ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛ

102917-Ludwig-von-Mises-Economics

Герман, Итали, Японы националистууд эзлэн түрэмгийлэх бодлогоо жижиг хэмжээний газар нутагт амьдардагтайгаа холбон зөвтгөж байв. Тэдгээр улсуудын хүн ам газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулахад харьцангуй их байлаа. Тэдэнд байгалийн баялаг заяасангүй бөгөөд гадаадаас импортоор орж ирэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээс хараат байв. Тэдний хувьд шаардлагатай эд зүйлсээ импортоор олж авахын тулд боловсруулсан бүтээгдхүүн үйлдвэрлэн экспортлох ёстой. Хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийн илүүдэлтэй улсуудын баримтлах протекционизмын бодлого түүхий эдийг нь ашиглан боловсруулсан бүтээгдэхүүн хийжзардаг улсуудад хүндээр тусдаг бөгөөд эдүгээ улс орон бүр эдийн засгаа гадаадын улс орнуудаас бие даан тусгаарлах бодлого барин ажиллаж байна. Энэхүү ертөнцөд иргэд нь дотоодын нөөц бололцоогоороо өөрсдийгөө хооллож, хувцаслаж чадахгүй улсуудыг ямар хувь тавилан угтах вэ?

Өөрсдийгөө юу ч үгүй ядууд тооцдог улс оронд аж төрж буй тариачдын хагалдаг элсэн цөлөөс дээрдээд байхааргүй газраас илүү сайн үржил шимтэй, ашиглагдаагүй сая сая акр газар Америк болон Австралид байдаг хэмээн өөрсдийгөө азгүй, ядууд тооцдог хүмүүсийн Lebensraum  гэх номлол онцолдог. Байгалийн баялаг харамгүй ихтэй тухайн газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа болон үйлдвэрлэл эрхлэх нь байгаль эхийн харж үзээгүй улс оронд явуулахаас нэн ашигтай аж. Гэсэн ч Герман, Итали, Японы тариачид, ажилчдад тухайн байгалийн баялаг ихтэй газар нутаг руу очих боломж бололцоо үгүй. Харьцангуй цөөн хүнтэй амтай улсуудын цагаачлалын хууль тэдний шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Энэ мэт хуулиуд цөөн хүн амтай улсын цалингийн түвшинг нэмэгдүүлдэг бол хүн ам ихтэй улсынхыг бууруулдаг. АНУ болоод Их Британийн хяналтанд байдаг улсуудад амьжиргааны түвшин өндөр байдаг нь Европ болон Азид хүн ам шигүү суурьшсан байдагтай нь холбоотой юм.

Энэ дэлхий дээрх байгалийн нөөцийн дийлэнхийг цагаачлалын болоод худалдааны хоригийн тусламжтайгаар өөрсдөө хүртдэг улсууд бол жинхэнэ түрэмгийлэгчид хэмээн Герман, Итали, Японы националистууд хэлдэг. Бүгдэд ижил тэгш хүртэх учиртай эдийн засгийн нөөц, материалуудыг зарим нэг улсууд газар зүйн тогтоцоосоо шалтгаалаад хүртэж чадахгүй байхад давуу тал бүхий улс орнуудад энэ их нөөцийг бүр хураан дарах боломжийг олгодог энэхүү хүйтэн, тооцоотой систем бол Дэлхийн хоёр ч дайны гол шалтгаан[17] хэмээн Ромын Пап хэлж байсан удаатай.[18] Энэ өнцгөөс харвал Хитлер, Муссолини, Хирохито нар өөрт оногдсон зүйлээ л авах зорилготойгоор дайн өдөөсөн болж таарч байна.

Оросууд өөрсдийн эзлэн түрэмгийлэх бодлогоо дээрх үндэслэлээр зөвтгөж чадахгүй. Орос бол харьцангуй хүн ам сийрэг улс. Бусад улсыг бодвол үржил шимт газрыг байгаль эх тэдэнд харамгүй заяасан. Амуу тариа, жимс жимсгэнэ, үр, ургамал гээд тарьж, ургуулж болох бүхий л зүйлсийг Орос орны хөрсөнд суулгахад нэн тохиромжтой. Оросод хэмжээ хязгааргүй их бэлчээр нутаг, тоолж барамгүй олон ой хөвч бий. Алт, мөнгө, цагаан алт, төмөр, зэс, никель, марганец болоод өөр бусад металь, мөн газрын тос гэх мэтээр тус орон хамгийн баянбилээ. Оросын хааны дарангуй дэглэм, коммунист системийн арчаагүйтлээс шалтгаалж тус улсын иргэд баян тансаг амьдарч чадахгүй байгаа юм. Оросыг түрэмгийлэлд дуудаж буй зүйл нь ямартай ч байгалийн нөөц баялгийн ховор хомс байдал биш.

Ленин өөрийгөө дэлхийн сүүлчийн хувьсгалын манлайлагч гэж үзсэн нь түүний түрэмгийлэл үйлдэж байсан үндсэн шалтгаан юм. Тэрээр өөрийгөө Нэгдүгээр Интернационалийн хууль ёсны залгамжлагч гээд Маркс, Энгэльсийн гүйцэлдүүлж чадаагүйг гүйцээх хувьтай төрсөн гэж боддог байв. Капитализмын хонхны дуу жингэнээд эхэлсэн хийгээд хувийн өмчийг хураах явдлыг ямар ч капиталист ов мэх тэсгээж чадахгүй аж. Энэхүү шинэ нийгмийн тогтолцоонд үнэхээрийн шаардлагатай цор ганц зүйл бол дарангуйлагч байлаа. Ленин уг ачааг нуруундаа үүрэхэд бэлэн байв.

Дэлхий ертөнцийг зөвхөн өөртөө эрхшээх гэсэн энэхүү гуйвшгүй, хүчтэй хүсэл эрмэлзэлтэй хүн төрөлхтөн Монголчуудын довтолгооноос хойш огт нүүр тулаагүй байсан юм. Аль ч улс оронд байх Оросын төлөөлөгчид болон өөрсдийн улсынхаа эсрэг ажиллах коммунистууд өөрсдийн эх орноо Орост нэгтгэхээр чармайн зүтгэж байв. Гэлээ ч Ленин үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй. Оросын арми тухайн үед дэндүү сул дорой байв. Улсынхаа хилийг давмагц нь тэднийг польшууд зогсоосон. Баруун зүгт хийх аян цааш урагшилж гавьсангүй. Дэлхийг байлдан дагуулах гэсэн санаархал цаасан дээрээ үлдэв.

Ийнхүү Оросуудын хувьсгалаа бусад улс оронд халдварлуулах ажил бүхэлдээ бүтэлгүйтсэн агаад тэд гэртээ шигдэж үлдэхээс аргагүйд хүрсэн юм. Ганцхан улсад л коммунизм боломжтой хийгээд хүсэмжит зүйл гэж ярьж буй нь зүгээр л шалтаг.

Сталин өөрийн бүхий л хүч эрч хүчээ түүхэнд өмнө нь хэзээ ч байгаагүй том хэмжээтэй армийг зохион байгуулахад зориулж байв. Гэсэн ч тэрээр Ленин, Троцкий хоёроос илүү амжилт олоогүй. Нацистууд түүний армийг амархан буулгаж авсан бөгөөд Оросын газар нутгийн хамгийн чухал хэсгийг эзэлсэн юм. Оросуудыг Их Британи, үүнээс ч илүүтэйгээр АНУ аварсан юм. Германчууд техник, хангамжийн дутагдал болоод тэднийг заналхийлж буй АНУ-ын довтолгооноос шалтгаалан Оросоос ухран гарахад Америкийн Lend-Lease хөтөлбөр Орост тэдэнтэй байлдах боломжийг олгосон. Ийм боловч оросууд ухарч буй нацистуудын сэргийлэх ангийг л хааяахандаа дийлж байв. Америкийн нисэх хүчин Германы хамгаалалтыг яйруулсан хойно л тэд Берлин, Венийг эзлэх боломжтой болжээ. Америкчууд япончуудыг бут цохисны дараа л Орос Японы ар нуруунд нь хутга дүрсэнбилээ.

Орос л нацистуудыг ялж Европыг чөлөөлсөн хэмээн Оросын гадна, дотны коммунистууд болон тэднийг талархан дэмжигчдийн хэлэх нь мэдээжийн хэрэг. Германчуудад хангалттай хэмжээний зэр зэвсэг, нисэх онгоц, шатахуун байгаагүй нь л тэдний Москва, Ленинград, Сталинградыг эзэлж чадаагүйн цорын ганц шалтгаан гэх үгийг сонсохоороо тэд дүлий дүмбэ царайлдаг. Нацистууд өөрсдийн армиа шаардлагатай эд зүйлсээр хангах болоод тэдгээр зүйлсээ алс хол байх фронтын шугаманд хүргэж чадахуйц тээврийн системийг Орос дахь эзэлсэн нутаг дэвсгэртээ бүтээн байгуулах явдлыг боломжгүй болгож байсан зүйл нь зам харгуйн саад байсан юм. Дайны өрнөлийг шийдэх шийдвэрлэх тулаан Атлантын далайд болсон. Африк, Сицилийг эзэлсэн хийгээд Нормандад авсан ялалт нь Германы эсрэг дайны хамгийн томоохон стратегийн ялалт байсан юм. Уг дайны аугаа их цар хүрээтэй нь харьцуулахад Сталинградын тулалдааныг тактикийн амжилт л гэвэл зохино. Итали, Японы эсрэг хийсэн тэмцэлд Оросын оролцоо гэх зүйл огт байгаагүй.

Гэсэн ч ялалтын олзыг Орос л ганцаар хүртэнэ. Дайнд ялсан бусад улсууд газар нутгаа томруулах гэж зүтгээгүй байхад Оросууд усанд нь хаясан жараахай шиг л аяглана. Тэд Балтын 3 орон, Чехословакын харьяа Бессарабиаг[19], Финляндын газар нутгийн нэгээхэн хэсэг, Польшийн газар нутгийн дийлэнх хэсэг болоод Алс дорнодын их том газар нутгийг өөрсдөдөө нийлүүлсэн. Польш, Румын, Унгар, Югослав, Болгар, Солонгос, Хятадыг тэд өөрийн харъяаны бүс гэж үзэцгээнэ. Эдгээр улсуудад өөрсөдтэй нь “найрамдалтай” харилцахтоглоомын засгийн газрыг тэд байгуулахын түүс болно. Хэрэв АНУ, Их Британийн эсэргүүцэл байгаагүй бол тэд эх газрын Европ, Ази, Хойд Африкыг бүхэлд нь захирч байх байлаа. Герман дахь Америк, Британийн гарнизонууд л Оросуудыг Атлантын эрэгт хүрэхээс сэргийлж байна.

Дэлхийн Нэгдүгээр дайны дараах нөхцөл байдлын адилаар өнөөдөр Барууныг (Өрнөд) заналхийлж буй жинхэнэ аюул Оросын цэрэг зэвсгийн хүчинд нь оршин байгаа юм биш. Их Британи Оросын дайралтыг хялбархан няцааж дөнгөх бөгөөд Оросын хувьд АНУ-ын эсрэг дайн өдөөх нь зүгээр л солиорол. Оросын арми бус коммунист идеологи л Барууныг заналхийлж байна. Оросууд үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд гол итгэл найдвараа цэрэг армидаа бус гадаадад суух партизанууддаа (коммунистууд) өгч байгаа билээ. Тэдний хамгийн гол зэвсэг бол Тавдугаар цувааныхан (Өөрийн улс орны эсрэг гадаадын түрэмгийлэгчтэй хуйвалдагсад). Эдгээр хүмүүс бол большевизмын хамгийн хүчтэй дивиз юм.

Оросын дотор, гадна суух коммунизмын асуудлаар бичдэг зохиолчид болоод коммунист улс төрчид Оросын түрэмгийллийн бодлогыг зүгээр л өөрсдийгөө бусдаас хамгаалж буй явдал хэмээн тайлбарладаг. Түрэмгийлэл үйлдэхээр төлөвлөж буй улс нь Орос бус харин ч эсрэгээрээ ялзарч буй хөрөнгөтний ардчилсан улсууд гэж тэд хэлдэг. Энэ бол түрэмгийллийг зөвтгөх сайтар туршигдсан, хуучны арга билээ. XIV Луй хаан, Наполеон, II Вильхелм хаан, Хитлер зэрэг хүмүүс хамгийн энх тайвныг эрхэмлэгч үзэлтнүүд байлаа. Тэд гадаад улс орнууд руу өөрсдийгөө хамгаалж байна хэмээн халддаг байв. Люксембург, Дани хоёрын Германд дагуулж байсан аюул Эстони, Латви хоёрын Оросод дагуулж буй аюултай дүйцнэ.

Гадны аюулаас өөрийгөө хамгаалах энэхүү худал шалтаг өндрөө авсан нь cordon sanitaire-ийн домгоос эхтэй. Оростой хаяа нийлэх жижиг улсуудын улс төрийн бие даасан байдал нь Европын ардчилсан улсуудыг коммунизмын халдвар авахаас сэргийлэх гэсэн капиталист бодлого хэмээн уг онол үздэг. Иймээс эдгээр жижиг улсууд тусгаар байх эрхээ алддаг гэх дүгнэлтэд хүрдэг байна. Оростой хөрш улсууд, мөн хөршүүдийнх нь хөрш улсууд коммунист төрөөр удирдуулах ёстой гэж оросууд үзэж байна. Хэрэв дэлхийн томоохон улс орон бүр Оростой адилхан сонирхолтой байсан бол дэлхий юу болж хувирах вэ?

Үнэн гэвэл ямар ч ардчилсан oрны төр засагт өнөөгийн Оросын системийг түлхэн унагаах зорилго үгүй. Тэд Оросод байх тавдугаар цувааныхныг дэмждэггүй, мөн Оросын ард түмнийг удирдагчдынх нь эсрэг турхирдаггүй. Харин оросууд л өдөр шөнийг умартан улс орон бүрт бослого, үймээнийг өдөөдөг.

Иргэний дайнд нэрвэгдсэн Оросын асуудалд Антантын гүрнүүд бараг л оролцоогүй. Германчуудтай үхэх сэхэхээ үзэж байсан Антантын улсуудын хувьд Ленин тухайн цаг үедээ бол хөнөөлт дайсных нь зүгээр л нэг утсан хүүхэлдэй нь байлаа. Людендорф Ленинийг Керенскийн дэглэмийг унагаан Оросыг дайнаас гарга хэмээн нутаг руу нь илгээсэн юм. Большевикууд Франц, Их Британи, АНУ-тай байгуулсан эвсэлээ үргэлжлүүлэхийг хүссэн oрос хүн бүртэй зэвсэгийн хүчээр үзэж байв. Цэрэг дайны өнцгөөс харвал Барууны улсуудын хувьд Орос дахь холбоотнууд нь большевикуудаас өөрсдийгөө чүү чамай хамгаалж байхад төвийг сахих нь боломжгүй явдал байв. Холбоотон улсуудын хувьд Дорнод фронтыг өөрсдөө учраа олог гээд орхисон. Энэ нөхцөлд “цагаан” генералууд хар толгойгоо өөрсдөө хариуцахаас өөр аргагүй болсон.

Германтай хийсэн дайн 1918 онд дөнгөж дуусмагц холбоотон гүрнүүд Оросыг сонирхохоо болив. Дорнодфронтын хэрэг үгүй болов. Тэд Оросын дотоод асуудалд огтхон ч анхаарлаа хандуулаагүй. Холбоотон улсууд мэдээж өөрсдийн үйлдэлдээ санаа зовж байсан боловч энх тайвныг авчрах, дайн тулаанаас холдон дайжих хүсэл нь дийлсэн билээ. Холбоотон гүрнүүдийн генералууд нэгэн зорилгын дор хамт тулалдаж байсан нөхдөө орхиж явахаас нүүр нь улайж байсан. Тухайн генералуудын бодлоор хань нөхдөө хамгийн хүнд хэцүү цаг үед нь хаях нь л хулчгар зангийн илэрхийлэл ажээ. Цэргийнхний энэхүү нэр төрөө боддог явдал нь нүдэнд тороод байхааргүй цэргийн отрядуудаа нутаг руугаа татах болон цагаантнуудад очиж байсан хангамжийг зогсоох хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулсан юм. Энэ бүхэн нэг мөр дуусахад холбоотон улсуудын төрийн толгойд байсан хүмүүсийн санаа нь амарчээ. Чухам энэ цагаас хойш тэд Оростой холбоотой асуудлуудад төвийг сахисан байр сууринаас хандах болсон.

Холбоотон улсууд 1917, 1918 оны цэрэг дайны нөхцөл байдлаас шалтгаалаад Оросын иргэний дайнд дуртай дургүй оролцсон нь дэндүү харамсалтай. Холбоотнуудын Оросын дотоод хэрэгт оролцохоос татгалзсан явдал нь ерөнхийлөгч Вилсоны албаныхаа сүүл үед гаргасан алдаануудынх нь нэг байсан гэдгийг анзааралгүй өнгөрөөж үл болно. АНУ Дэлхийн Нэгдүгээр дайнд “ардчиллыг хамгаалах” гэж оржээ. Тэдний ялалт Кайзерийн дэглэмийг нурааж Германы харьцангуй зөөлөн, хязгаарлагдмал хаант засаглалыг бүгд найрамдах засаглалаар сольсон билээ. Нөгөө талаас тэрхүү ялалт нь Орос дахь хаант төрийн дарангуй засаглалыг хүртэл либерал гэж харуулж чадах дарангуйллын тогтолцоог авчирсан. Гэлээ ч холбоотон гүрнүүд Германыг ардчилсан тогтолцоотой болгох гэж оролдсон шигээ Оросыг ардчилсан улс болгох хүсэлгүй байв. Эцсийн эцэст Кайзерийн Герман улс бусад барууны улс орнуудаас огт ялгаагүй парламенттай, парламентийн өмнө хариуцлага хүлээх сайдуудтай, тангарагтны шүүхтэй, шашин болоод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байсан юм. Харин Зөвлөлт Орост хэмжээгүй эрхт дарангуйлал тогтов.

Америкчууд, францчууд, британчууд чухам энэ өнцгөөс юмсыг харж чадаагүй юм. Герман, Итали, Польш, Унгар болон Балканы орнууд дахь ардчиллын эсрэг хүчнүүд өөрөөр бодож байв. Эдгээр улсууд дахь националистуудын тайлбарлаж байсан шиг Оросын хэрэгт Холбоотны хүчний төвийг сахисан явдал нь тэднийг ардчилалд өгсөн хайр нь хуурамч гэдгийг нотлон харуулж байна. Холбоотнууд Германы чинээлэг байдалд атаархсан учир тэдэнтэй дайтсан агаад Оросын эдийн засгийн хүчин чадлаас нь айгаагүй учир Орос дахь ганц хүний дарангуйллыг хэлтрүүлсэн гэж тэд үзэцгээж байв. Ардчилал нь гэнэн итгэмтгий хүмүүсийг хуурахад тохиромжтой хоосон үгнээс өөр юу ч биш хэмээн тэрхүү националистууд дүгнэв. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг өдөөсөн энэхүү уриа, тунхаг нь эргээд тэдний тусгаар тогтнолын эсрэг ашиглагдах вий гэхээс тэд эмээж байлаа.

Дотоод хэрэгт нь хутгалдахаа нэгэнт больсоноос хойш Орос барууны улсуудаас нэгэнт айхаа болиод байв. Тэд мөн нацистуудын аюулыг ч сүр болгож хүлээж аваагүй. Германд яг юу болоод байгааг хайхраагүй нь баруун Европын улсуудын мөн Америкийн алдаа болсон. Оросууд харин Герман болон нацистуудыг мэдэж байсан юм. Тэд Mein Kampf-ын тухй ойлголттой байв. Хитлер зөвхөн Украйныг эзлэхийг хүсэж байсныг ч бус мөн түүний үндсэн стратегийн үзэл санаа нь Францыг газрын хөрснөөс арчсаныхаа дараа Оросыг эзлэхээр халдана гэдгийг оросууд уг номоос уншаад мэдчихсэн байлаа. Mein Kampf-д нь өгүүлсэн байдагчлан Хитлерийн Их Британи, АНУ хоёр дайнаас хол байж чимээгүйхнээр Францыг өгчихнө гэх бодол нь дэмийрэл хэмээн оросууд гүнээ итгэсэн байлаа. Өөрсдөө төвийг сахисан байр суурьтай байх уг шинэ дэлхийн дайн Германы ялагдлаар дуусна гэдэгт оросууд итгэлтэй байв. Германы ялагдал нь бүх Европ биш юмаа гэхэд Германыг большевик болгож чадна хэмээн тэд үзэж байв. Энэхүү санаанд дулдуйдсан Сталин бүр Ваймарийн бүгд найрамдах улсын цаг үеэс л Германыгнууцаар зэвсэглэж байгааг нь дэмжиж байлаа. Германы коммунистууд нацистуудад Ваймарийн дэглэмийг унагахад нь өөрсдийн бүхий л чадлаараа туслаж байв. Эцэст нь 1939 оны 8 дугаар сард Хитлертэй холбоотон болж түүнд Баруун руу довтлох бололцоог олгосон.

1940 онд Германы арми бараг бололцоогүй гэмээр амжилтанд хүрнэ гэдгийг бусдын л адилаар Сталин тооцоолоогүй. Францын адилаар Их Британи дуусчихсан, мөн Японоос гэнэтийн дайралт авсан АНУ Европын хэрэгт амжилттайгаар оролцоход хүчин мөхөсдөнө гэж бодсоны үндсэн дээр Хитлер Орос руу 1941 онд довтлов.

1918 онд тохиосон Хабсбургийн эзэнт гүрний задрал болоод 1945 онд ирсэн нацистуудын ялагдал нь Европын хаалгыг Орост нээж өгсөн юм. Өнөөдөр Европ тив дэх цорын ганц цэргийн хүч нь Орос болж байна. Харин яагаад оросууд бусдыг эзлэн өөртөө нэгтгэхээр зорьж байна вэ? Тэдэнд тухайн улсуудын байгалийн баялаг мэдээж хэрэггүй. Өөрийнх нь нэр хүндийг Оросын ард түмний дунд өсгөнө гэж үзсэний үндсэн дээр Сталин эзлэн түрэмгийллүүдээ үйлдээгүй. Цэрэг дайны ялгуулсан амжилт олох нь түүний гол зорилго биш.

Сталин өөрийн түрэмгийллийн бодлогоороо Оросын ард түмний бус сэхээтнүүдийнхээ хилэнг дарж байгаа юм. Марксын үзэл санаа дээсэн дөрөөн дээр байвал үүгээр тулгуураа хийсэн Зөвлөлт гүрэн ч мөн адил гэсэн үг.

Диалектик материализмыг марксизмын онолоос салгаад хаячихсан нь Оросын шовинизмыг өдөөсөн гэдгийг Оросын сэхээтнүүд ойлгож чадахааргүй дэндүү харалган байлаа. Тэд Марксын тайлбарлаж байсан шиг тэдний ариун Орос орон нь эдийн засгийн эволюцийн салшгүй үе шатуудын нэгийг алгасаж чадна гэдэгт итгэж байв. Тэд нэг улсад социализм байгуулан бусад улс орнуудад ялгуусан жишээ болж пролетариудын болоод дэлхийн хувьсгалын манлай болж байгаа хэмээн өөрсдөөрөө бахархана. Гэсэн ч тэдэнд бусад улс орнууд яагаад Оросын жишээг давтахгүй байгааг тайлбарлах боломжгүй. Тэд ойлгохгүй. Хүн болгоны эшлэдэг Маркс, Энгэльсийн бичвэрээс тэд Маркс Их Британи, Франц, Германыг иргэншлийн болоод капитализмын эволюцийн хөгжлөөр хамгийн хол явсан хөгжингүй улс орны жишээгээр авсаныг мэднэ. Марксизмаар хүмүүжиж буй эдгээр оюутнууд марксизмын философи, эдийн засгийн засгийн онолыг ойлгоход дэндүү тэнэг байж болох ч Маркс барууны орнуудыг Оросоос хамаагүй хөгжингүй гэж үзэж байсныг мэдэж буй.

Эдийн засгийн бодлого, статистикаар мэргэшиж буй эдгээр оюутнуудын заримд нь капиталист орнуудын ард түмний амьжиргааны түвшин нь өөрийнх нь улсад амьдарч буй хүмүүсийнхээс хамаагүй өндөр байна гэх хар төрнө. Яаж ийм зүйл байж болох вэ? Пролертариудад заавал ч үгүй байх ёстой ангийн ухамсар гэх зүйлийн ямар ч ойлголтгүй АНУ-д нөхцөл байдал яагаад илүү таатай байна вэ?

Хэрэв хамгийн хөгжингүй улс орнууд коммунизмаар замнаагүй, мөн тэдгээр улсууд капиталист системийн дор хөгжин цэцэглэж байвал, хэрэв коммунизм нь Марксын хоцрогдсон, бүдүүлэг гэж тооцож байсан орнуудад л хэрэгжин тухайн улс орныг баян тансаг болгож чадаагүй бол коммунизм нь хөгжилөөр хоцрогдмол улсуудын л авч ашигладаг систем хийгээд улс оронд зөвхөн ядуурлыг л бий болгодог гэх ганц л дүгнэлт үүнээс хийж болно.  Өөрийнх нь эх орон социалист системийг сонгон авсанаас Оросын эх оронч ичих ёстой биш гэж үү?

Социализмын эсрэг бодолтой байх нь дарангуй оронд амьдрах жирийн иргэнд дэндүү аюултай. Өөрийнхөө бодож санаснаа ил хэлж зүрхэлсэн нэгэн ГПУ-ын гарт амь насаа алдана. Бүр үг дуугүй хэсэг нь ч матаасанд орохоосоо болгоомжилж хэлж ярихаа цэгнэнэ. Ард түмэн өөрийн гэсэн бодолтой байна гэдэг төрийн түшмэдүүдийн байтугай аугаа дарангуйлагчийн ч тухыг алдуулна. Дарангуйлагчид мэдээж өөрийнхөө дайсан бүхнээ няц дарах хүч бий. Гэлээ ч эрүүлээр сэтгэгчдээ бүгдийг нь зайлуулвал улс орны удирдлагад тэнэг, мулгуучуудыг л үлдээх эрсдэлтэй тул ингэх нь тэдний хувьд тийм ч зөв зүйтэй алхам бус.

Энэ бол Оросын Марксизмын жинхэнэ хямрал билээ. Дэлхийн хувьсгалыг авчраагүй өдөр бүхэн Оросын байр байдлыг муутгана. Зөвлөлтүүд дэлхийг эзлэх ёстой үгүй бол сэхээтний давхарга нь төрөөсөө урвана. Сталины Оросыг түрэмгийлэл рүү хөтөлж буй зүйл бол Орос орныг чиглүүлж буй идеологи нь юм.

 

Людвиг фон Мизес-ийн Planned Chaos 1961 номоос.

Leave a Reply