу. Нөгөө талаар агшин зуурын олон намууд, хэний ч танихгүй олон залуус улс төрд өөрчлөлтийн салхи нэртэйгээр гарч ирэх, хэдхэн сарын дотор нийгэмд танигдаж (Учир нь клиетелизмын задралын үед улс төрийн томоохон лидер байхгүй болж, орон зай үүсдэг)улмаар парламентад суудал авах нь энүүхэнд болох үйл явц гэдгийг Клима Чех-ийн жишээ дээр тодорхой илэрхийлжээ.

Тиймээс иргэдийн хувьд улс төрийн идэвхээ бууруулахгүй байх нь бидний тэргүүний зорилт болох юм.

Эцэст нь хэлэхэд Клиентелизмыг амжилттай унагасан Чех-ийн жишээнээс гадна амжилтгүй задрал явуулж, улмаар иргэний дайны хэмжээнд хүрсэн Украйны жишээг ч бид мартах учиргүй юм. Украйн бол клиентелизмын задралын үед бүлэглэлүүд нь гадаад бодлого руугаа орж ямар үр дүнд хүрснийг та бүхэн бэлхэн харж байгаа байх гэж найдаж байна.

 

Нийтлэлч: Ц.Мөнхбат

Leave a Reply