Хэрэглээн дэх төрийн шууд оролцоо

istock-174825736-webbanner

 

Интервенционизмын эдийн засгийн асуудлуудыг судлан шинжлэхдээ хэрэглэгчийн сонголтонд нэн даруй нөлөөлөх зорилготой хэрэглээний бараанд тавьсан төрийн акцуудыг авч үзэх шаардлагагүй. Бизнес дэх төрийн оролцоо бүр хэрэглээнд шууд бусаар нөлөөлөх нь дамжиггүй. Төрийн оролцоо зах зээлийн мэдээллийг өөрчилдөг учир энэ нь мөн хэрэглэгчийн үнэлэмж хийгээд зан төлвийг өөрчилнө. Гэвч төрийн хууль тогтоомжгүй үед хэрэглэх байсан зүйлээс нь өөр барааг хэрэглэхийг хэрэглэгчдээс албадан шаардах нь төрийн зорилт юм бол энэ тал дээр эдийн засгийн ухааны хувьд нарийвчилж, нягтлан шалгах асуудал гарч ирэхгүй. Хүчирхэг, хэрцгий цагдаагийн аппаратад энэ мэт тогтоолыг сахиулах эрх мэдэл, хүч чадал бий.

Хэрэглэгчийн сонголтыг авч үзэхдээ хүн Б-г бус А-г худалдан авахад түүнийг юу сэдэлжүүлдэг вэ гэдгийг асуудаггүй. Зах зээлийн үнэ тогтоход юу нөлөөлдөг болон хэрэглэгчийн шийдвэр нь үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлдгийг л бид судалдаг. Бодит үйлдэл болох худалдан авах, эс худалдан авахаас л тэдгээр нөлөөллүүд нь хамаардаг. Хорт хийн багний үнэ тогтоход хүмүүс багийг сайн дураараа авч байна уу, төр хүн бүрийг хорт хийн багийг ав гэж албадаж байна уу гэдэг нь чухал биш. Үнэ тогтоход шаардлагатай цор ганц хүчин зүйл бол эрэлтийн хэмжээ юм.

Эрх чөлөөг хумиж байхдаа хүртэл үүнийг хамгаалан хадгалж байгаа мэт гадна талаасаа харагдах хүсэлтэй төр хүний хэрэглээнд шууд халдаж буйгаа бизнест халдаж буй мэтээр халхалдаг. Иргэдээ согтууруулах ундаа уухаас сэргийлэх нь Америкийн хуурай хуулийн зорилт байлаа. Гэсэн ч хууль уухыг нь хууль бусад тооцоогүй буюу уусан хүнийг шийтгэхээр зааж өгөөгүй юм. Хууль архины үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт зэргийг хориглож, хэрэглээнээс өмнө бий болох жамтай бизнесийн ажиллагааг л зогсоохоор болсон. Ичгүүргүй бизнесмэнүүд л хүмүүсийг ятгаж дөнгөдөг учир хүмүүс ёс суртахууны хувьд байж болшгүй үйлдэл хийдэг буюу алкоголь хэрэглэдэг гэх санаа хуурай хуулийн үндэс байв. Хүмүүсийн мөнгийг үрж, амьдралыг нь өөрийн дураар зааж зааварлаж, хувь хүний эрх чөлөөнд халдах нь хуурай хуулийн зорилт байлаа. Бизнест тавигдсан хязгаарлалт нь эцсийн зорилгын хавсарга л төдийхөн.

Хэрэглээн дэх төрийн шууд оролцоонд холбогдож буй асуудлууд нь каталлактик асуудлууд биш. Тэдгээр нь каталлактикийн хүрээнээс цааш яван хүний амьдрал болон нийгмийн байгууллын суурь асуудлуудыг хамрана. Хэрэв төр бурхнаас бүрэн эрхээ авдаг, харанхуй, мунхаг ард түмнийг авран хамгаалах үүрэг даалгаврыг бурхан төрд оногдуулдаг бол харъяатынхаа зан байдлын тал бүрийг журамлах нь маргаангүй төрийн зорилт, даалгавар мөн. Бурхнаас илгээгдсэн захирагч өөрийн асрамжинд байгаа хүмүүсийн хувьд юу сайн болохыг тэднээс өөрсдөөс нь илүү мэднэ. Хэний ч нөмөрт бус ганцаар үлдсэн үедээ ард олон өөрсдийгөө гэмтээж магадгүйн учир тэднийг өөрсдөөс нь хамгаалах нь удирдан захирагчийн үүрэг ажээ.

Өөрсдийгөө “реалист” гэж цоллодог хүмүүс дээрх зарчмын цаанаа агуулж буй энгүй том ач холбогдлыг олж хардаггүй. Тэд асуудлыг, өөрсдийнх нь хэлдэгээр, философийн болон академик өнцгөөс шийдвэрлэхийг хүсдэггүй гэж маргана. Тэдний хандлага нь сайтар тунгаасан практик дүгнэлтээс улбаатай гэх. Зарим хүн мансууруулах бодис хэрэглэснээрээ өөрийгөө болоод ямар ч буруугүй гэр бүлийн гишүүдээ хохироодог нь гуйвшгүй үнэн хэмээн тэд үзнэ. Зөвхөн хоосон онолчид л мансууруулах бодисны наймаан дахь төрийн зохицуулалтыг буруушаахаар тийм л догматик байж чадна. Хориг, хязгаарлалтын авчрах эерэг зүйлийг харлуулах гээд нэмэргүй хэмээн тэд мэтгэдэг билээ.

Гэлээ ч гэсэн уг хэрэг дээрх шиг хялбар биш. Опиум, морфин нь маргаангүй аюултай, хүнийг өөртөө дасал болгодог мансууруулагч. Гэвч хүнийг өөрийнх нь мунхаглалаас хамгаалах нь төрийн үүрэг гэх баримтлал нийгмийн хэм хэмжээ болсон цагт хүний эрх чөлөөнд халдах дараа дараагийн дайралтуудыг юу ч няцааж үл хүчрэнэ. Алкоголь, никотиныг хориглохыг дэмжихэд ашиглагдаж болох тохиолдол гарч болно. Гэхдээ яагаад төрийн өгөөмөр хайр хамгаалал зөвхөн хувь хүний биеийг харж хамгаалах дээр очоод зогсох ёстой гэж? Хүн өөрийн оюун, сэтгэлдээ учруулах хохирол нь биендээ учруулах хор хохирлоос нь илүү хөнөөлтэй биш гэж үү? Яагаад хүнийг муу ном унших, муу жүжиг үзэх, муу зураг болон хөшөө харах, муу хөгжим сонсохоос нь сэргийлж болохгүй гэж? Муу үзэл санааны дагуулсан гай гаймшиг хувь хүний ч хувьд, нийгмийн ч хувьд мансууруулах бодисны авчирсан гайнаас хамаагүй илүү хөнөөлтэй.

Тэдгээр айдас нь олноос өөрсдийгөө тусгаарласан хоосон онолчдыг айлгасан төсөөллийн хий үзэгдэл төдий зүйл биш. Эртний, орчин үеийн гэдгээсээ үйл хамаараад ямар ч патернал төр харъяатынхаа оюун ухаан, итгэл үнэмшил, үзэл бодлыг журамлахаас зайлж байсангүй. Хэрэв төр хүний юу хэрэглэхээ шийдэх эрх чөлөөг үгүй хийвэл бүх эрх чөлөөг булаан авч байна гэсэн үг. Хэрэглээнд төр оролцохыг дэмжиж буй гэнэн итгэмтгий хүмүүс асуудлын философийн тал гэж өөрсдийн жигшилтэйгээр нэрлэдэг зүйлээ үл хайхрахдаа өөрсдийгөө хуурч, төөрөгдүүлдэг. Тэд санаатай бусаар цензур, эрүү шүүлт, шашныг үл хүлцэх, тэрс үзэлтнүүдийг хавчих зэргийг дэмждэг байна.

 

Людвиг фон Мизесийн “Хүний үйлдэл” (1949) номны 27-р бүлгээс хэсэгчлэн орчуулав.

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply