Ардчилал бол олонхын дарангуйлал

Democracy-ENG

Энэ бичвэр нь 20 хэлээр уншиж, 8 хэлээр ярьж чаддаг байсан Австрийн улс төрийн шинжлэх ухаанч Эрик фон Кюнельт-Леддиний “Лефтизм” хэмээх зүүний үзлийн түүхийг харуулсан, зүүний үзлийг бут ниргэсэн номынх ньхэсгүүд юм. Түүнийг “Мэдлэгийн явдаг ном” (A Walking Book of Knowledge) гэдэг байжээ.

Ардчилал болон тоталитаризм нь нэг нэгнээ үгүйсгэсэн тусдаа ойлголтууд биш. Профессор Ж.Л. Талмон Францын хувьсгалын талаарх өөрийнхөө номыг “Тоталитари ардчиллын эх үүсэл” гэж тун зөв нэрлэж байв. 18-р зуунаас эхлэлтэй өнөөг хүртэл эрх чөлөөнд заналхийлсээр буй измүүд өөрсдийгөө “ардчилсан” гэж нэрлэж байсан нь зүгээр нэг тохиолдол биш. Ардчилал бол “ард түмний засаглал” гэдэг хэлц нь хүмүүсийг төөрөгдүүлсэн үг. Ардчилалд олонх нь цөөнхөө засаглана. Эндээс эрх чөлөө бол ардчилалтай ямар ч холбоогүй ойлголт гэдгийг харж болно. 51 хувь нь 49 хувиа, 99 хувь нь 1 хувиа дарангуйлах нь хэдий харуусмаар зүйл боловч ардчилал юм. Олонх, цөөнх хэмээх ойлголтуудыг зөвхөн ардчилал л улс төрийн абсолют бодит байдал болгосон гэдгийг толгойндоо сайтар хийх хэрэгтэй. Ард түмэн бүх нийтээрээ захирагч байна гэж хэзээ ч үгүй. Олонх өөрсдийн төлөөллөөрөө дамжуулж засаглана. Сонгуульд ялсан олонх цөөнхдөө зөөлөн, аядуу хандаж байвал энэ нь ардчилсан зарчмын үүднээс бус хүлцэн тэвчихүйн үүднээс гаргаж буй үйлдэл юм. Энэхүү хүлцэн тэвчихүй нь идеологийн хувьд системчлэгдсэн үед л бид либерализмын талаар жинхэнэ утгаар нь ярьж болно…

Өөрийнхөө туршлага, мэдлэгээр тодорхой хэмжээнд бахархдаг гарамгай хүмүүс хүн бүрийн мэдлэгийн түвшин өөр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг, үнэнийг хэрэгсдэггүй, чанараас илүүтэй тоо болон биологийн насны талд зогсдог “ардчилал”-ыг таашаадаггүй байх нь олонтаа. Засаглалын энэхүү системд саналыг жигнэдэггүй харин тоолдог. Үүнийг 2000 гаран жилийн өмнө Аристотель сайтар ажигласан байв. Угтаа ардчилалд итгэж байсан эсвэл итгэдэг арваас дээш тооны алдартай сэтгэгчийг Европоос олох хэцүү. Үнэнийг хэлэхэд миний санаанд Бергсон, Маритайн хоёрын нэр л бууж байна. Маритайн 40 эргэм насандаа ардчилсан бүлэгт элсэж байв. Түүнээс өмнө тэрээр Action Française-д (Хаант засгийг дэмжигч хөдөлгөөн) хангалттай ойр байсан юм. Бергсоныг дурдсан шалтгаан нь түүний философийн ажлуудынх нь нэгэнд нь ардчиллыг дэмжсэн мөртүүд олдсонд байгаа юм. Гэлээ ч гэсэн тэрээр зөвхөн философич л байсан бөгөөд улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн биш. Ардчиллыг дэмждэг утга зохиолын агуу авъяастнуудын нэрсийг агуулсан урт жагсаалт гаргаж болно. ЗХУ-д найрсаг үг зориулж байсан Томас Манн бол нэг жишээ. Гэсэн ч утга зохиолынхон бол олон нийтэд зориулж бичдэг хүмүүс. Тэд бол эхний ээлжинд уран бүтээлчид, системээр нь боддог сэтгэгчид биш…

Өрнийн жинхэнэ ардчилсан сонгууль болон Дорнод явагддаг бүх нийтийн санал асуулга гэх хошин шогийн аль алинд нь “нэг хүн-нэг санал” хэмээх зарчмыг барина. Сонгогчийн мэдлэг, туршлага, гавъяа, нийгэм дэх нэр хүнд, хүйс, хөрөнгө, татвар, цэргийн бүртгэл зэрэг нь ямар ч хамаагүй. Цорын ганц чухалд тооцогдох зүйл нь нас. Сонгогч 18, 21, 24 гэх мэт насанд хүрсэн байх ёстой бөгөөд мэдээж амьд байх хэрэгтэй. Бичиг үсэгт хагас тайлагдсан 21 настай янхан болон нэг гараа дайнд алдсан, өнөр гэр бүлийг авч явдаг, их хэмжээний татвар төлдөг, улс төрийн асуудлуудын талаар зөв ойлголттой бөгөөд үүндээ тулгуурлаж саналаа өгдөг 65 настай улс төрийн шинжлэх ухааны профессор улс төрийн хувьд ижил эрхтэй иргэд. Гэхдээ 20 настай улс төрийн шинжлэх ухааны оюутантай харьцуулахад жишээнд авагдаж буй манай эелдэг янхан маань түүнээс хамаагүй дээр сонгогч юм.

Эрик фон Кюнельт-Леддин

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Leave a Reply