Капитализм

capitalism

Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчийн тогтолцоог капитализм, чөлөөт зах зээлийн эдийн засаг, эдийн засгийн либерализм, laissez faire систем гэх зэргээр нэрлэнэ. Энэ бол хувь хүмүүс үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилж үйлдвэрлэл эрхлэх боломжтой, өмчөө бусадтай чөлөөтэй солилцдог эдийн засгийн систем юм. Хувийн өмч гэх ойлголтонд хөдөлмөр ч мөн орно. Капитализмд үйлдвэрлэлийн чиглэлийг хэрэглэгчид өөрсдийн худалдан авах, эс худалдан авах шийдвэрээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, бизнесменүүдэд юу үйлдвэрлэх ёстойг нь хүн бүрийн субъектив үнэлэмжийн объектив биелэл болох зах зээлийн үнэ хэлж өгдөг юм.

Тухайн бараа, үйлчилгээний эрэлт нэмэгдэж үнэ нь өсвөл ашиг хайсан бизнесменүүд илүү их нөөцийг тэрхүү үнэ нь өссөн зүйлийг үйлдвэрлэхэд зориулан нийлүүлэлтийг нь ихэсгэх ба ингэснээр үнэ нь унана. Эрэлт нь буурсан бүтээгдэхүүний хувьд энэ үзэгдэл эсрэгээрээ явагдах буюу нийлүүлэлт нь багасна. Үүнийг “Үнийн механизм”, “Үл үзэгдэгч гар” гэдэг билээ. Зах зээл буюу ашиг, алдагдлын системд хэрэглэгчдийг хүсээд буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нь бусадтай харьцуулахад сайн, хямд нөхцөлөөр хангаснаар аливаа хүн ашиг олно. Ашиг нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж нийтэд тустай үйл хийсний, нөөцийг үр өгөөжтэй, зөв ашиглаж буйн илрэл. Алдагдал эсрэг нь. Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчийн тогтолцоог (капитализм) үйлдвэрлэлийн хэрэгслийн төрийн өмчийн тогтолцооноос (социализм) ялгадаг зүйл нь чухам энэ юм.

Капитализм бол эрх чөлөө, чөлөөт зах зээл, хөдөлмөрийн хуваарилалт, хамтын ажиллагаа ба суурь нь хувийн өмч. Өмчгүйгээр зах зээл, зах зээлгүйгээр сайн дурын үндсэн дээр тогтох хамтын ажиллагаа гэж үгүй. Хувийн өмч хамгаалагдаагүй буюу хэн ч хэнийг ч дээрэмдэх боломжтой нөхцөлд хүн хөдөлмөрлөх сэдэлгүй болно. Хувийн өмчтэй байх эрх нь аюулгүй, баталгаатай байх тусам үйлдвэрлэл нэмэгдэж хүмүүсийн ахуй амьдрал сайжирдаг. Хувийн өмч бол иргэншлийн үндэс.

Харин үйлдвэрлэлийг улам өсгөх, бүтээмжийг дээшлүүлэх арга нь хөдөлмөрийн хуваарилалт билээ. Үйлдвэрлэлийн бүтэц илүү олон салж, хүмүүс аливаа нэг зүйлээр мэргэших нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлдгийг Адам Смитын “Үндэстний баялаг” номонд нь орсон жишээнээс харж болно. Зүү үйлдвэрлэхэд шаардлагатай 18 өөр ажлыг ажилчдад тус тусад нь хуваарилбал 10 ажилчинтай үйлдвэр өдөрт 48000 ширхэг зүү үйлдвэрлэх бол, хөдөлмөрийн хуваарьгүйгээр нэг ажилчин өдөрт нэгийг л хийвэл их юм гэж тэрээр бичиж байв. Хенри Форд 20-р зуунд автомашины үйлдвэрлэлд хувьсгал хийсэн нь мөн л хөдөлмөрийн хуваарьтай холбоотой. Хөдөлмөрийн хуваарилалтыг зөвхөн нэг үйлдвэр дэх хамтын ажиллагаа гэж ойлгох нь өрөөсгөл. Өөрийн хэрэгцээг бусдын хэрэгцээг хангаснаар олж авдаг капиталист систем нь өөрөө хөдөлмөрийн хуваарь болон нийт нийгмийн хамтын ажиллагаа юм.

Эдийн засаг тасралтгүй өсөхөд төрийн оролцоо бага байхаас гадна хадгаламж чухал нөлөөтэй. Хадгаламж нь хөрөнгө оруулалтыг, хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн хэрэгслийг, үйлдвэрлэлийн хэрэгсэл нь хөдөлмөрийн бүтээмжийг, хөдөлмөрийн бүтээмж нь материаллаг баялгийг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлт нь хадгаламж, хэрэглээ нэгэн зэрэг нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг ба мөнгөний худалдан авах чадварыг сайжруулж, зээлийн хүүг бууруулна. Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч улсуудад зээлийн хүү харьцангуй нам байдаг нь эдийн засгийнх нь өсөлтийн үр дагавар болохоос шалтгаан биш.

Mатериаллаг баялгийн өсөлт нь зөвхөн хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлсэн хүмүүст л хамаатай гэж зарим хүмүүсийн боддог нь буруу. Эдийн засгийн өсөлт бүгдэд тустай. Хөдөлмөрийн ахиуц бүтээмж хэмээх энэхүү ойлголтыг тайлбарлахдаа эдийн засагч Людвиг фон Мизес үсчин, үйлчлэгч гэх мэргэжлүүдээр жишээ авсан байдаг. Өнөө цаг үеийн үйлчлэгч 100 жилийн өмнөх үйлчлэгч юу хийдэг байсан түүнийг л хийж буй. Гэсэн ч тэрээр өмнөх үеийн ижил мэргэжилтэй хүмүүсээсээ илүү ихийг эдэлж хэрэглэнэ. Энэ нь түүний гавъяа биш. Капиталын хуримтлалын үр дүн юм.

Капитализмыг шүүмжлэх социалистууд, интервенционистууд эдийн засгийн ухааны мэдлэггүйгээсээ үүдэж зах зээлийн бүтэлгүйтэл, сул тал гэх зэрэг төөрөгдлүүдийг бий болгон нийтэд түгээдэг. Тэдгээрийг доор няцаах болно.

  • Зарим зүйлсийг зах зээл нийлүүлж чаддаггүй гэх аргумент: Эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн амралтын парк зэргийг зах зээл шийдэж хүчрэхгүй, зах зээлийн хууль үйлчилдэггүй гэж үзэх нь бий. Тэрхүү зах зээл нийлүүлж чаддаггүй гэгдэх үйлчилгээнүүдийг татвараар санхүүжүүлнэ. Татварлуулаагүй хүмүүс тэдгээрийг төргүйгээр өөрөө худалдан авчихаж чадах байсан. Татвар гэдэг төр иргэдийн худалдан авах чадварыг нь булааж буй үйлдэл. Гамшгийн үед мөн зах зээлийн хууль хэрэггүй болдог гэх. Байгалийн гамшиг улсын аль нэг хэсэгт тохиовол тэнд нийлүүлэлт багасаж, эрэлт нэмэгдсэн болохоор барааны үнэ өснө. Үнэ өссөн учир бизнесменүүд тийшээгээ нийлүүлэлтээ нэмэгдүүлж, хүмүүст хэрэгтэй зүйлс гар дээр нь очно. Хэрэв үнэ өсөхийг хоригловол гамшиг болсон газар луу нийлүүлэлт хийх сонирхол үгүй болж, золгүй явдалд өртсөн хүмүүст улам гай болох юм. Зах зээлийн хууль зарим зүйлсэд, нөхцөлд үйлчилдэггүй гэж хэлж буй нь эдийн засгийн хуулийн универсаль байдлыг үл зөвшөөрч буй хэрэг билээ.
  • Монополь: Зах зээлийг томоохон компаниуд бүхэлд нь эзэлж монополь бий болгодог гэх ойлголт нийтийн дунд хүчтэй. Жинхэнэ чөлөөт зах зээлд монополь тогтох эсэх нь хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрээс л шалтгаална. Бизнесийг зохицуулах, монопольтой тэмцэхээр зориулагдсан төрийн оролцоонуудаас шалтгаалж монополь удаан хугацаанд тогтох явдал гаардаг болно. Дампуурч буй компанийг хэт том хэмээх шалтгаанаар аврах төрийн татаас нь монополийг дэмжсэн төрийн оролцооны нэг хэлбэр мөн.
  • Өрсөлдөөн: Өрсөлдөөн нь бизнесменийг бүтээгдэхүүнийхээ өртгөө багасгах, чанараа сайжруулах, үнээ хямдруулахад хүргэдэг буюу нийт нийгэмд тустай үйл явц. Дээрхийг хийж чадаагүй нь бизнесээс гарч эдийн засгийн нөөц өөр зүйлд ашиглагддаг. Зах зээл монополь бий болгодог гэж хэлэх интервенционистууд өрсөлдөөнийг ширэнгийн хуультай адилтган буруушаана.
  • Тэгш бус байдал: Зах зээл тэгш бус байдлыг бий болгодог гэдэг. Үнэн. Капитализм бол эрх чөлөө учир эрх чөлөөтэй хүмүүс өөрийн чадвар, сонголтоосоо шалтгаалж тэгш бус байна. Амжилттай яваа бизнесменүүд, урлаг, спортын алдартнууд зэрэг нь нийт нийгмийн дунджаас баян байх хэдий ч чөлөөт зах зээлийн бүтээсэн капиталын хуримтлал чинээлэг дундаж ангийг бүтээнэ. Харин тэгш бус байдлыг үгүй болгоно гэх социалист системд цөөн тооны хүмүүс улс төрийн хэмжээгүй эрх мэдэлтэй байх тул хэзээ ч тэгш байдал тогтохгүй. Социализмд дийлэнх олонх нь ядуу байдгаас үүнийг тэгш байдал гэж хардаг ч угтаа бол тэгш бус байдлын зөрүү хамгийн өндөр нийгэм бол социализм юм. Эрх мэдэлтнүүдийнх нь хөрөнгө, тансаглал капиталист нийгмийн ямар ч бизнесменийхээс давж гарна. Тэгш бус байдлыг арилгах зорилготой интервенционист прогрессив татвар нь хөрөнгө оруулалтыг багасгаж, эдийн засгийг доройтуулна. Чинээлэг тэгш бус байх, ядуу тэгш байхын аль нэгийг нь хүмүүс сонгох ёстой. Чөлөөт нийгмийг устгадаг хамгийн аюултай ойлголт бол тэгш байдал юм.
  • Гуравдагч этгээдэд учруулах сөрөг нөлөө: Зарим үйлдвэр, үйлчилгээ нь бусдыг хохироодог гэх ба жишээнд гол төлөв утаа, дуу чимээ зэрэг орно. Үүнийг өмчийн эрхийн дагуу зохицуулна. Уушийн газрууд тамхи татахыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх нь, мөн үүнээс үүдэж үйлчлүүлэгчид нь нэмэгдэх, хасагдах нь өөрсдийнх нь мэдлийн хэрэг. Дуу чимээ чанга гаргадаг албан байгууллагаас дуу тусгаарлагч хийхийг шаардах ба чадахгүй аваас бусдын амгалан, тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоох ёстой болно. Ерөөс гадны нөлөөнөөс зуун хувь бүрэн ангижрах боломжгүй гэдгийг ойлгох нь чухал. Байгальд учруулдаг хүний аюулын тухайд гэвэл бизнесменүүд бус, социалист улсууд л хамгийн их цар хүрээг хамарсан гамшиг тарьсан байдаг. Аралын тэнгис үүний томоохон жишээнүүдийн нэг билээ.
  • Мэдээллийн дутуу байдал: Хүмүүс өөрсдийнхөө худалдан авч буй бараа, үйлчилгээний бүх орц, эерэг, сөрөг нөлөөг нь судалдаггүй учраас өөрсдөдөө гай тарьдаг, иймээс үүнд төр оролцох ёстой гэж мэтгэнэ. Хүн бүгдийг мэдэх боломжгүйг, хүн өөрөө өөрийгөө мэдэх эрхтэй гэдгийг энэ аргумент үгүйсгэнэ.
  • Ёс суртахууны асуудал: Компаниуд ашгийн төлөө бусдыг хуурдаг, иймээс үүнийг хянах хүнд суртлын аппарат зайлшгүй гэж интервенционистууд үздэг. Урт хугацаанд ашигтай ажиллахыг зорьдог бизнесменүүдийн хувьд хэрэглэгчдээ хохироох нь сонирхол нь биш гэдгийг тэд ойлгодоггүй. Богино хугацааны үр дүнгээс болж бусдыг мэхэлбэл бизнес нь дунд хугацаандаа дампуурах нь тодорхой. Тэрхүү мэхлэгчийн нэр хүнд дахин бизнес хийхэд нь сөргөөр нөлөөлнө. Хуурамчуудыг хэрэглэгчид буюу зах зээл өөрөө шахан гаргадаг юм. Харин төрийн хяналт, шалгалтын газрууд асуудалтай компаниудаас хахууль авч олны нүдэнд эрүүл харагдуулах ажлыг хийх нь олонтаа.
  • Төрийн үгүйсгэл: Капиталист нийгэм дэх төрийн цор ганц үүрэг нь хүний амь нас, хувийн өмчийг хамгаалах. Төр гэдэг дотоодын хулгайч, дээрэмчдээс иргэдийг хамгаалах цагдаа, гадны халдагчдыг зогсоох арми, хүмүүс хоорондын маргааныг шийдэх шүүх. Сонгодог либералууд төрийг бус, эдийн засаг дахь төрийн оролцоонуудыг (үнийн хяналт, бүтээгдэхүүний хяналт, квот, лиценз, татаас, татвар, стандарт, үйлдвэрчний эвлэл, зарим сектор дэх төрийн монополь, мөнгөний нийлүүлэлт) үгүйсгэнэ.
  • Макро эдийн засгийн тогтвортой бус байдал буюу эдийн засгийн мөчлөг: Эдийн засгийн хямрал нь капитализмын төрөлх чанар хэмээн социалистууд, интервенционистууд хэлдэг. Тэдний буруу. Эдийн засгийн уналт нь төр буюу төв банкны эхлүүлсэн зээлийн тэлэлтээс үүддэг. Энэ талаар мэдье гэвэл эдийн засагч Людвиг фон Мизесийн анхлан системчилсэн “Австрийн эдийн засгийн мөчлөгийн онол”-ыг судалбал зохино.

Аж үйлдвэржилтийн үе, Соён гэгээрлийн эриний суурь болсон чөлөөт зах зээлийн тогтолцоо өнөөгийн дэлхий дахины хөгжлийн үндэс. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд 200 хүрэхгүй жилийн дотор дэлхийн эдийн засаг ийм хурдацтай хөгжсөн удаа үгүй. Эдийн засгийн эрх чөлөөг олгодог капитализм л материаллаг баялгийг бий болгоно, арвижуулна. Дайнд сүйрсэн Баруун Герман, иргэний дайнаасаа ч өмнө ядуу байсан Өмнөд Солонгос, байгалийн нөөцөөр юу ч үгүй арал Хонгконг, Их үсрэлтийн бодлогоос шалтгаалж үндэс малтаж, шавхай идэж байсан Хятадыг зах зээлийн эдийн засгийн бодлого л аварсан юм. Германы эдийн засгийн гайхамшиг, Хан мөрний гайхамшиг гэж нэрлэгддэг эдийн засгийн огцом үсрэлтүүд нь ямар нэг нууц хүчнээс шалтгаалсан гайхамшиг биш. Энэ бол сонгодог либерализмын зарчмуудыг дутуу ч атугай баримталсны ач юм. Эдийн засгийн эрх чөлөөгүй цагт өөрөө өөрийгөө мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг эрхүүд байх боломжгүй хийгээд зөвхөн сонгодог либерализмын үзэл санаанууд л улс орны хөгжин цэцэглэлтийн эх билээ.

Х.БИЛГҮҮНБАЯР

Leave a Reply