Гамшиг дагуулсан Их Британийн дээд боловсрол

4557406-6209077-image-a-202_1537958245655

Жеймс Бартоломью

                                                                                                            2015 оны 7-р сарын 25

Баяртай, Янис Варуфакис. Чи Грекийн сангийн сайдын албан тушаалаасаа огцорлоо. Чи Грекийн эдийн засгийг 6 сарын өмнө өсөж байхад нь хүлээж авсан. Өнгөрсөн жилийн өсөлт 0.8%-тай байсан бол, энэ жил урьдчилсан тооцоогоор 3%-иар өсөх байв. Засгийн газар төсвийн илүүдэлтэй, ажилгүйдэл буурч байлаа. Чамайг ирэх хүртэл.

Варуфакис бол Британийн их сургуулиудын бүтээгдэхүүн. Тэрээр Эссексийн их сургуульд эдийн засгийн ухаантай танилцаж, Бирмингемийн их сургуульд математикийн статистик үзэж, буцаж Эссексдээ эдийн засгийн ухааны доктор болов. Британийн их сургуульд сурсныхаа ачаар Грект эргэж ирэхдээ өндөр албан тушаал хаших боломжтой болсон тэрээр засгийн эрхэнд байх богинохон хугацаандаа сэргэж байсан эдийн засгийг үгүй хийв. Грекийн эдийн засаг энэ жил 4%-иар унах таамагтай байна. Гайхалтай өөрчлөлт. Грекийн зээлийн дарамт хэдэн арван тэрбумаар нэмэгдсэн бөгөөд олон хүн цагаачилжээ.

Гэвч Варуфакис ганцаараа биш. Манай их сургуулиудад суралцагсдын олонх нь эндхийн үзэл суртлын нөлөөнд автдаг ба тэд тус тусынхаа улсын эдийн засгийг сүйрүүлсэн жишээ тоймгүй.

Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неруг нийтээрээ баатар хэмээн үздэг. Гэсэн ч Энэтхэг улсын хувьд харамсалтай нь тэрээр Кембрижийн их сургуульд сурсан юм. Социалист Жорж Бернард Шо, дэлхийд коммунизм тогтох зайлшгүй шаардлага бий гэж нэгэнтээ хэлж байсан Бертранд Рассел, Жон Мейнард Кейнс зэрэг британи сэхээтнүүд түүнд нөлөөлсөн байна. Неру Энэтхэгтээ буцаж ирэн төвлөрсөн төлөвлөгөө, хяналт, зохицуулалтын идеологио практик дээр хэрэгжүүлэв. Энэ нь жинхэнэ гамшиг байлаа. Түүний удирдлага дор дэлхийн худалдаанд эзлэх Энэтхэгийн хувь буурч, бүхэл бүтэн нэг үе ядуурлаас гарч чадсангүй. Неругийн идеологийг 1980-аад онд чөлөөт зах зээлийн реформоор халахад л Энэтхэгийн эдийн засаг өсөж, ядуурал буурч эхэлсэн юм.

20-р зууны хамгийн этгээд удирдагчдын нэг нь өөрийн арвич, шударга зангаараа танигдсан Танзанийн ерөнхийлөгч Жулиус Ньерере байв. Энэ тал дээр нь Ньеререг хүндэлж болох ч Эдинбургийн их сургуульд эдийн засаг болон түүхийн ухаанд суралцсан нь улсынх нь хувьд золгүй явдал болжээ (Гордон Брауны сурсан сургууль). Зүүний үзэлтэй багш нараар хүрээлүүлсэн түүнд “Фабианы сэтгэлгээ”-г (Британийн ардчилсан социалист нийгэмлэг. Орч) суулгасан газар нь их сургууль нь аж. Тэндээс олсон туршлага нь данхайсан хүнд суртал, хомсдол, өрөвдмөөр нам өсөлтийг Танзанид өгөх ёстой байж.

Ньерере мөн Форт Харегийн их сургуульд сурсан юм. Энэ бол Өмнөд Африк дахь Британийн империалистуудын үүсгэн байгуулсан Африкийн британи бусчуудад зориулагдсан их сургууль. Хар тивд зүүн жигүүрийн үзлийг хөгжүүлсэн Африкийн удирдагчдыг тэнд бэлтгэв. Зимбабвегийн эдийн засгийг сүйтгэсэн Роберт Мугабе тэдний нэг нь.

Дэлхий даяар эдийн засгийн уналтыг түгээсэн шившгийн эзэн нь Британийн их сургуулиуд мөн боловч голлох байр суурийг Лондоны эдийн засгийн сургууль эзэлнэ. Тусгаар тогтносон Кенийн анхны ерөнхий сайд Жомо Кеняатта тэнд сурч байлаа. Түүний удирдлага дор Кенийн эдийн засаг Африкийн хамгийн муу нь байгаагүй нь үнэн авч авилгад автсан төрийн секторууд, импортыг орлуулах оролдлогууд нь гамшиг тарьсан бөгөөд иймийн учир нэг хүнд ногдох ДНБ нь бага, зарим жилд хасахтай гарч байв.

Ганын анхны ерөнхий сайд Кваме Нкрума ч бас Лондоны эдийн засгийн сургууль, Лондоны их сургуулийг дүүргэжээ. Гэхдээ тэрээр үүнээс аль эрт Пеннсилвани дахь Линкольны их сургуульд радикалжсан байх магадлалтай. Социалист суртал ухуулгад гүн автсан Нкрума Ганадаа ирж бүгдийг төрийн өмч болгох “албадан аж үйлдвэржилтийг” эхлүүлэн, 10 жилийн төлөвлөгөө гэгчийг баталсан байна. Үр дүн нь хэдэн арван дамнасан бага өсөлт, авилга, их хэмжээний өр.

Эдийн засгийг сүйрүүлдэг боловсрол олгох тал дээр Америк ч мөн ижил. Пьер Трюдо марксизмтай анх Харвардад танилцсан ба докторын зэрэг авах гэж Лондоны эдийн засгийн сургуульд очив. Трюдо докторын зэргээ дуусгаж чадаагүй ч түүнд Лондоны эдийн засгийн сургууль зүүний эдийн засгийн ухааны бүтэн курс оржээ. Түүнийг засаглаж байхад Канад улсын инфляци, ажилгүйдлийн түвшин, үндэсний өр нь бүгд өсөж, цалин болон үнийн хяналтын арга хэмжээнүүд нэвтрэв.

Пакистаны ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Зулфикар Али Бутто Калифорнийн их сургууль болон Оксфордын их сургуульд суралцсан аж. Аль сургууль нь түүнд стейтист (Нийгэм, эдийн засгийн явдалд төрийн оролцоог дэмжих үзэл. Орч) эдийн засгийн ухааныг илүүтэй заав гэдэг нь тодорхой бус. Гэвч Бутто эрх мэдэлд хүрмэгцээ “социализм бол манай эдийн засаг” гэж тунхаглан гурил, будаа, хөвөн, банк, ган, цемент, химийн үйлдвэрүүдийг нийгэмчилсэн юм. Эдийн засгийн өсөлт нь буурсаар 1.3% дээр мөлхөж байлаа.

Манай их сургуулиудын ихэнх багш нар гадаадаас ирсэн оюутнуудынхаа тархинд хөнөөлт санаануудыг суулгадаг боловч бусад орнуудад учруулсан зовлонгоо биеэрээ мэдэрдэггүй. Нэгэн баатарлаг хэрнээ эмгэнэлтэй онцгой тохиолдол бол Дорно дахин, Африк судлалын сургуулийн багш, коммунист Малкольм Колдуэлл юм. Пол Пот болон түүний цуст дэглэмийн шүтэн бишрэгч байсан тэрээр шүтээнтэйгээ биечлэн уулзахаар явсан бөгөөд түүнтэй ярилцлага хийсэн өдрөө алуулсан билээ.

Британийн сургуулиуд гадаадад зовлон, гуйранчлал л авчирдаг гэх дүрмээс гажсан тохиолдол бий юу? Бий. Тэд бол заалгасныхаа эсрэг зогссон хүмүүс. Сингапурын амжилт нь Кембрижийн Фицуильям коллежид явсан Ли Куан Югийн гавъяа. Түүний эдийн засгийн багш Го Кенг Сви Лондоны эдийн засгийн сургуулийг мөн төгсжээ. Тэд нэгэн цагт социалист сэтгэлгээнд автсан байсныг Харолд Вилсоны “Ли бол манайхны нэг” гэж хэлж байснаас нь харж болно. Гэвч Ли, Го хоёр Британийн сэхээтнүүдийн савраас гармагцаа өөрсдийн оюунаараа бодож чадсан бөгөөд бодит ертөнцөд юмс тэс өөрөөр өрнөдгийг ажиглав. Британичуудын өөрсдөд нь өвлүүлсэн социализмаас ангижирсан тэд дэлхий дээрх хамгийн амжилттай эдийн засгуудын нэгийг бүтээсэн юм. Олдвичийн ойролцоох амралтын өрөөндөө тухлах кардиган цамц өмссөн их сургуулийн багш нар Лий, Го хоёрын өөрсдөөс нь зам салсан явдалд харамсан толгойгоо сэгсэрч байгааг нь төсөөлөхөд бэрх биш.

Грекийн талаарх яриандаа эргэн оръё. Варуфакис явчихсан юм чинь байдал сайжрах байх гэж зарим хүн бодож болно. Харамсалтай нь түүнийг орлохоор томилогдсон Эвклид Цакалотос нь Оксфордын Хатан хааны коллежийн төгсөгч, нео-марксист нэгэн. Цакалотос өөрийн докторын ажлаа Польш дахь сталинч аппаратчик явсан хүний удирдлага дор хийжээ. Хүн төрөлхтөнд учруулах британичуудын гай дуусах яагаа ч үгүй байна.

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply